Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

ӨМӨЗО-ны алдарт яруу найрагч Ё.Эрдэнэтогтохын “Нүдтэй чандмань” хайку шүлгийн ном хэвлэгджээ. Зохиолчийн уран бүтээл, шүлгийнх нь онцлогийн тухай товчхон мэдээлэл хүргэе.

 

Гурван мөрөөр ихийг өгүүлэх хайку

 

Зохиолч, яруу найрагч Ё.Эрдэнэтогтохын шүлгүүдийг зөвхөн монгол гэлтгүй олон улсын уран зохиол шимтэгчид сайн мэддэг ажээ. Тэрээр хайку  төрлөөр бичдэг цөөхөн монгол найрагчдын нэг юм. Ё.Эрдэнэтогтох монгол найрагчидтайгаа дотно нөхөрлөдөг бөгөөд Улаанбаатар хотноо уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байсан туршлагатай. Энэ үеэс түүний шүлгүүд их хотын уншигчдын сонирхлыг татаж, эрхэм найрагч хэдийнэ бидний дотно найз мэт бүтээлээрээ танил болжээ. Дэлхийн утга зохиолын ертөнцөд яруу найраг том байр суурийг эзэлдэг билээ. Яруу найраг нь дотроо олон төрөл салаалсны нэг нь хайку юм. Орчин цагт энэ чиглэлээр бичдэг яруу найрагчид олширч байгаа бөгөөд тэдний нэг тод өнгө нь Ё.Эрдэнэтогтох найрагч. Түүний бичдэг хайку XIV зуунаас эхтэй Японы уламжлалт яруу найргийн нэгэн төрөл юм. Анх "хокку" нэртэй байсан бөгөөд XVI  зуунд тусдаа төрөл болсон байна. Өнөөгийн орчин үеийн нэрийг нь XIX зуунд яруу найрагч Масаока Сики санал болгосноор өдгөө бид хайку гэсэн нэршилээр нь илүүтэй мэддэг болжээ. Хайку нь их богино зохиомжтой  шүлэг бөгөөд гуравхан мөр өгүүлбэрээс бүтдэг онцлогтой. Жижигхэн санаа нь уншигчийн сэрэхүй, мэдрэхүйг нээж, их орон зайд нуугдаж байдаг багаар ихийг тусгах, дуслаар далайг харуулах агшин зуураар өнө мөнхийг мэдрүүлэх “донжтой” шүлгийн төрөл гэж “Нүдтэй чандмань” номонд өмнөтгөл бичсэн Өвөрмонголын хошууч шүлэгч, Өдрийн сонины хорооны өндөр дэсийн найруулагч Т.Сэцэн онцолсон байна.

 

360 өдрийн 360 шүлэг

 

Яруу найрагч Ё.Эрдэнэтогтох “Нүдтэй чандмань” номондоо зөвхөн 2023 онд бичсэн шүлгүүдээ эмхтгэжээ. Ингэхдээ жилийн 360 хоногт өдөр бүр нэг шүлэг бичсэн бөгөөд энэхүү номд 360 шүлэг бий. Ингэж бодохоор Ё.Эрдэнэтогтох бол яруу найраг, тэр дундаа хайку шүлэг бичихээр төрсөн хүн ажээ хэмээн Т.Сэцэн өмнөтгөл үгэндээ бичсэн байна. Харин доктор, яруу найрагч, хайку судлаач Б.Болд “Дэлхий даяар хэрэглэж байгаа хайку хэмээх богино шүлгийн нэрийдэл нь монгол яруу найраг тэр хэвээрээ уусан шингэвэл монгол хайкучид дэлхийн хайкучидтай мөр зэрэгцэн оюун ухаан, мэдрэмжээ сорих боломжтой. Ер нь монгол уран зохиолын дөрвөн том стиль болсон роман, тууж, өгүүллэг, шүлгийн дотор роиан нь франц хэлнээс, шүлэг нь санскрит хэлнээс эхлэлтэйг бодоход шүлгийн нэгэн шинэ хэлбэр болох хайку хэмээх нэрийдэл нэвтрэн орох нь гайхах зүйл биш. Энэ нь уламжлалт яруу найраг ялангуяа гурван мөрт шүлгээ үгүйсгэх явдал огт биш. Харин харилцан уусалцах, зэрэгцэн хөгжихөд нэн сайн нөхцөлийг бүрдүүлэх болно” гэж хайкугийн тухай шүүмж өгүүлэлдээ онцолсон байдаг. Ё.Эрдэнэтогтохын “Нүдтэй чандмань” номонд хайку бол мэдрэмжийн шүлэг гэж онцолжээ. Хэт цахихад оч гялс хийх шиг тэр агшны торгон мэдрэмжээр амилсан шүлэг гэж тайлбарласан байна. Хэлэх гэсэн санаагаа мэдрэмжээр амилуулж, дүрийг мэдрэмжлэн уншсанаар сая л утга санаа нь уншигчийн сэрэхүй, мэдрэхүй нь улам өргөн нээгддэг ажээ. Үүнээс гадна хайку нь цөөн үгээр санаагаа илтгэдэг үгэндээ туйлын харамч атлаа санаандаа тун өгөөмөр шүлэг Тиймээс хайку шүлэг бичихдээ цөөхөн үгээр элбэг санаа илтгэхийн тулд үгийг гамтай,оновчтойгоор хэрэглэх шаардлагатай ажээ.

 

Сод найрагч

 

Ё.Эрдэнэтогтох бол монгол үндэстний нэрт яруу найрагч, хайку шүлгийн  гарамгай хошууч. Тэрээр 1960-аад оны эхэнд Сөнөд зүүн хошууны Дэлгэрхан сумын Баяндэлгэр багийн нутагт Ёндон, Алтанжаргал нарын хөвгүүн болж мэндэлжээ. 1983 онд Өвөрмонголын Мал аж ахуйн сургуулийг төгсөж, мал эмнэлгийн салбараас ажил, амьдралын гараагаа эхэлсэн байна. Ийнхүү Сөнөд хошууны үндэсний хэрэг эрхлэх товчоо, Засгийн ордны албан гэр, мал аж ахуйн ажлын өртөө, амь ахуйн албан гэр, Ардын төлөөлөгчдийн байнгын хороо зэрэг байгууллага, нэгжид ажиллаж байжээ. ӨМӨЗО-ны зохиолчдын эвлэлийн гишүүн, Шилийн гол аймгийн зохиолчдын эвлэлийн гишүүн гээд соёлын тавцанд ч судраа бичиж, алдраа дуурсгаж яваа сод найрагч юм. Тэрээр 1978 оноос эхлэн шүлэг, яруу найраг сонирхох болжээ. Түүний олон шүлэг найраг, ном нь монгол, англи, хятад, хэл дээр орчуулагдаж, олон улсын зах зээл дээр амжилттай борлуулагдаж байгаа юм. Үүнээс онцолвол “Шүлгийн үүл”, “Нарийн шарга”, “Зөв санаатай гол”, “амраг сарны мөрөөдөл”, “Уулын хөх морин”, “Чанадын аяс” зэргийг дурьдаж болно. Ё.Эрдэнэтогтох найрагч 2005-2008 оны хооронд Сөнөд хошууны зохиолч, шүлэгчдийн бүтээлээр голлосон “Гилгэн уянга” уран зохиолын цуврал 28 дэвтрийг хянан хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон байна. Тэрээр 1997 онд Өвөрмонголын “Уянгын мишээл” радио шүлгийн наадмын тэргүүн байр, 2008 онд Монгол Улсын зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө” шагнал, бүх улсын “Тэнгэрийн ботго” наадмын комиссын “Монгол соёлын зүтгэлтэн”, 2009 онд ӨМӨЗО-ны утга зохиолын “Солонго” шагнал хүртсэнээс гадна 2013 онд Шилийн гол аймгийн дууны шүлгийн шилдэг зохиолч болсон байна. Ё.Эрдэнэтогтох 2015 оны дөрөвдүгээр сард   Улаанбаатар хотод " Боорчийн тал " уран бутээлийн тайлан тоглолтоо хийж байв.

Зуны салхи халууцахдаа

Зузаан унгасыг хөндийртөл шаргажээ

Маргааш хонио хайчилна даа. 2023.05.20”

“Зуны салхи халууцахдаа ”, “Унгас хөндийртөл шаргажээ”. Малжих орны зуны амьдралыг мэдэхгүй хүн ингэж амилуулан дүрсэлж чадахгүй гэж Т.Сэцэн энэхүү шүлгэнд задаргаа, тайлбар хийсэн байна. Тэрээр “Маргааш хонио хайчилна даа”. Хонь хайчлах цаг болохоор л энэхүү дүр зураг цогцолж харагдана. Энд “халууцах”, “хөндийртөл шаргах”, “хайчлах” зэрэг үйл үг орон байраа онцлон олж, санаа төрхөө зөв тодорхойлж, уран ертөнцийг урлаж чаджээ хэмээн  бичсэн байна.

Ё.Эрдэнэтогтох нь монгол хайкуг зүгээр нэг бичих бус гойд дэвсгэрлэж, урнаар “урлаж” байгаа эрхэм гавьяатай гэж хайку судлаачид болон зохиолч, яруу найрагч нар үнэлдэг. 

Сар битүүрсэн үдэш

Саран бууз жигнэхүй

Сарны үнэр ханхална

2023.01.21

 

Сөнөдөд бороогүй гэж

Мэдээлэхээр чинь

Сүүтэй цай ч зангирна

2023.08.07

 

Уран ээжийн минь оёсон дээл 

Уул шиг уужуу хормойтой

Унага даага бэлчихийн учир

2023.01.20

 

Орондоо ээдэрсэн

Охор бодлыг дийлж

Уртын дуу алсарна

2023.01.26.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 132 (7376)