Эдийн засгийн форумаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх дөрвөн жилд Засгийн газар төрийн бүтцийг дахин инженерчилнэ, эрчим хүчний үнийг чөлөөлнө, гэр хорооллыг орон сууцжуулахын тулд хэсэгчилсэн дэд бүтэц байгуулна гэдгээ илэрхийлсэн тэрээр “Нүүрсийг дахин боловсруулна. ДНБ сүүлийн гурван жилийн турш 1000 ам.доллараар өссөн. Энэ өсөлтийг хэвээр хадгална.Төрийн байгууллагууд илүү шуурхай, илүү мэргэжлийн ажилладаг болоход анхаарна. Бодлогын тогтворгүй байдлыг хална. Хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарна. УИХ-д суудал авсан бүх намын мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын ажлын төлөвлөгөөнд багтаана” гэж байв. Эдийн засгийн чуулганы эхний хуралдаанд яагаад эвслийн Засгийн газар байгуулах шийдвэр гаргаснаа намын дарга нар тайлбарлав.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Цаашид Монголд мөнхийн эвслийн Засгийн газартай байна. Учир нь ардчилсан орнууд сонгуулиа мажоритар тогтолцоогоор явуулахаа больж байна. Олонх болоогүй намуудад өгсөн сонгогчдын санал гээгддэг нь энэ системийн сул тал юм. Герман, Шинэ Зеланд гэх мэт хамтарсан Засгийн газартай орнуудын олон жишээ бий. Нэг жилийн дараа Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улсуудын жагсаалтад орсон байна.
АН-ын дарга Л.Гантөмөр: Монгол аж үйлдвэржсэн орон болох ёстой.“Оюу толгой”-н төслийг хамтарсан Засгийн газар эхлүүлсэн туршлага, түүх бий. Иймд намууд чаддаг, чаддагаа хийе, том төслүүдээ хөдөлгөе. Одоо бидэнд маргах зав байхгүй. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, татварыг бууруулна. Эдийн засгийн орчин эрүүлжих ёстой. Зэсийн боловсруулалтад анхаарна. Хөгжлийн банк Экзим банкны жишгээр ажиллах ёстой. Төр бол маш муухай, авлигажсан гэх ойлголт иргэдэд түгээмэл байгааг залруулна, өөрчилнө.
ХҮН намын дарга Т.Доржханд: Эдийн засгийн тогтвортой байдал чухал байна. Үүнийг улс төрийн тогтвортой байдлаар хангана. Бид хөрөнгө оруулалт татах шаардлага бий. Цаашид хамтран Засгийн газраа байгуулдаг соёл манай улсад тогтоно. Манай улсад нэг хүнд ногдох ДНБ 8000 ам долларт хүрвэл популизм байхгүй болно. 10 мянган ам.долларт хүрчихвэл бид хөгжлийн тухай ярих боломжтой болно.
Эх сурвалж: www.zms.mn