Б.ТУУЛ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал тулгамдаад удаж буй. Тодруулбал, энэ чиглэлийн мэдлэг, боловсрол хангалтгүйгээс шалтгаалан охид эрт жирэмслэх, үүний улмаас үр хөндүүлэх, бэлгийн замын халдварт өвчинд өртсөөр буй юм.

Тэгвэл өнөөдөр буюу 2024 оны долдугаар сарын 04-нд хүүхэд залууст эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх “Бэлгийн боловсролын төв” үүдээ нээлээ. Энэхүү төвийг Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хамт олон нээж байгаа юм байна.

Шинэ үеийнхэнд зориулсан “Бэлгийн боловсрол олгох төв” нь байршлын хувьд  Улсын их дэлгүүрийн баруун талд орших “Пийс тауэр”-ын баруун хаалгаар ороод,  есөн давхрын 901 тоот өрөөнд байрлаж байна. Өсвөр үеийнхэн залуу гэр бүлүүд тэр ч бүү хэл цэцэрлэгийн насныхан ч энэхүү төвөөр үйлчлүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд нь хэлж байлаа.

Тус төвийн нээлтэд Хятад, Филлипин, Тайвань, Зүүн ба зүүн өмнөд бүсийн далайн залуучуудын холбооны төлөөлөгч нар гээд олон газраас төлөөлөгчид ирж оролцож байна. Бид Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн залуучуудын хөтөлбөрийн менежер Б.Уранзаяагаас зарим мэдээллийг тодруулсан юм. Тэрээр “Манай байгууллага 30 жилийнхээ ойн хүрээнд энэхүү бэлгийн боловсрол олгох төвийг нээж байгаа. Бид цэцэрлэгийн насны хүүхдүүдээс эхлээд зөвлөгөө мэдээлэл өгч үйлчилнэ.

Мөн шилжилтийн насныхан хүрч ирээд сарын тэмдгийн талаар чөлөөтэй ярилцаж ариун цэврийн хэрэглэлийг хэрхэн хэрэглэх талаар заалгаж болно. Манай төв 17 аймаг дахь салбараараа дамжуулж өсвөр насныханд мэдээлэл хүргэдэг.

Мөн үе тэнгийн сургагч багш нарг бэлтгэж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд зөвхөн Улаанбаатар хотын “Асай” өсвөрийн эмч нарын клубийнхэн маань оролцож байна. Энэ мэтчилэн олон хүүхэд аймаг бүрт бэлтгэгдсэн. Жишээлбэл, би өнгөрсөн сард Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ. Тэнд л гэхэд нэлээд хэдэн сургагч багш ажиллаж байна. Энэ хэрээр үе тэнгийнхний бэлгийн боловсролын мэдлэг ч гэсэн дээшилж байгаа гэж найдаж байна” гэв.

Эх сурвалж: www.zms.mn