Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Жил бүрийн зун анги хамт олны уулзалт, тэмдэглэлт ой болж, инээд хөөр, баяр баяслаар бялхсан өдрүүд үргэлжилдэг. Нас нь хэвийж, санчигт нь мөнгөн хяруу суусан ч биесээ “Манай ангийн охин, хөвгүүн” хэмээн ярилцах нь дурсамж хэзээ ч “хөгширдөггүйг” батлах биз ээ.  Монгол Улсынхаа өнцөг булан бүрээс ангийнхаа ойн баярт хүрэлцэн ирсэн нэг ангийнхантай Сүх жанжны талбайд тааралдаж баярт мөчийг нь манай сурвалжлах баг хуваалцсан юм. Тэд Ховд аймгийн Үенч сумын 10 жилийн сургуулиа 1994-2004 онд төгсжээ. Сургуулийнхаа хаалгыг зөөлхөн хааж амьдрал хэмээх далайд хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийж үүрнээсээ нисээд 20 жилийг ардаа үдсэн ангийнхан уулзаж байна.  Тэд ч их хотын түгжрэлээс урьтаж товлосон газраа, тогтсон цагтаа очихоор догдлон байж ирцгээжээ. Нэг ангийнхны уулзалт биесээ санасан сэтгэл, уулзаагүй удсан учрал, нэгнээ хайрлан халамжилсан, инээд хөөр бялхсан хүүхэд зангаар эхэлж дурсамжийн түүхэн хуудас дахин нэгээр бичигдэж байна.

 

Шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна

Бага ангийн багш С.Алтанбулаг 20 жилийн өмнө төгсгөсөн шавь нартайгаа уулзахаар Ховдын Үенч сумаас 1600 км туулан иржээ. Тэрээр 1970 онд Багшийн их сургуулийг төгсөж Үенч сумандаа багшлахаар ирж тасралтгүй 32 жил ажиллан гавьяаны амралтаа авчээ. Ажиллаж байх хугацаандаа нийт 10 анги төгсгөсөн аж. Өнөөдөр  20 жилийн өмнө төгссөн ангийнхны уулзалттай бол маргааш 30 жилийн өмнөх төгсөлтийнхөн уулзах аж. 1994-2004 оны төгсөлтийн таван багшийн 60 гаруй шавь иржээ.

Тэрээр “20 жилийн уулзалтаа хийж буй төгсөгчид дунд маань миний гурван үеийн төгсөгчид байна. Анги удирдсан багш нар болох бага ангийн багш Б.Баярхүү, Н.Оюун нарт анхны А үсэг зааж байлаа. Бурхны ивээлээр өндөр насыг насалж олон шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Тухайн үед төрөлт их байсантай холбоотойгоор манай үед хамгийн их буюу таван бүлэг анги элсэж байсан нь аймагтаа ганц л тохиолдол юм. Тэгэхэд 150 орчим хүүхдэд элсэж байсан бол өнөөдөр 60 гаруй хүүхэд ойн баяртаа хүрэлцэн ирсэн. Ангийнхантайгаа бүтээсэн санаанаас гардаггүй сайхан дурсамж зөндөө бий. Өвчтэй байх үед минь ангийн бяцхан охид маань эм, тариа аваад намайг эргэж байсан нь санаанаас гардаггүй” хэмээн дурсав.

 

Багш гэдэг хамгийн их хувь заяатай хүн

Анги удирдсан багш Н.Оюун “Сургуулийн өмнөх боловсрол, их сургуульд, дунд сургуульд нийт 40 жил ажиллаа. Өнгөрсөн намар тэтгэвэртээ гарсан. Нийт 12 анги төгсгөжээ. Ховд аймгийнхаа Үенч сумандаа 20 жил, Жаргалант сумандаа 20 жил ажилласан. Энд сууж буй С.Алтанбулаг багш маань миний анхны А үсэг заасан багш минь. Миний дараагаар энэхүү уулзалтаа хийж байгаа анги удирдсан Б.Баярхүү багшид мөн А үсэг заасан ачтай. Бид бол үе дамжсан багш нар юм. Намайг нэгдүгээр ангид орж байхад С.Алтанбулаг багш маань 18 настай багш ёстой л будаг нь ханхалсан багш гэдэг шиг. Багшийгаа хараад багш шиг гоё бүсгүй болох юм сан гэж боддог байлаа. Багшийнхаа үргэлжлэл болон сумандаа багшилсан. Багш хүн гэдэг хамгийн их хувь заяатай хүн байдаг. Өөрийн хүүхдийг орхиод өрөөлийн хүүхдэд бүхнээ зориулдаг. Нөхөр маань мөн багш. Бидний зургаан хүүхэд өөрсдөө бие дааж явсаар амьдралд хөл тавьсан даа.

Тухайн үед хүүхдүүдээ хичээлээс нь хоцруулахгүйн тулд хичээл тарсны дараа ангидаа авч үлдэж давтлага хийдэг байлаа. Манай ангид Халдарбек гээд хөөрхөн хүү бий. Тэр маань Казак тул монголоор ярьж чаддаггүй байсан. Заримдаа хичээлийн дараа давтлагагүй үед ангид суугаад үлдсэн байдаг. Халдарбекээ чи яагаад яваагүй юм бэ гэхээр багшаа хичээлээ хийхгүй юм уу гэдэг. Уйгагүй хичээсний үр дүнд анх удаа багшаа гэдэг үгийг хэлж сурсан байдаг. Тасралтгүй гурван сар хичээсний дараа сайн монгол хэллэгтэй болсон юм.

Багш хүн хамгийн баян хүн. Шавь нартаа эрхэлж өгнө. Ангийн дарга Лхагваа маань Ховд аймагт их сургуулиа төгсөж хүний их эмчээр ирээд  байлаа. Бие өвдөж эмнэлэг бараадахад минь төрснөөс өөрцгүй хандаж сэтгэлээ зохиулдаг юм. Төрсөн охиноос минь өөрцгүй санагддаг” тухайгаа дурсан ярьж байв.

 

Чи ирвэл анги бүрдэнэ, чамайг ирвэл дурсамж дүүрнэ

10г ангийн дарга Б.Лхагвасүрэн “Би хүний их эмч мэргэжилтэй. Ангийхан маань Монгол Улсынхаа өнцөг булан бүрээс ирсэн. Ангийн даргын хувьд “Чи ирвэл анги бүрдэнэ, чамайг ирвэл дурсамж дүүрнэ” хэмээн ангийнхнаа уриалж урилга илгээсэн. Ангийнхандаа хандаж хэлэхэд чи ирлээ анги бүрдлээ, чамайг ирэхэд дурсамж дүүрлээ гэж хэлье.

Манай ангид цэргийн мэргэжилтэн олон. Тэдний дийлэнх нь эх орныхоо баруун, зүүн, хойд хэсгийн хилээ манаж байна. Манай сум баруун хязгаарын сум учир хийлийн цэргийн ангитай. Бизнес, боловсролын салбарт ажиллаж буй багш нар, авто тээврийн салбарт ажиллаж буй онц тээвэрчин, хөдөө нутагтаа эзэн болж, эрдэнэт сүргээ мянга түмээр нь өсгөсөн улс, аймгийн аварга малчид гээд улс эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулсан залуучууд байна. Манай ангиас дөрвөн хос мэндэлсэн. Манай таван ангийн хоёр ангийн дарга нар маань гэр бүл болсон нь сайхан. Мөн нэг ангиас төрсөн хосууд ч бий. Нийт төгсөгчид, багш нартаа ажил, амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье” гэв.

 

Улсын тэргүүний сумын Засаг дарга

Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга О.Мягмар “Завхан аймгийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд сумандаа ажиллаж амьдарч байна. Сумынхаа төсөвт байгууллагуудад нягтлан хийж байлаа. 2020 онд сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад энэ жилээс Засаг даргын үүргийг гүйцэтгэж байна. Олон жил уулзаагүй найзуудтай уулзах сайхан байна. Манай үеийн хүүхдүүдийн 70 орчим нь Үенч сумандаа ажиллаж амьдарч байгаа.   Арван жилийн ангийнхны хамгийн сайхан нь олон ч зүйлийг анх удаа хамтдаа хийж, сурч, амьдралынхаа сайхан дурсамжуудыг бүтээдэг. Анх хамтдаа уншиж сурахаас эхлээд л. Манай сум 2014 онд Улсын тэргүүний сум болсон. Нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн үргэлжлэл болон Засаг даргын үүргийг гүйцэтгэж байгаадаа баяртай байдаг” гэлээ.

 

Эх орныхоо баруун, зүүн, хойд хилээ манасан хилчин охид, хөвгүүд

Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Мэдээлэл харилцаа холбооны аюулгүй байдлын тасгийн дарга, дэд хурандаа Х.Хашхүү “Би гурван үеийн хилчин хүн. Хийлийн цэргийн албанд 18 жил ажиллаж байна. Цаг хугацаа хэдий өнгөрсөн ч гэлээ яг л хүүхэд насныхаа тэр л ааш зан, дүр төрхөөрөө уулзаж сэтгэлд гэнэн цайлган, цагаахнаараа үлдсэн байдаг нь яахын аргагүй  нэг ангийнхан. Амьдралын жаргал, зовлонд үргэлж ойр байж, бие биесийнхээ аж амьдралыг алсаас ажин ах, эгч шиг нь санаа тавьцгаадаг” гэлээ.

Хилийн цэргийн 0130 ангид ахлагч Д.Ариунжаргал “ Миний аав, нөхөр маань цэргийн хүмүүс. Нөхрөө дагаж заставаар явсаар цэргийн мэргэжлийг сонгосон. Салбартаа 13 жил ажиллаж байна.

20 жилийн дараа ангийн хамт олонтойгоо уулзахад буцаад арван жилдээ очсон мэт санагдаж байна. Миний А үсэг заалгасан Б.Баярхүү багш маань дунд хүүгийн бага ангийн багш. Дунд ангийн багш маань том хүүгийн минь ангийн багш. Багш нараараа маш их бахархдаг. Анх сургуульд ороход багш маань гоёмсог цэнхэр дээлтэй хичээл орж байлаа. Өнөөдөр ч гэсэн цэнхэр дээлээр гоёж иржээ. 20 жилийн өмнөх тэр л янзаараа байна” гэв.

 

ӨНӨР БҮЛИЙН ЭЗЭН БОЛСОН АНГИЙН ДАРГА НАР

10б ангийн дарга Сэлэнгэ аймгийн 0243 дугаар ангийн хил хамгаалалтын тасгийн дарга, хошууч Г.Ган-эрдэнэ “Салбартаа 14 жил ажиллаж байна. Хилийн цэргийн дээд сургуулийг 2010 онд цэргийн сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Арван жилийнхээ ангийн дарга байсан тул зохион байгуулалтын ажилд оролцсон. Хариуцлагатай ажил байлаа” гэв.

Мөн тэрээр 20 жилийн уулзалтдаа гэр бүлийнхээ хүнтэй иржээ. Түүний гэргий А.Цээсүрэн 10а ангийн дарга байсан аж. Тэрээр “Нөхөртэйгөө оюутан болоод үерхэж эхэлсэн. 2011 онд хурмаа хийж байлаа. Ангиас хос төрөх нь төгсөлт бүрийн мөрөөдөл, догдолж хүлээж авдаг мэдээ шүү дээ. Анх зургийн цомгоо үзэж байхдаа 20 жилийн дараа ангийн уулзалттай гэхэд ямар урт хугацаа вэ гэж их л хол санагддаг байлаа. Тухайн үедээ хэн хэнтэй суугаад хэдэн хүүхэдтэй болох бол оо, ангиас хос төрөх болов уу гэж боддог байсан. Гэтэл өөрөө ангиасаа амьдралын ханиа олж гурван сайхан хүүхдийн эцэг эх болсон.

Олон жилийн дараа ангийнхантайгаа уулзахад заримынх нь зүсийг танихгүй, мартсан ч байх юм. Нүд рүү нь харахаар нүднийх нь харц яг хэвээрээ байгаа тул танигдаж байна. Уулзалт товлосон цаг дөхөх тусам сошиал орчин дах харилцаа маань улам эрчимжиж бүгд л уулзах өдрөө хүлээсээр догдлол дүүрэн байлаа” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 130 (7374)