Монгол Улсын тогтвортой санхүүгийн зах зээлийг дэмжих, ажлын байр бий болгохын зэрэгцээ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ОУСК-аас Монгол Улсад анх удаа хамгийн том арилжааны банк болох ХААН Банкны гаргаж буй нийгмийн бондод 100 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалтыг хийж байгаа талаараа өнөөдөр /2024 07 09/ мэдээллээ.
Бондын нийт дүн нь 130 сая ам. доллар хүртэл байх бөгөөд үүнээс 30 сая ам. долларыг боломжит бусад хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлэх юм. Энэхүү гурван жилийн хугацаатай нийгмийн бонд нь Олон улсын хөрөнгийн зах зээлийн холбоо (ICMA)-ны Нийгмийн бондын зарчмуудыг мөрдөнө. ОУСК-ийн зүгээс ХААН Банкинд нийгмийн бондын хүрээг боловсруулахад туслалцаа үзүүлсэн бөгөөд үүнийг хөндлөнгийн дүгнэлтээр баталгаажуулжээ. Бондын хөрөнгийг эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, нэн шаардлагатай дэд бүтэц, орон сууцны төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг компаниудын дийлэнх хэсгийг эзэлдэг эмэгтэй эзэнтэй, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бичил, жижиг, дунд үйлдвэрүүд (БЖДҮ)-ийг хөгжүүлэхэд чиглэнэ.
Хэдийгээр БЖДҮ-үүд нь Монгол Улсын нийт ажиллах хүчний 72 хувийг хамарч, ДНБ-ний 17.8 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч, санхүүжилтийн асуудалтай тулгарсаар байна. Дэлхийн банкны аж ахуйн нэгжийн судалгаа (2019)-нд мэдээлснээр судалгаанд хамрагдсан Монгол компаниудын 31 хувь нь зээлийн бүрэн хязгаарлалтад орсон байгаа нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн бусад орнуудын дунджаас өндөр байна. Үүний хариуд Монгол Улсын Засгийн газар БЖДҮ-ийг бэхжүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин өндөр, хөдөлмөрийн оролцоо доогуур байгаа энэ нөхцөлд ажлын байрыг олноор бий болгож тогтвортой өсөлтийг хангах, уул уурхайн хамаарлыг багасган, эдийн засгийг төрөлжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Монгол Улс 2023 онд тогтвортой хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ)-уудын Санхүүжилтийн таксономийг боловсруулж, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд, боловсрол, соёл, хямд төсөр суурь дэд бүтэц зэрэг дөрвөн салбарыг нийгмийн санхүүжилтийн ангилалд нэмсэн. 2030 он гэхэд ТХЗ-уудад хүрэхийн тулд Монгол Улсад нэмэлт 43 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж сүүлийн тайланд тооцоолсон байна[1]. Нийгмийн бонд бол энэхүү ТХЗ-ын Санхүүжилтийн таксономийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улсад гаргаж буй анхны үнэт цаас юм.
“Бид бүхэн Монгол Улсаас анхлан Нийгмийн бонд гаргаснаар цаашид нийгэмд эерэг өөрчлөлт, үр ашгийг бий болгох чухал ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тусгайлан дэмжинэ. Ингэснээрээ улсынхаа хамгийн том банкны хувьд зорилтот салбарын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих замаар эерэг үр нөлөөг бий болгоход үлгэр жишээ үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р. Мөнхтуяа онцоллоо.
ОУСК нь ХААН Банкны 2023 онд гаргасан Монголын анхны ногоон бондод хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд, үүний хүрээнд хүрээнд уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилт бүхий зөвлөх үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллаж байна. Түүнчлэн, ОУСК-аас ЖДҮ-ийг дэмжих зорилгоор Хаан банкинд 130 сая ам.долларын зээлийг мөн олгож байсан билээ.
“ОУСК нь нийгмийн үнэт цаас анхлан гаргагчдын нэг төдийгүй ийм санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх чиглэлээр тэргүүлэгчийн хувьд ХААН Банкийг анх удаа Нийгмийн бонд гаргахад нь шаардлагатай дэмжлэг үзүүлж ажилласандаа баяртай байна. Энэхүү хөрөнгө оруулалтаар дамжуулан ОУСК нь зах зээлийн тэргүүлэгч тоглогч ХААН Банканд шаардлага хангасан нийгмийн төслүүдэд санхүүжилт татах боломж олгохын зэрэгцээ цаашид Нийгмийн бонд нь Монголын хөрөнгийн зах зээлд урт хугацаат санхүүжилтийн шинэ төрөл болон бэхжих суурийг эхлүүлж байна” гэж ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов цохон тэмдэглэлээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд ОУСК нь Монгол Улсад тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэхэд тогтмол дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, арилжааны банкуудад тавигдах байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шаардлагуудыг боловсруулж, нэвтрүүлэхэд тусалснаас гадна Япон улсын засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсын Ногоон бондын зохицуулалт, удирдамжийн баримт бичгийг боловсруулахад туслалцаа үзүүлж, дотоодын зах зээлд ногоон бонд гаргах боломжийг нээжээ.
ОУСК нь анх 2017 онд Нийгмийн бондын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 8 тэрбум гаруй ам.долларын 92 нийгмийн бондыг, 14 төрлийн валютаар дамжуулан гаргажээ.
ОУСК-ийн тухай
Дэлхийн Банк Грүпийн гишүүн ОУСК нь шинэ зах зээл дэх хувийн хэвшилтэй ажилладаг дэлхийн томоохон хөгжлийн төлөөх байгууллага юм. Бид дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хөгжиж буй орнуудад шинэ зах зээл, боломжуудыг бий болгохын төлөө өөрийн хөрөнгө, туршлага, нөлөөллөө зориулдаг билээ. 2023 оны санхүүгийн жилд ОУСК-аас хөгжиж буй орнуудыг хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудад 43.7 тэрбум ам. долларын туслалцааг үзүүлсэн бөгөөд дэлхийн хэмжээний томоохон гамшигийн үр нөлөөлөлтэй тэмцэж байгаа энэ үед ядууралтай тэмцэх, өсөлт хөгжлийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийг үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ. Нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол www.ifc.org-оос аваарай.