Т.ӨЭЛҮН
“Зууны мэдээ” сонин “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хонгорзулыг онцолж байна.
Б.Хонгорзулыг хоёр дахь олимпын дэвжээ хүлээж байна
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх 16 бөхийн квотыг дахин хуваарилсан. Ингэхдээ эмэгтэйчүүдийн 57 кг-д Беларусын шигшээ багийн тамирчин, Олимпын мөнгө, дэлхийн хошой хүрэл медальт Ирина Курочкинаг хасаж оронд нь огших зарчмаар манай улсын тамирчин Б. Хонгорзул Парисыг зорих эрхтэй болсон. Түүний хувьд 2014 оноос хойш тасралтгүй өсвөр үеийн УАШТ-д зодоглож нэг мөнгө, дөрвөн алтан медаль хүртсэн. Өсвөр үеийн АШТ, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай жиндээ “босоо” тамирчин билээ. Залуучуудын улсын аваргад 2018 оноос эхлэн гурван жил тасралтгүй алтан медалийн болзол хангажээ. Улсын аваргад анх удаа түрүүлснийхээ дараа Үндэсний шигшээ багийн босгоор алхсан. Чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медальтай.
Түүний оролцсон “Токио-2020” олимпын барилдааныг онцлохгүй байхын аргагүй. Олимпын дэвжээг зорихынхоо өмнө эрх олгох тэмцээнд анх удаа зодоглосон. Тухайн үед хэсгийн барилдаанд Узбекистаны Шохида Ахмедова болон Кыргызстаны Назира Марсбек Кызы нартай учраа таарсан. Харин хагас шигшээд БНСУ-ын Ум Жи Унтай барилдсан. Б.Хонгорзул өрсөлдсөн бөхчүүдээ 10:0-ээр илүүрхсэн юм. “Токио- 2020” олимпын наадамд гаргаж чадаагүй барилдаанаа энэ жил “Парис-2024”-ийн дэвжээнд үзүүлэх нь дамжиггүй. Бөх сонирхогчид түүнд улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлнэ гэдэгт итгэл хүлээлгэж буй.
Анх 38 кг-ын жинд барилджээ
Түмэн олон Б.Хонгорзулыг андахгүй мэддэг болжээ. Тэрээр Баянхонгор аймгийн Өлзийт сумынх. 10 настайгаасаа эхэлж чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн гэдэг. Хамгийн анх 38 кг-ын жинд барилдахдаа ялагдал хүлээсэн. Ингээд багшаасаа гуйж зөвшөөрүүлээд жин өгсөж барилдаад мөнгөн медаль авсан. Энэ тэмцээний үеэр чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах багш түүнийг олж харжээ. Б.Хонгорзулд хандаж “Маргааш бэлтгэлд ирээрэй” гэжээ. Ингэж л чөлөөтийн дэвжээнд хөл тавьсан. Тасралтгүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ өнөөдрийн амжилтаа бүтээж явна. Түүний гэр бүл болон удамд нь спортын хүн байхгүй. Чөлөөт бөхөөр хичээллэж эхлэхэд гэрийнхэн нь таатай хүлээж аваагүй гэдэг. Гэхдээ цаг хугацааны уртад дэмждэг болсон нь түүний амжилттай салшгүй холбоотой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 131 (7375)