Баяр-Эрдэнийн ТӨРБАЯР

 

Хүмүүсийн хэлж заншсанаар хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га газрыг амьд ургамалтай ногоон байгууламж болгон тохижуулах ажлыг “Рио Тинто Монгол" компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн. Ингэхдээ дэлхийн том паркуудын стандартад нийцүүлсэн байна. Өнгөрсөн онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил дуусаж өчигдөр ашиглалтад оржээ. Тус компанийнхан 2026 он хүртэл “Парк аа хамтдаа бүтээе” төслийг  хэрэгжүүлэх аж. Хөл хөдөлгөөн ихтэй, завгүй амьдралын хэмнэл дунд байгаль дэлхийтэйгээ ойр байж, бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндээ тэтгэх боломжийг олгож буй тухайгаа төслийн багийнхан ярьж байлаа.

 

БАЙГАЛИЙН ҮНДСЭН ЭЛЕМЕНТИЙГ ИЛҮҮ АШИГЛАСАН

Паркийн баруун талын шинээр тохижуулсан хэсгийн урд хэсгийг зүлэг ногоо, мод бутаар “чимэглэжээ”. Тэр ч бүү хэл усан оргилуураар хөрс, ургамлынхаа усалгааг шийдвэрлэсэн байна лээ. “Рио Тинто Монгол” компанийн Бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзул “Өмнөд хэсэгтээ бид зүлэг мод бут зэргийг хийж тайван нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хойд хэсгийг нь идэвхтэй бүс буюу задгай ногоон цамхаг, хүүхдийн тоглоомын талбай, “skateboard”-ийн талбай болон тэжээвэр амьтдын талбайг бүрдүүлсэн. Бид бүтээн байгуулалтаа сэтгэл зүрхээ шингээж хийсэн. Яагаад гэвэл, энэ бүтээн байгуулалтаараа нийслэлчүүддээ ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн хүртээмж болоод олон улсын стандарт ямар байдгийг харуулахыг зорьсон” гэсэн юм. Паркийн хойд талын хаалгаар ороод засмал зам дагаад явна. Замын хажуугаар засаж янзалсан мод бут, хүүхдүүд тоглочихмоор талбай харагдана. Явган хүний зам нь бетон дээр тавьсан жирийн хайрга юм байна. Гэхдээ хүний хөлд ямар нэгэн ус хүргэхгүй. Бороо, устай үед усыг замын хоёр тал руу зүлэгтэй талбай руугаа орохоор шийдэж өгсөн ажээ. Энэ бүтээн байгуулалтыг хийхдээ талбай хооронд холбосон замууд өндөр чанартай зузаан, шүүрдсэн зам гэдгийг “Рио Тинто Монгол” компанийн Паркийн төслийн инженер Роберт Зетка хэллээ. Тэрээр “Тойроод үзэж харах баясах, бас ногоон байгууламжийг төлөвлөхдөө хүртэл эхлээд шилмүүст моднууд, цаашаа явахад монос зэргээр бүлэглэж тарьсан. Зураг төслийг нь “Анаграмм Ателлер” гэдэг компани боловсруулсан. Үндсэн концепц бол аль болох мод, бетон, төмөр гэсэн байгалийн үндсэн гурван элементийг илүү ашигласан дизайныг гаргаж ирсэн. Япон архитектурын шийдэлтэй. Мөн ариун цэврийн байгууламж нь одоогоор Монголд байхгүй. Бас усалгааны систем маань мөнхийн эргэлттэй. Борооны усаа шингээх, эргэн ашиглах шийдэлтэй” гэв. Өнгөрсөн жилийн үер хүн бүрд сургамж болсон. Үерийн халиаг арилгах шийдэл хийсэн боловч хүндрэл гарсан. Тиймээс био цөөрмийг олноор байгуулснаар их хэмжээний усыг тогтоож хөрс рүү шингээх зорилготой гэдгийг төслийн багийнхан танилцууллаа.

 

МОДОН ЭДЭЛГЭЭТЭЙ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг тооцоолох нь бизнесийн зарчим. Тиймээс энэ бүтээн байгуулалтыг хийхдээ үер усны эрсдэлийг хэрхэн даван туулах гарцыг бий болгосон аж. Үерийн усыг зайлуулах хоолой, хуримтлуурын хэсэгтэй. Магадгүй их хэмжээний усанд автах тохиолдолд 24 цагийн дотор усаа шингээх, зайлуулахаар тооцоолсон тухай инженер Роберт Зетка хэлсэн юм.

Хүүхдүүд зам дагаад л гүйгээд байх нь гэж харж болохгүй. Учир нь хүүхдийн тоглоомын талбайн бүтээн байгуулалтыг хийхдээ аюулгүй байдлыг нь хангасан модон эдэлгээг чухалчилжээ. Цэцэрлэгт хүрээлэн ая тухтай аюулгүй орчин байх ёстой. Иймээс энд машины хөдөлгөөнийг хориглосон байна. Нөгөөтээгүүр, шинэ бүтээн байгуулалтын онцгой хэсэг нь нуурын асар. Төслийн багийнхан ч мөн энэ талаар хэлж байсан. “Дорнын уламжлалт сүм, хийдийн хийцээр хүний гараар бүтээгдэж буйгаараа онцлог. Гарийн чимхлүүр ажиллагаатай учраас хэрэглэгчид, үйлчлүүлэгчид маань хайр гамтай байгаасай л гэж хүсэж байна” хэмээн  “Рио Тинто Монгол” компанийн Бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзул ярьж байлаа. Монголын урлагийн зөвлөлийн гишүүн, уран бүтээлч н.Баасандорж энэхүү нуурын асрыг бүтээж байгаа юм байна. Асрын шийдэл бүрийг гараар урлажээ. “Нуур маань зөвхөн усны толио үүсгэх биш ногоон талбайгаа услах усан сан үүсгэх зориулалтаар бүтээгдсэн. Бас үүнийгээ илүү гоо үзэмжтэй болгох зорилгоор асар барьж байгаа” гэдгийг Э.Хонгорзул захирал онцоллоо.

Дэлхийн хотууд оршин суугчдадаа ээлтэй, ногоон хот болж хөгжихөд анхаарч байна. Хэдийгээр дэлхийн ногоон байгууламж бүхий том паркуудын зөвхөн амарч,алжаалаа тайлах, хэвтэх, ном уншиж, өглөөд иог хийж, хөл нүцгэн алхах боломжтой  амгалан зүлэгтэй хэсгийн талбай гэхэд 10-20 орчим га талбайг эзэлдэг. Харин хүүхдийн парк ногоон цөөрөм, багачуудын тоглоомын хэсэг, хүүхэд залуучуудын сонирхдог “skateboard”-ийн талбай болон  ариун цэврийн өрөөг бетоноор бүрж хийсэн нь манайдаа анхны барилга ажээ.

 

40 МЯНГА ГАРУЙ МОД БУТ ТАРЬЖ, ТАЛБАЙН 80 ХУВИЙГ ЗҮЛЭГЖҮҮЛЭВ

Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой. Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80 хувийг зүлэгжүүлэв. Ингэснээр нийслэл хотод хүн бүрд хүртээмжтэй ногоон орон зай нэмэгдэж байна. Энэ талаар Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Бид энэхүү төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болсон гэж найдаж байна. Рио Тинто нь энэхүү ногоон байгууламжийг бүтээсэн нь Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэл хотын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан амьдралын чанарыг сайжруулж, урт хугацаанд иргэдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдалд эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм. Мөн энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Дэлхийн хотууд оршин суугчдадаа ээлтэй, ногоон хот болж хөгжихөд сүүлийн жилүүдэд түлхүү анхаарах болсон. Монгол Улс, түүний нийслэл Улаанбаатар хот ч энэ чиглэлд анхаарч байна. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Рио Тинто Монголын хамт олонд Нийслэлийн Засаг даргын зүгээс болон нийслэлийн иргэний хувиар талархал илэрхийлье. Нийтийн орон зайг хамгаалж, “Паркаа хамтдаа бүтээлцсэн” хүн бүхэнд баяр хүргэе” гэв. Рио Тинто Монгол компани нь цэ­цэр­лэгт хүрээлэнгийн менежментийг дахин хоёр жил хариуцаж 2026 оноос хотын захиргаанд хүлээлгэж өгөх юм байна. Хотын ногоон байгууламж нэмэгдэх тусам иргэдийн эрүүл байх магад­лал өсдөг гэсэн судалгаа бий. Цэ­цэр­лэгт хүрээлэн бидний алхах, хөдлөх, гүйж харайх зэрэг хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлдэг. Тиймээс хотын нэгэн чухал хэсэг. Ганцаар алхах, хо­соороо болзох, олноороо цуглах аль ч үед парк таны сэтгэлзүйд эергээр нө­лөөлж, эдгээр өөрчлөлтийг авчрах юм.

 

“SKATEBOARD”-ИЙН ТАЛБАЙ

 

Хүүхдийн паркийн шинээр тохижуулсан хэсгийн “Skateboard”-ийн талбайг ашиглалтад орохоос өмнө хүүхдүүд тоглодог байжээ. Учир нь нийслэлд зориулалтын талбай байдаггүй. Анх төсөлд оролцохдоо “Skateboard” талбайг хийхэд нарийн ажиллагаатай гэдгийг мэдээгүй байснаа Роберт Зетка хэлж байлаа. Энэ хэсгийн зураг, дизайныг Скейтийн “Уухай” холбооноос гаргаж өгчээ. Бүтээн байгуулалтыг хийх явцад олон асуудал гарч байсан ч тэд босгож чадсан юм. Монголд скэйтийн талбай барьдаг хүн байдаггүй. Учир нь жирийн барилгачин энэ замыг барьдаггүй гэдгийг гаднын зөвлөхүүд хэлж байжээ. Түүнээс гадна скейтийн талбайд шаардлагатай бетон зуурмагийг хүртэл шинээр бүтээсэн гэхэд буруудахгүйг төслийн багийнхан ярьж байсан юм. “Скейтийн талбайг барихад шууд хатдаг бетон зуурмаг тохирохгүй байсан. Тиймээс тохирох зуурмагаар хийхэд нэлээдгүй ажил болсон” хэмээн инженер Б.Золзаяа ярьж байлаа. “Skateboard” талбай 150 метр урттай 16 жижиг деталиас бүрджээ. Үүнийг барьж байгуулахад M400 маркийн бетон ашигласан байна.

Үндсэндээ паркийн баруун талын тохижилтыг хийсэн төслийн багийнхан ур чадвар, авъяас, авхаалж самбаагаа чамгүй сориулсан гэцгээж байсан юм. Хийц , бетоны орц найрлагыг тааруулахаас эхлээд ногоон байгууламжийг тордох, арчлах гэдэг амар ажил байгаагүй ажээ. Шинэ тохижилтын бас нэг чухал хэсэг нь цөөрөм. Тэнд усны шувууд ирдэг болсон нь сонихон. Ногоон байгууламжийн усалгааг цөөрмийн усыг эргэлтэд оруулах замаар шийдсэн байна. Мөн хүмүүс сууж амрах хэсэгт мананжуулагч байх бөгөөд солонго татна. Солонгорсон чийглэг орчин илүү тухтай байлаа.

 Түүнээс гадна энэ бүтээн байгуулалтын нэг содон барилга нь ариун цэврийн байгууламж байв. Бүтээн байгуулалтад зарцуулсан хугацааны дийлэнхийг үүнд зарцуулсан гэдэг. Дугуй хэлбэртэй байгууламжийг Япон загвар, стандартыг “хуулбарласан” байна. Энэ байгууламжийн дунд хэсгээр орой нь цоорхой. Учир нь тэнд ургасан модыг тойруулж барилгаа барьжээ. Түүнээс гадна ямар нэгэн засал хийхгүй бетоноороо байгаа жижигхэн байшинг барихад хагас жилийн хугацаа зарцуулжээ. Нэг талдаа оффистой , хагас задгай, хоёр талдаа эрэгтэй эмэгтэй , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэсэг мөн хүүхэд эмэгтэйчүүдийн хэсэг бий.

Зуны дэлгэр цагт хүүхдүүд гэлтгүй хүн бүр амарч тухлах орчин хайж эхэлдэг. Тэгвэл цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Хүүхдийн паркийн баруун талаар амарч бас зугаалж болох нь. “Мэдээж шинэхэн, дөнгөж ашиглалтад орсон учраас засаж залруулах юм байгаа. Өнөөдөр бид том хэмжээний бүх ажлуудаа дуусгаад нээсэн. Гэхдээ засаж залруулах ажлууд маань хүний хөдөлгөөнд саад болохгүй үргэлжлэх болно” гэдгийг төслийн инженер Роберт Зетка хэлж байлаа.  Шинэ “Цэцэрлэгт хүрээлэн”-д тавтай морилоорой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 131 (7375)