Б.Нямсүрэн
Нар, хур тэгширсэн энэ цаг дор Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна. Энэ удаагийн наадмын нээлтийн найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажилласан билээ. “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор ''Монгол оршихуйн Итгэл Үнэмшил''-ийг байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археологийн олдворууд илэрхийллээ. Мөн 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэсэн байв. Тэгвэл мэргэжлийн урлагийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, 21 аймгийн өвлөн уламжлагч нарын хамтарсан 1500 гаруй уран бүтээлч оролцсон юм.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэнэт хүмүүний гурамсан их баяр, монгол төрийн ой санамж, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, эртний түүхтэй, эвийн хүчтэй монголчууд бидний оюун санаа, оршин тогтнохуйн дархлаа билээ. Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн Есөн хөлт Цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наран уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, дэлхийд хосгүй монгол наадмаа ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Наадамчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Улсын аварга Балжинням “Байгаль дэлхий нар, хураа хайрласан сайхан өдөр Монгол төрийн наадам маань тохиож байна. Нээлтийн үйл ажиллагаа их таалагдсан шүү. Уран бүтээлчид нь цаг зав гаргаж ажилласан нь ажиглагдлаа. Миний хувьд төрийн баяр наадмаа 1980 оноос хойш жил бүр үзжээ. Үүнээс 34 жилд нь зүлэг ногоон дэвжээндээ хүч үзсэн. Хөдөлмөрлөж аварга цол хүртсэн хувь заяандаа талархаж явдаг. Бөхчүүдийн бэлтгэл ханасан, өнгөтэй байгаа нь догдлолтой байна. Тэднийг хараад гарч барилдмаар санагдлаа. Хэн илүү хөдөлмөрлөж, зориг гаргаж, тэвчээртэй барилдана түүнийг наадмын дэвжээ ивээдэг жамтай. Наадмыг морь, бөх, сур харваагүйгээр төсөөлөхийн аргагүй” гэсэн юм.
Н.Мөнхтуяа “Би наадмаа олон жилийн дараа үзэж байна. Өөр улсад амьдарч байгаад эх орондоо ирсэн. Мартахын аргагүй зохион байгуулалт сайтай наадам болж байна. Өмнөх наадмуудаар нээлтээ зурагтаар үздэг. Дэргэдээс нь үзэх өөр мэдрэмж төрүүлдэг болохыг ойлгож авлаа. Монголчууд бид ямар сайхан өв соёл, зан заншилтай юм, агуу түүхтэй эх орондоо төрж, өссөнөөрөө бахархлаа. Уран бүтээлчдийн чансаа харагдсан найруулга сайтай нээлт болсныг онцолъё. Монгол түмэн минь сайхан наадаарай” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Аймгийн начин Г.Алтанбагана “Наадмын нээлт шинэлэг боллоо. Түмэн олон минь баяр баясал дүүрэн нээлтээ үзэж, сонирхож байгаа нь анзаарагдсан. Төрийн наадамд зодоглож, хийморио сэргээнэ. Би сүүлийн таван жил улсын наадамдаа барилдлаа. Өмнө жил хоёрын даваанд өвдөг шороодсон. Анх удаагаа гэр бүлээрээ наадам үзэж байна. Миний хувьд тамирчин учраас байнгын бэлтгэл сургуулилттай, тэмцээн уралдаанд яваад зав багатай. Харин энэ жил халуун ам бүлээрээ мартагдашгүй дурсамжийг бүтээж явна даа” гэв.
Аймгийн гоц мэргэн Т.Лхагвадулам “Монгол орны хоймор нутаг буюу Хөвсгөл аймгаас хүрэлцэн ирсэн. Өмнө шагайн харваагаар улсын наадамдаа оролцож байсан удаатай. Гэхдээ нээлтийг дэргэдээс нь үзэж байгаагүй. Бүрэн хэмжээний урлагийн тоглолт үзсэн мэт сэтгэл дүүрлээ. Монгол түмэндээ болон нутгийн зон олондоо баяр наадмын мэнд дэвшүүлье” гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn