Б.Алтангэрэл

"The Night with us" тоглолтыг наймдугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах талаар хамтлагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус тоглолтод Никитон, Хар сарнай, Камертон, Номин талст, Гурван охин хамтлаг болон бусад уран бүтээлч ирж, өөрсдийн дуу хөгжмийг толилуулах аж. 

"Камертон" хамтлагийн гишүүн, дуучин Г.Мэнд-Амар "Өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 16 удаагийн томоохон хэмжээний тоглолтыг зохион байгуулсан. Энэ бүх тоглолтод Монголын орчин цагийн рок, поп хамтлаг дуучид бие даасан хамтарсан байдлаар оролцож байлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 10-нд болох "The Night with us" нь 17 дахь удаагийн хамгийн том тоглолт болно. Уран бүтээлчид нийт 80 гаруй дууг тайзнаа эгшиглүүлнэ. Хамтлаг, дуучид 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл бүтээсэн дуу хөгжмөө тайзнаа толилуулах болно" гэв. 

Хар сарнай хамтлагийн дуучин Б.Баяржаргал "Манай хамтлаг The Night with us тоглолтыг доргионо. Бүтээнэ сөнөөнө, Дайтна ч би, мөргөнө ч би цомгийнхоо дуунуудаас хүргэх болно" гэлээ. 

"The Night with us" тоглолтын найруулагчаар Фантастик продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир ажиллах бөгөөд энэхүү шоуг өвөрмөц, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэд хэллээ. Задгай талбайд зохион байгуулах шоу учир тоглолтын үед ариун цэврийн байгууламж, хог хаягдлын асуудал хамгийн их тулгардаг. Энэ удаагийн тоглолтоор илүү цэвэр, тухтай орчныг бий болгохыг зорьж байгааг зохион байгуулагчид хэллээ.