Олон улсын банкуудын төлөөлөл санхүү, мөнгөний шинэ сорилтуудыг хэлэлцэж байна. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоор Монголбанкнаас “Орчин цагийн төв банк: Сорилт ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын хурал зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх хуралд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүндэт профессорууд, өндөр түвшний бодлого боловсруулагч нар хуран цугларч, Төв банкны цаашдын хөгжлийн чиг хандлага, дэлхийн эдийн засаг болон бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн сорилтуудын талаар хэлэлцэж байна. Эхний өдрийн хурлаар мөнгөний бодлогод тулгарч буй сорилтууд, ялангуяа байгалийн баялаг ихтэй улсууд дахь гол сорилтууд болон санхүүгийн салбарын зохицуулалтыг хэлэлцэнэ. Тухайлбал, байнгын өөрчлөгдөж буй макро эдийн засгийн орчин нь мөнгөний бодлогод шинэ сорилтуудыг бий болгохын зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах ач холбогдлыг нэмэгдүүлж байна.
Харин өнөөдрийн хурлаар санхүүгийн системийг ногооруулах болон Төв банкны цахим мөнгөний талаар хэлэлцэнэ. Тухайлбал, хурлын дөрөв дэх хэсгийн гол сэдэв нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжихүйц санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх тухайд чиглэнэ. Харин хурлын сүүлийн хэсэгт Төв банкны цахим мөнгөний ач холбогдол, болзошгүй эрсдэлийн тухай болон дэвшилтэт технологитой холбоотойгоор төлбөр тооцооны систем хэрхэн өөрчлөгдөж буй талаар хэлэлцэж байна.
Олон улсын хуралд Хонгконгийн Төв банкны ерөнхийлөгч Эди Ю, Шри Ланка улсын Төв банкны ерөнхийлөгч Нандалал Верасингхэ, БНСУ-ын Төв банкны дэд ерөнхийлөгч Жае Вон Ли болон олон улсын санхүүгийн байгууллагуудын бүс хариуцсан захирлууд оролцож буйгаар онцлог, өргөн цар хүрээний төлөөллийг хамарч байна.
Эх сурвалж: www.zms.mn