Т.САЙХАН

УИХ-ын  2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулахтай холбогдуулан сонгуулийн санал өгөх эрх бүхий иргэд саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ бүрэн эдлүүлэх асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /06.27/ мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц:-УИХ-ын 2020 оны сонгуулийн хүрээнд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн нийт 10 хэргийг шийдвэрлэсэн. 2020 оны УИХ-ын сонгууль нийт 600 нэр дэвшигч бүртгүүлсэн байдаг. Эдгээр нэр дэвшигчийн 469 нэр дэвшигч нь Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн. Үлдсэн 137 нэр дэвшигч тайлангаа өгөөгүй. Тухайн үед торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Өнгөрсөн 2012, 2016, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийж ажилласан. Үр дүнд зарим санал авах байр тэргэнцэртэй иргэд орж, гарах зориулалтын зам байхгүй учир эдгээр иргэд саналаа өгөх боломжгүй байсан. Тиймээс 2024 оны сонгуульд өмнөх жилд тулгарсан зөрчлийг арилгаагүй асуудлыг шийдэх зөвлөмжийг хүргүүлсэн байгаа. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс нийт 1341 нэр дэвшигч оролцож байгаа. Нийт сонгогчид улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчдийг үзэн ядалт хүчирхийлэлд уриалахгүй байх, бусдын нэр төрийг гутаах зорилгоор худал мэдээ мэдээлэл тараахгүй байхыг анхааруулъя. Мөн эмэгтэй улстөрчдийг харлуулахгүй байх, хүйсийн хувьд гутаан доромжлохгүй байж хүндэтгэлтэй хандахыг уриалж байна. Нэр дэвшигчдийг багаар нь сонгуулах, сонгуульд оролцохоос татгалзуулах зэрэг сонгогчдын санал өгөх эрхэд нөлөөлөхгүй байх, худал мэдээ мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа. Мөн үймээн самуунд уриалахгүй  байж хүний сонголтыг хүндэтгэхийг сануулъя. Хүнийг үндэс, угсаа, хэл, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй байж Үндсэн хуульд заасан сонгох эрхээ бодитойгоор эдлэхийг уриаллаа.

Эх сурвалж:www.polit.mn