Эдийн засгийн форумаас УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц мэдээлэл өгч байна. Тэрбээр Улаанбаатар хотын нийтийн тээврийг олон сонголттой, хүртээмжтэй байдлаар хөгжүүлэх ёстойг онцоллоо.
Тэрээр, Хот байгуулалтын салбар удаан хугацаа шаарддаг. Тэгэхээр шуурхай шийдэл гэхээс илүү оновчтой шийдлийн талаар ярих нь зүйтэй. Нэгдүгээрт, Монголын хот төлөвлөлтийн тогтолцоо гажуудаад байна. Өөрөөр хэлбэл хэтэрхий олон дээрээс доош чиглэсэн захиргаадалтын төлөвлөлтийн тогтолцоотой.
Тэгэхээр доороос дээш чиглэсэн буюу иргэдийн оролцоо, тэдний саналыг тусгаж, ямар асуудал тулгараад байгааг хэлэлцэж, түүнд тохирсон хот байгуулалтын төлөвлөлтийг хийх хэрэгтэй.
Зарим хороонд автобусны буудал, хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг байдаггүй. Бодлогын том бичиг баримтууд хийгддэг, гэхдээ хэрэгжүүлэх бичиг баримт буюу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийгэм, эдийн засаг, сургууль, цэцэрлэг гэх мэт дэд бүтцүүдийг тусгаж, ногоон байгууламж зэргийг шийдвэрлэх шаардлагатай.
Улаанбаатарыг 14 хот болгож хувааж буйн гол зорилго нь хороо, дүүргүүд дээр буй давхардсан асуудлыг шийдэх. Ингэснээр иргэд хотын даргаа өөрсдөө сонгодог болох боломжтой. Өөрсдийн амьдрал дээр тулж буй асуудлыг шийдүүлэх боломжтой болж байна гэсэн үг юм.
Түгжрэлийн асуудлыг шийдэхэд олон сонголттой, хүртээмжтэй нийтийн тээврийн системийг хөгжүүлэх шаардлагатай. Эхний ээлжид метроны шугамыг байгуулж, шийдвэрлэнэ. 2040-2050 он гэхэд Улаанбаатарын хүн амын тоо өсөхөд 2,3 дахь их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл шаардлагатай. Тухайн үед хоёр дахь метроны шугамын сүлжээг ашиглалтад оруулна гэх мэтчилэн төлөвлөлтийг одооноос хийгээд явах шаардлагатай гэж харж байна гэв.
Эх сурвалж: www.zms.mn