Баатарын НЯМСҮРЭН
Алтан нар нь мөнх хөх тэнгэрээ аргадаж, цэцэг ногоо дэлгэрсэн энэ цаг дор манай сурвалжлах баг “Өлгийн хүчтэн”,“Говийн хүчтэн” дэвжээний бэлтгэлийг сурвалжлахаар Харзтайг зорилоо. Цонжин болдогоос 10 гаруй километрийн зайд цэвэр агаар, алсад сүндэрлэх уул, хоржигнон урсах гол, навчсаа дааж ядсан модод дэндүү үзэсгэлэнтэй. Ийм л байгалийн сайханд хүчтэнүүд жилдээ ганц тохиох уламжлалт баяртаа зодоглохоор бяр хүч, барилдаандаа анхаарч байна. Тэдний бэлтгэлийг холоос харахад л бахдам сайхан.
“Өлгийн хүчтэн” дэвжээнд 45 бөх бэлтгэлд гарчээ
Дэлгэр цагт дэнж хотойтол нааддаг уламжлал Монгол түмэнд бий. Өв соёлыг хадгалж, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг баяр хаяанд ирлээ. Бөхчүүд үндэсний бөхийн өмсгөлөө иж бүрнээр чамбай өмссөн нь сахилга бат, дэг журамтайг нь илтгэнэ. Бяр мэх уралдуулахыг нь харахад гуниг холдож, хийморь сэргэх мэт. “Өлгийн хүчтэн” дэвжээний галаар зочлоход өдрийн хоёр дахь бэлтгэлээ базааж байхтай таарлаа. Бэлтгэл сургуулилтын үргэлжлэх хугацаа ойролцоогоор цаг 30 минутаас хоёр цаг орчим. Тэд бэлтгэлдээ гараад 22 дахь өдөртэйгөө золгож байна. Өнөөдөр тус дэвжээний сорилго барилдаан болно. Наадамдаа зодоглож цол ахих зорилготой хөдөлмөрч залуусаас холыг харсан зорилго тэмүүлэл ажиглагдаж байлаа. Энэ жилийн хувьд “Өлгийн хүчтэн” дэвжээний бэлтгэлд 45 бөх хамрагджээ. Улсын наадамд 5-6 нь барилдана. Тэдний дунд аймгийн арслан цолонд ойрхон байгаа бэлтгэл сургуулилт нь чамбайрсан хэд хэдэн бөх байлаа. Улсын заанаас эхлээд залуу бөхчүүд бэлтгэл сургуулилтдаа анхаарах нь тэр. Дэвжээнд улсын заан Б.Серик, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Баатарцол, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн арслан Б.Төмөрбаатар тэргүүтэй бөхчүүд манлайлж байна.“Өлгийн хүчтэн” дэвжээний хамт олон ес дэх жилдээ Харзтай амралтад гарч байгааг аймгийн хурц арслан М.Еркебулан хэллээ. Мөн улсын наадамд хэн илүү хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрдэг ч тухайн өдрийн од гэж байдгийг хашир арслан ярьсан юм. Анх “Өлгийн хүчтэн” дэвжээнийхэн галд гарахдаа 10 гаруй бөхийн бүрэлдэхүүнтэй Увс аймагтай хаяа залгаж бэлтгэлээ чамбайруулсан гэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам барилдах залуус нэмэгдсэн нь зүлэг ногоон дэвжээнд шинээр цолтнууд төрөх шалтгаан болжээ.
Өнгөрсөн жил “Өлгийн хүчтэн” дэвжээнээс хоёр аймгийн начин төрсөн бөгөөд бусад бөхчүүд нь одтой сайхан нааджээ. Энэ жил болон өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн хүчтэнүүд “Алтан цом”-д урамтай сайхан барилдаж шөвгийн наймт үлдсэн. Ирэх жил амжилтаа ахиулахын төлөө хичээнэ гэдгээ ярилаа. Жилийн дөрвөн улиралд хамтарч бэлтгэл хийж, нэг зорилгын дор нэгджээ.
Улсын өсөх идэр начин Н.Мустафа: Бөх хүн барилдах өгөгдөлтэй төрдөг
-Би “Өлгийн хүчтэн” дэвжээний хамт олонтойгоо найм дахь жилдээ бэлтгэлд гарч байна. Бүгд цолоо баталж, ахиулж амжилттай барилдана гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд энэ жил улсын наадамдаа найм дахь удаагаа хүч үзнэ. Аз од нь гийсэн бөх амжилтад хүрдэг. Би дэвжээний бөхчүүдээсээ сүүлд бэлтгэлд гарсан. Өөртөө тохирсон горимоор бэлтгэлдээ анхаарч явна даа. Үндэсний бөх нь бусад спорттой харьцуулахад урт хугацаанд барилдах боломжтой. Амжилт гаргахад тууштай байх чухал. Гэхдээ бэлтгэлдээ анхаараад явахаар ажил эрхлэх боломжгүй учраас санхүүгийн асуудал тулгарна. Нутгаас бөхчүүдээ дэмжих нь бэлтгэлд эерэг нөлөөтэй. Зорьсон зорилгоосоо хазайхгүй явахад бүх зүйл сайн сайхнаа дагуулна. Ер нь бөх хүн барилдах өгөгдөлтэй төрдөг. Наадмаар амжилт гаргахад бүтэн жилийн хөдөлмөр нөлөөлнө. Харин наадмын бэлтгэлд амралт, хоол, бэлтгэлээ чамбайруулах ёстой. Манайхаас энэ жил улсын цолонд У.Береке, М.Еркебулан, Б.Төмөрбаатар нар дээгүүр яригдаж байна.
Аймгийн заан С.Бат-Үүл: Өв соёлоо тээж яваадаа талархдаг
-Энэ жил манай дэвжээний хамт олон хойч үеэ бэлдэх зорилгоор залуу бөхчүүдээр хүч сэлбэсэн. Байгальд бэлтгэлд гарах нь олон давуу талтай. Заалны бэлтгэлээс асар ялгаатай. Барилдааны техник сайжирч байна. Туршлагатай, том цолтонууд өөрсдийн бэлтгэлд анхаарахаас гадна бусдадаа зөвлөдөг. Бидний онцлог гэвэл өөрсдийн мэддэг, чаддаг зүйлээ бусдадаа зааж зөвлөдөг. Би аймгийнхаа наадамд барилдана. Өмнө нь би орон нутагтаа ажиллаж, амьдарсан. Одоогоос жилийн өмнө хотод суурьшаад бэлтгэлдээ анхаарч байна. Спортоор хичээллэх нь хүний хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг. Биеэ зөв авч явах, төлөвшилд суралцдаг юм билээ. Өв соёлоо тээж яваадаа талархдаг.
Сумын заан Ш.Батырбек: Аймгийн цолонд хүрэх зорилго тавьсан
-“Үндэсний бөхөөр хичээллээд долоон жил болж байна. Жүдо, чөлөөтийн бэлтгэл хийж тэмцээн уралдаанд оролцдог. Би барилдах дуртай учраас спортын замналыг сонгосон. Би “Аварга” сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч. Мөн удам нөлөөлсөн болов уу. Манай аавыг Шарив гэдэг, аймгийн начин цолтой. Би өнгөрсөн жилийн наадмаар Баян-Өлгий аймгийн Бугат сумандаа барилдаж сумын заан цол хүртсэн дээ. Энэ наадмаар сум болон аймагтаа зодоглоно. Аймгийн цол хүртэх зорилго тавьсан. Бэлтгэлд гараад ах нараасаа суралцаж байгаадаа баяртай байна. Үлгэр дуурайлал авдаг бөх гэвэл улсын харцага Б.Зоригтбаатар болон нутгийн ах нар байна. Миний хамгийн том зорилго төрийн наадамдаа амжилттай барилдаж улсын харцага цолтой болно. Барилдааны онцлог бол түргэн шуурхай” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав.
Хүчтэнүүд бүх зүйлээ төлөвлөгөөний дагуу хийдэг. Өглөө эртлэн босож ойрын зайд гүйнэ. Дараа нь эхний бэлтгэлээ базааж, хоол унд, амралтаа зохицуулдаг гэдгийг дэвжээг удирдаж буй туршлагатай бөхчүүд онцоллоо. Бороотой өдөр гэхэд бөмбөг тоглож, хүчний бэлтгэлдээ анхаарна. Улсад зодоглох бөхчүүд долоодугаар сарын 8-нд бэлтгэлээсээ буудаг бол аймаг, суманд хүч үзэх нь хэд хоногийн өмнөөс барилдах газраа зорьдог ажээ.
Намба төгөлдөр говийн хүчтэнүүд
Алсад дүнхийх Гурван сайхан уул, холоос шаргалтах Хонгорын элс, эртний үлэг гүрвэлийн ул мөрийг хадгалсан Баязаг гээд тоочоод байвал дуусашгүй байгалийн үзэсгэлэнг бүрдүүлсэн нутаг бол Өмнөговь аймаг билээ. Энэ л сайхан нутгаас төрж гарсан бөхчүүд одтой бас хүчтэй. Манлай сумын харьяат улсын арслан Г.Дэмүүл, улсын заан Г.Цэдэггомбо, улсын заан Б.Баярхүү, улсын заан Ц.Одбаяр тэргүүтэй хүчтэнүүд өмнийн цэнхэр говиос тодорч мандсан билээ.
Улсын заан Ц.Одбаяр, улсын начин Ш.Дарханбат тэргүүтэй бөхчүүд бэлтгэлээ базааж байна
Эр зориг нь тэгширсэн хүчтэнүүдийн наадмын бэлтгэлээр зочлоход биднийг сайхан хүлээж авав. Монгол эр хүнд байх сайхан зан чанараар гоёж хүчтэний торгон дэвжээнд хийморио сэргээн зодоглож байна. Үүнээс гадна өсвөрийн бөхчүүд хоорондоо ноцолдоно. Тэдний дунд ирээдүйн том цолтой бөхчүүд байж мэднэ. Сүүлийн долоон жил тасралтгүй Харзтай амралтыг зорьсон гэдэг. Энэ удаагийн наадмын бэлтгэлд говийн хүчтэнүүд өнгөрсөн сарын 21-нд наадмын бэлтгэлдээ гарчээ. 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр их амжилтын төлөө хичээж байгаагаа дуулгасан юм. Үүнд улсын заан Ц.Одбаяр, улсын начин Б.Мижидсүрэн, улсын начин Ш.Дарханбат, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, аймгийн заан Б.Баянсүх тэргүүтэй бөхчүүд багтжээ. Бидний зочлох үед хүчтэнүүд тухайн өдрийн бэлтгэлээ дуусгаад амарч байхтай нь таарсан юм. 4-5 хүчтэн нэг гэрт байрласан байлаа.
Улсын заан Ц.Одбаяр болон улсын начин Ш.Дарханбат нар бэлтгэлээ удирдаж байна. Өдөрт хоёр удаагийн бэлтгэл хийж жилдээ ганц тохиох наадамдаа бэлдэж буй. Залуусын бэлтгэл хэдийн жигдэрчээ. Одоо зөвхөн зорилгоо гүйцэлдүүлэх л үлдсэн гэхэд хилсдэхгүй.
Энэ үеэр улсын начин Ш.Дарханбат “Харзтай манай нутгийн хүчтэнүүдийг ивээдэг. Энд бэлтгэл хийснээс хойш улсын цолтой бөхчүүд олон төрсөн. Манай дэвжээ өмнө жил аймгийн арслан, заан, начинтай боллоо. Энэ жил ч бөхчүүдийн бэлтгэл давгүй байна. Б.Баянсүх бүх цэргийн баяр наадамд дөрөвт үлдсэн. Мөн цэргийн начинтай болсон сайхан жил байна. Бөх бүр өөр өөрийн гэсэн төлөвлөгөө, зорилготой байгаа. Удахгүй тэд улс, аймаг, сумын наадмын дэвжээгээ зорино. Бэлтгэлээ цөмлөхгүйгээр сайн тааруулах хэрэгтэй. Шинэ цол хүртэх тамирчин андашгүй. Тэр жилээ заал танхимын барилдаанд өнгөнд зодоглосон байдаг даа. Амжилтад тухайн тамирчны хувийн зохион байгуулалт голлох үүрэг гүйцэтгэнэ. Мөн дэмжлэг чухал. Сэтгэл санаа тайван барилдаандаа төвлөрвөл амжилт гаргана. Сүүлийн үед залуус бөхийн спортод хүч түрэн орж байгаад талархдаг. Манай аймагт Чөлөөтийн дасгалжуулагч н.Ганзориг тамирчид бэлтгэж байна. Зарим залуус дэвжээний ах нар, бөхчүүдээ сайхан хүндэлдэг. Гэхдээ бусад нутгийн хүчтэнүүдээ адилхан хүндлэх хэрэгтэй" гэв.
Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн: Улсын наадмын дэвжээг зорино
-Манай нутгийн хүчтэнүүд нэгдэж бэлтгэлдээ гарсан. Нэгнээсээ суралцаж дутуугаа дүүргэж байна. Аль болох нэгэндээ мэх техникийг нь зөвлөнө,барилдаан болон хүч бяр жигдэрсэнд нь урам өгдөг. Миний хувьд мэх, техниктээ анхаарч, наадмын барилдаандаа төвлөрч байгаа. Манай дэвжээний хоёр багш зааж, зөвлөдөг. Түрүү жил сорилго барилдаанд түрүүлсэн. Мөн аймгийнхаа наадмын түрүү бөхөөр тодорч арслан цолоо хүртсэн дээ. Энэ жил улсын наадмын дэвжээг зорихоор зэхэж байгаа. Би сэтгэл зүй сайтай байх. Ямар ч цолтой хүнтэй өөрийнхөөрөө барилдахыг хичээдэг. “Говийн хүчтэн” дэвжээнийхээ хамт олондоо хандаж бүгд хүссэн цолоо хүртэж сайхан наадахыг хүсье.
Аймгийн заан Б.Баянсүх: Аав минь “Ухарч давснаас явж уна” гэж захидаг
-Бэлтгэлдээ гараад ихийг сурлаа. Одоо бол ид ачааллын үе бараг дууссан, амрахыг илүүд үзэж байна. Баяр наадмын өмнөх бэлтгэлд хамрагдсанаар бөхчүүд ямар зан чанартай, дэг журамтай болохыг нь ойлгодог. Тухайлбал, хоолонд орохдоо дэс дарааллаараа зогсдог онцлогтой. Эндээс нэгнээ хүндлэх, ёс жудгийг харж болно. Наадам дөхсөн учраас өөрийнхөө голлож хийдэг мэхээ бататгаж явна. Би наадмын бэлтгэлд 2014 онд гарсан. Чөлөөтийн бэлтгэл таван жил хийсэн. Харин 2019 оноос үндэсний бөхөөрөө дагнаж байгаа. Дэвжээнд гараад барилдахад чөлөөтийн суурь давуу тал болох нь бий. Манай өвөө, аав аймгийн заан. Аавын дүү нь мөн л аймгийн заан цолтой. Би удмынхаа дөрөв дэх заан цолтон нь. Ээжийн өвөө нь барилддаг байлаа. Аав минь “Ухарч давснаас явж уна” гэж захидаг. Тиймээс шуурхай барилдахыг хичээдэг. Аваргуудын барилдааныг харж суралцаж байна.
Сүүлийн 2-3 жил аймгийн наадамд түрүүлэхийг хичээсэн. Энэ зорилгоо гүйцэлдүүлэх бодолтой байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард тохойгоо гэмтээгээд хоёр сарын хугацаанд гам барилаа. Одоо бэртэл эдгээд, бэлтгэл жигдэрч байна. Шинэ зүйл сурч, өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг хичээдэг. Мөн сахилга баттай байхыг чухалчилдаг даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 129 (7373)