Монголын эдийн засгийн чуулган 14 дэх удаагаа “Өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia” уриан дор Төрийн ордноо зохион байгуулагдлаа. Энэ үеэр “Шинэ хоршоо, хөдөөгийн хөгжил” сэдэвт хурал болсон юм. Засгийн газар хоёр сарын өмнө хууль баталж, уламжлалт мал аж ахуйг дэмжихийн тулд хоршоодод маш бага хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ ажлын явцыг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг танилцуулав. Тэрээр “Сүүлийн хоёр сарын хугацаанд 47 мянган малчин хоршоонд нэгдэж, 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Хоршоод тал талд ажилладаг байсныг сум бүрд төвлөрүүлэх эхлэл тавигдлаа. ХХААХҮЯ махны экспортын квотыг хүчингүй болгосноор махны экспорт 5 дахин нэмэгдлээ. Үүнд аж ахуйн нэгжүүдийн хувь нэмэр ч бий. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” хөтөлбөр хэрэгжиж байна. Ингэснээр хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилд нийт 8.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулна” гэсэн юм.
“Хүнсний хувьсгал” хөтөлбөрөөр 19 нэр төрлийн 56 хүнсний бүтээгдэхүүнийг дотоод үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна. Хоршоодод Төрийн банк, ХААН банк гэх мэт долоон банк зээл олгож байна. Төрийн банкны Тэргүүн дэд захирал Д.Сугар “Бид 1758 хоршооны 5600 малчинд 200 тэрбум төгрөгийн зээл олгосон. Малчдад төслөө бичиж сурахад нь туслах хэрэгтэй. Өөр хүний бичсэн төслийг хэрэгжүүлэх нь утгагүй юм. Цаашид малчид бичиг баримт боловсруулахад суралцах шаардлагатай. Тэдний санхүүгийн боловсролыг нэмэх шаардлага байна. Хоршоо олон гишүүдээс бүрдэх байгууллага. Гэтэл зээл авсан нэг хоршоо бүх ажлаа нягтландаа даатгачихсан байсан. Иймд зээл авсан хоршоодын үйл ажиллагааг ХХААХҮЯ, Зээлийн батлан даалтын сан хамтран хянах шаардлагатай. Хоршоод авсан зээлээ Ланд 200, приус болгох вий гэж санаа зовж байна. Учир нь манай улсад авто машины импорт ихээхэн өсөж байна. Бизнес эрхлэгчид овоо хэдэн төгрөг олохоороо л үнэтэй машин авчихдаг” гэв.
ХХААХҮЯ цаашид бог малын тоог бууруулах, тэмээ, үхрийн тоо толгойг өсгөх бодлого баримталж байна. Мөн бүс бүрд харилцан адилгүй татвар ногдуулдаг болох талаар УИХ-ын гишүүн М.Ганхүлэг хэлсэн юм.
Эх сурвалж: www.zms.mn