Д.ЦЭРЭННАДМИД
Наадам бүр хаяанд ирэв. Их эрээн асрын үүд дэлгэгдчихээд байна.
Саяхан л юм шиг. Нэгэн жилийн наадам тарах үед “Хойтон жилийн наадам хол байна даа” гэж санаашрангуй бодол төрж байсан санагдана.
Тэгсэн нэг мэдэхэд хүлэг морьдын туурай хөндий талыг цочоож хааяагүй тар, сунгаа болж эрхий мэргэчүүл хөвчит нумаа эвшээлгэж хүчит бөхчүүд эр бяраа гайхуулан бүргэдийн дэвэлтээр наадам дуудан хурайлж байна.
Наадам дөхөх тусам яарах сэтгэл нь дэвэлздэг нь монголчуудын нэг гол уламжлалт төрх.
Тэр дотроо морь, бөхийн тухай таавар таамаг дэвшүүлэх нь бүр тогтсон зан үйл л дээ.
Бөх сонирхогчид хэдэн бөхөө бодол оюундаа барилдуулж хэн нь түрүүлж, үзүүрлэхийг хэдэн цолтон шинээр төрөхийг төсөөлөн суух нь наадмын өмнөх бас нэг наадам юм даа.
Наадмын өмнөх бөхийн таавар хааяагүй тэнүүчилж байна. Тэр бүхнийг сонсох, уншихуйд өөрийн бодол, санаатай дүйцүүлж үзэх бас л сонирхолтой шиг.
Бөхийн хорхойтнууд өнгөрсөн хаврын олон барилдааны өнгөнд хэн хэрхэн барилдсанд л суурилан таавраа дэвшүүлсэн юм шиг байна.
Олон хүний төсөөлөлд улсын аварга О.Хангай түрүүлнэ гэсэн байна. Энэнд маргаж чадамгүй. Залуу хүн гэхэд үлгэртэй сайхан бөх. Аварга цолондоо ч зохьсон хүн.
Ноднингийн наадмаас хойш бөхийн өргөөнд болсон барилдаанд хамгийн олон буюу ес түрүүлсэн, нэг үзүүрлэсэн, хоёр шөвгөрсөн юм билээ тэр.
Ер нь 35 дахь түрүүгээ аваад байна гэж дуулдсан. Таамгаа судлах явцад заан Б.Бат-Өлзий үзүүрлэнэ гэсэн байх юм дээрх нөхөр. Мань хүн Ховдын хоёрыг үлдээх нь янз нь. Тэгвэл наадмын өнгө заал, танхимын барилдаанаас их өөр шүү дээ.
Цаана нь даян аварга Н.Батсуурь гэж наадмын одтой бөх хэдийн даваанд хэнтэй барилдахаа бараг тооцоолчихсон суугаа байх шүү. Хэнтэй яаж барилдахаа ч хамгийн сайн мэддэг ясны бөх. Түүнийг түрүүлээд дархан аварга болчихоод зогсож байхад хэн ч гайхахгүй дээ.
П.Бүрэнтөгс аварга гэж хүн даян аварга болохын төлөө энэ жил нэг үзнэ дээ гэж байгаа гэсэн. Аргагүй л наадмын тэнгэртэй эр. Аймгийн арслангаас шууд улсын арслан болсон угаасаа цоорхой бөх.
За тэгээд энэ жилийн шинэхэн арслан Ц.Бямба-Отгоны хувьд цол дагаж бяр нэмсэн шиг харагдана лээ. Сая Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхээ сорилго барилдаанд түрүүлэхдээ тун ч эрэмгий байсан. Тун төвөггүй түрүүлсэн шүү.
Бас барилдааныг нь хараад сэтгэл хөдөлж огшихгүй байхын аргагүй нэг бөх бол үнэн зоригт улсын харцага Б.Зоригтбаатар гэж ёстой л хазахаас бусдыг хийдэг бөх бий.
Түүнийг аварга, арслангууд ч амлахаас зүршээдэг юм шиг байна лээ. “Цахилгаан” хэмээгддэг Б.Зоригтбаатарын хурдтай барилдааныг нүдээр харж учрыг олох хэцүү гэх юм билээ. Даанч зурагтын бичлэг гэж аврах юмтай болсон цаг. Тэр цолоо ахиулна аа мэдээж.
Харин ямар цол авахыг таашгүй юм. Бас тун дээгүүр барилдах бөхийн тоонд шинэхэн заан С.Сүхбатыг олон хүн оруулсан байх шиг байна лээ. Барилдааны ур чадвар нь тун хурдан хугацаанд өсөж яваа бөх гэдэгтэй нь маргамгүй санагдана.
Мөн л даваа горьдох төдий бөх биш. Гэхдээ түүнийг төдий даваа хүртэл босоо байна гэж хэлэх зүрх алга. Улсын харцага Н.Золбоог дээгүүр барилдах бөхийн тоонд оруулахгүй бол бас алдас болж мэднэ.
Хөлд хүрч гэмээнэ унагахаа мэддэг, улсын харцага Г.Ганхуяг, хамж дайрахаараа хэнийг ч тэсгээдэггүй нэгэн улсын начин Т.Батмагнай, барьц ханасан нөхцөлд аваргыг ч аваад залж мэдэх аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр гээд арангатай залуус бий. Тэд наадмын бөхийн өнгийг өөрчлөх л болов уу. Улсын заан Л.Лхагвагэрэл энэ жилийн наадамд биш Парисын олимпод зодоглоно. Тэрнээс биш ноднингийн наадмаар С.Сүхбатад аягүйхэн унасан хариугаа авах л санаатай байсан байх.
Бөх сонирхогчид таавраа дэвшүүлэх гэж олон янзаар үзэх юм даа. Нэг нөхөр зурхайд суурилсан гээд нэг таавар хэлснийг сонирхлоо. Уг тааврыг уншвал луу жилд баруун аймгийн бөхчүүд тийм амжилттай барилдахгүй. Харин төвийн болон хангайн бүсийнхэн илүүрхэнэ гээд Төв аймгийн бөх түрүүлж Өвөрхангайн юм уу Архангайн бөх үзүүрлэнэ гэсэн байх юм. Төв аймгаас хэн түрүүлж таарах бол. Бодлоо. Ой тойнд энэ жилдээ нэрлэчих бөх олдсонгүй. Гэхдээ би зурхайчтай маргах хэн юм гэж санах. Гэхдээ л энэ бол хэн нэгний сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого болж мэднэ гэснээр энэ тааврын талаарх бодлоо ор тас орхив доо.
Бөхийн галууд саяхан сорилго барилдаанаа хийнэ лээ. Архангайн “Бөхбилэгт дэвжээ”-ний сорилгод заан С.Сүхбат түрүүлсэн бол Өвөрхангайн “Их Монгол хүчтэн” дэвжээнийхэд улсын арслан Ц.Бямба-Отгон, Сэлэнгэ аймгийн “Таванхан дэвжээ”-нийхэд улсын начин Н.Баярбаатар, Увс аймгийн “Увс нуур” галынхад улсын харцага Т.Баасанхүү даян аварга. Н.Батсуурийг орхиж түрүүлж байгаа харагдана билээ.
Дархан аварга Х.Баянмөнхийн санаачилгаар 20 жилийн өмнө байгуулагдсан “Увс нуур” галынхан сая ойгоо тэмдэглэж сорилго барилдааныхаа үеэр гал тахих ёслол үйлдүүлж муу юм бүхнээ зайлуулах шиг болно лээ.
Бөхийн чанар чансааг үзэхэд зөвхөн тэдний галынхан биш Төв, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэ аймгаас бөхчүүд уг сорилгод нь очиж оролцсоноор бараг аймгийн наадмын дайтай болчих шиг санагдсан юм. Увсынхан нэрээ авч гарна лээ. Т.Баасанхүү харцага түрүүлснийг дээр хэлсэн.
За яахав нэгэнт олон янзын таавар төсөөлөлд жаахан толгой эргэм санагдсан ч дээгүүр барилдах бөхийн тоонд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, Б.Серик нарыг оруулах ёстойг санав. Олны хайртай бөх Б.Орхонбаяр гэмтлийн улмаас жил шахам зодоглоогүй нь жаахан нөлөөлөөд байх шиг байгаа юм.
Ид барилдаж байгаа бөх ямар нэг шалтгаанаар их, бага завсарлага авах дэмий юмны нэг л дээ. Иймээс л эргэж ирсэн ч түүний уран сайхан барилдаан төдийлөн гарахгүй байсан. Одоо чангарч байгаа биз.
Мартсанаас гэгчээр улсын арслан Ц.Содномдорж бас зодоглолгүй тун удлаа. Сар шинийн барилдаанд гарч ирээд сумын заанд тахимаа өгч харагдсан. Өнгөрсөн жилийн наадмаар түүнийг даян аварга Н.Батсуурьтай бүтэн цаг гаруй барилдаад унагалцалгүй удсанд нь унасанд тооцсон. Өнөөгийн бөхийн дүрмийн цоорхойгоор унаагүй байхад нь тахим өгүүлсэн нь урам дээр нь ус хийсэнтэй адил болсон болов уу даа.
Түүнээс биш болиогүй ээ. Тун дээгүүр барилдаж мэдэх л сайн бөх. Энэ бүхнийг хэлэхээр нэг их бөх мэддэг царайлаад гэж хэн нэгэн баалах болов уу гэж огт бодсонгүй. Нэгэнт л ам нээж үзэг шүүрснийх улсын цолд ойрхон хэдэн аймгийн арслангийн нэр дурдчихъя. Яадаг юм. Баян-Өлгийн М.Эркебулан, Сүхбаатарын Н.Өсөхбаяр, Өвөрхангайн О.Наранбаатар, Увсын Н.Энхсаруул, Хэнтийн Д.Алтанцоож, цэргийн заан Ө.Батсуурь, аймгийн заан С.Доржпалам гээд олон сайхан залуус хүчтэй байгаа шүү. Наадам өнгө оруулах бөхийн тоонд улсын начин Д.Амарсайхан, Б.Түмэндэмбэрэл, Б.Сумъяабат нар гээд Булганы хэд зайлшгүй бичигдэх учиртай. Тэд бужигнуулна даа. Бужигнуулна. Мөн нэгийг хэлэхэд улсын арслан Э.Оюунболдын гомдол маргаан барагдаагүй л яваа юм билээ. Саяхан тэр Монгол дахь Олон улсын ба Үндэсний спортын арбитрт дахин нэхэмжлэх гаргаж барилдах эрхээ сэргээж өгөхийг гуйсан байна лээ.
Энэ маргааныг Монголын үндэсний бөхийн холбоо, эрх бүхий комисс шийдвэрлэхээр хуралдах юм дуулдсан. Өчигдөр уг маргааныг хэлэлцсэн хурал нь болж улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээжээ. Тэр наадамд барилдах нь.
Эцэст нь хэлэхэд түрүүлсэн бөх л допингтой орооцолдохгүй байгаасай. Хаширч байна шүү. Монгол бөхийн босоо цагаан хийморь улам өөдөө байх болтугай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 134 (7378)