Ч.Гантулга 

Монголчууд бидний үнэн түүхийг гэрчлэх хамгийн чухал газар нь музей билээ. Музейд зочилсноор эх орон, өвөг дээдсийнхээ тухай олон мэдлэгийг өөртөө хуримтлуулах боломжтой. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ зун ажиллах музейнүүдийн тухай товч мэдээллийг хүргэж байна. 

 

1.“Чингис хаан” музей 

“Чингис хаан” Үндэсний музей нь 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр байгуулагдсан. Тус музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, макетаар дэглэн үзүүлж байна.

Үнэ: Том хүн 30.000

Хүүхэд 15.000

Цахим холбоос: https://chinggismuseum.com/

2.Дүрслэх урлагийн музей 

Чингис хааны алтан ургийн язгуур сурвалжтай Автай сайн хааны ач хүү Занабазар XVII-XVIII зууны Монголын дүрслэх урлагт онцгой үүрэг гүйцэтгэж, олон жил дайн тулааны хөлд нэрвэгдэж сульдсан үндэсний урлагийг сэргэн мандахад үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан билээ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзмэр, эд зүйлс нь урлаг, уран сайхан, угсаатны зүйн, түүх, археологи, шашин шүтлэгийн гэсэн төрөлд хуваагддаг. Нийт 16808 үзмэр цуглуулгатай. Үүнээс нийт үзмэрийн 14 хувийг урлаг уран сайхан, нэг хувийг түүхийн, найман хувийг угсаатны зүй, гурван хувийг археологийн дурсгал, 74 хувийг шашин шүтлэгийн цуглуулгууд эзэлдэг.

Үнэ: Том хүн: 8000 

Хүүхэд: 5000 

Цахим холбоос: Mongolia Museum of Art

3.Монголын үндэсний музей 

Засгийн газрын ордны баруун талд байрлах тус музей нь 1924 оноос үйл ажиллаагаа явуулж эхэлсэн, саг хөмрөг нь нэн эртний үеэс  өнөөг хүртэлх монголчуудын түүх, өв соёлын холбогдолтой 56000 орчим үзмэрээс бүрддэг, үндсэн есөн танхимтай. Зуны цагийн хуваарь/ 05.15-09.15/ Өдөр бүр 09:00-19:00 цагийн хооронд  ажиллана. 

Үнэ: Том хүн 20.000

Хүүхэд 10.000

Цахим холбоос: http://nationalmuseum.mn/

4.Улаанбаатар хотын музей 

Оросын буриад худалдаачин Цогт ГармаевичБадамжавын байшин юм.  Тэрээр 1919-1931 оны хооронд гэр бүлийн хамт амьдарч байсан бөгөөд энэхүү байшин нь Их хүрээний ганган байшингуудын нэг болж байсан аж. тус байшинд Монгол ардын намын төв хороо, Ардын засгийн түр хороо, Цэргийн төв штаб зэрэг байрлаж байв. 1956 оноос “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэйгээр байгуулагдаж байсан уг музейд нийслэлийн хөгжлийн түүх, соёлын холбогдолтой 3300 гаруй биет үзмэртэй.

Үнэ: Том хүн 10.000

Хүүхэд 5000

Цахим холбоос: https://www.ubmuseum.mn/

5.Театрын музей 

Олон улсын театрын өдөр буюу 1991 оны гуравдугаар сарын 27-нд байгуулагдсан тус музей нь Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний байранд үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын шинэ үеийн театрын хөгжлийг харуулахаас гадна өнөөдөр тоглогдож байгаа жүжиг, дуурь, балет, дуу хөгжмийн талаар мэдээлэл бүрдүүлэн судалгаа хийж  үзмэрийн сангаа /9500гаруй/ бүрдүүлдгээрээ бусад музейгээс онцлогтой.

Үнэ: Том хүн 5000

Хүүхэд 3000

Цахим холбоос: https://mongoliantheatremuseum.com/

6. Үлэг гүрвэлийн музей

2013 онд “Т.Батаар гэртээ ирлээ” анхны түр үзэсгэлэн хоёр сарын хугацаанд хагас сая гаруй үзэгчдийн хүртээл болж 120 сая төгрөгийн орлогыг улсын төсөв төвлөрүүлж чадсан уг музей нь ялалтын талбайд байрладаг. Монгол орны палеонтологийн олдворт газруудын гэрэл зургийн үзэсгэлэнг үзэх боломжтой бөгөөд энэ хэсэгт Монгол орны үлэг гүрвэлийн олдворт газар болох Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Хүрэн дух”, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Байшин цав”, “Амтгай”, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Нэмэгт”, “Хэрмэн цав”, Баянхонгор аймгийн Баянговь сумын “Бүгийн цав” зэрэг монгол орны үлэг гүрвэлийн олдворт газруудын гэрэл зургуудыг дэлгэн харуулжээ.

Үнэ: Том хүн 5000

Хүүхэд 3000

Цахим холбоос: http://www.dinosaurmuseum.mn/

7.Чойжин ламын сүм музей 

1904-1908 оны хооронд Халхын бүх аймаг хошуудаас 300гаруй шилдэг урчууд цуглуулан, Хүрээний уран дархан Омбо ламын удирдлага дор сүмийг байгуулжээ. 1942 оноос тусгай зочид, гадаадын элч төлөөлөгч нарт үзүүлж байгаад 1962 оноос олон нийтэд үйлчилж эхэлжээ.  Таван сүмийн барилга, 6000 гаруй түүх соёлын үнэт өвөөс бүрддэг. Уг музей нь Шангри латөвийн ард байрлах  ба зуны цагийн хуваарьт өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд ажилладаг.

Үнэ: Том хүн 15.000

Оюутан: 8000

Цахим холбоос: https://templemuseum.mn/

Эх сурвалж:www.zms.mn