Т.САЙХАН

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хотын даргын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо.

Н.Мандуул нь

  • 2000 онд ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль,
  • 2007 онд Соросын сангийн тэтгэлгээр Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр,
  • 2014 онд АНУ-ын Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлгээр АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн, англи, орос хэлтэй.

Ажлын туршлага:

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ тус банкны найдваргүй 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлж, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулан ажилласан юм.

Ийнхүү 2024 оны дөрөвдүгээр сараас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр өнөөдрөөс нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж эхэллээ.

Эх сурвалж:www.polit.mn