Т.БАТСАЙХАН

 

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа болон манай улсад сууж буй Элчин сайдын яамд,  олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд "Элчин сайдын мэдээ" буланг тогтмол явуулж байхаар болсон. Энэ удаа Япон, Вьетнам, АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газар,  Хонконгод суугаа  Элчин сайдын яам, консулын газрын  мэдээг тоймлон хүргэж байна.

 

Элчин сайд Б.Баярсайхан Японы дроны үзэсгэлэнд зочилжээ

Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын дроны холбооноос жил бүр зохион байгуулдаг “Japan drone 2024” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцов. Хоёр улс дроны нисгэгчдийг сургалтыг хамтран зохион байгуулах, Япон Улсад үйлдвэрлэж буй дроныг Монгол Улсад туршилтын нислэг хийх бол боломжийн талаар мэдээлэл өгөв. Уг үзэсгэлэнд 10 орны нийт 260 гаруй аж ахуйн нэгж оролцжээ.

 

Хонконгийн Лингнан их сургуульд Монгол Улсын оюутнуудыг суралцуулна

Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Лингнан их сургуулийн Гадаад хамтын ажиллагааны газрын захирал Саймон Шу, Хөтөлбөрийн менежер Виен Ли нартай уулзжээ. Уулзалтын үеэр Монгол, Хонконгийн боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар ярилцаж, Хонконгийн Лингнан их сургуульд Монгол Улсын оюутнуудыг суралцуулах, Монголын их, дээд, дунд сургуультай холбох зэрэг асуудлаар санал солилцов.Одоогийн байдлаар Хонконгийн Лингнан их сургуульд Монгол Улсын гурван оюутан суралцаж буйг Хонконгийн тал сайшаан тэмдэглэж, цаашид оюутнуудын тоо нэмэгдүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Энэ хүрээнд Монгол Улсын бүрэн дунд боловсролын дунд сургуулиудтай хийж буй уулзалтын цар хүрээг тэлж, Монгол Улсад зохион байгуулагдах боловсролын үзэсгэлэнд тогтмол оролцох хүсэл эрмэлзэл дүрэн буйгаа онцлов. Хонконгийн Лингнан их сургууль санхүү, бизнес, хүний нөөц, философи, сэтгэл зүйч зэрэг чиглэлийн 40 гаруй хөтөлбөртэй, дөрвөн тэнхимтэй,  зургаан мянга гаруй оюутантай,  нийт сурагчдын 20 хувь гадаад оюутнууд эзэлдэг онцлогтой. Мөн Хонконгийн Лингнан их сургууль Азийн шилдэг 100 их, дээд сургуулийн жагсаалтад багтдаг онцлогтой юм. Тус сургуулийн сургалтын төлбөр жилдээ 145.000 хонконг доллар (18.500 орчим ам. доллар), дотуур байр жилдээ 10.980-14.860 хонконг доллар (1.400-1.900 орчим ам. доллар) болохыг сургуулийн удирдлага танилцуулав.

 

Монгол, Вьетнам, Хятадын хооронд төмөр замын транзит байгуулна

Вьетнам Улсад суугаа Элчин сайд Ж.Сэрээжав Вьетнамын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Нгуен Минь Ву-тай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон энэ онд тохиож буй Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар санал солилцов.

Элчин сайд Ж.Сэрээжав хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, 2023 онд 120 сая ам.долларт хүрснийг тэмдэглэж, цаашид тээвэр, логистикийн саад бэрхшээлийг бууруулах, улмаар Монгол, Вьетнам, Хятадын хооронд төмөр замын транзит тээврийн гурван талт хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэргүүн дэд сайд Нгуен Минь Ву  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцаанд түүхэн чухал үйл явдал болсныг тэмдэглэж, энэ онд тохиож буй тэмдэглэлт 70 жилийн ойг угтсан дээд, өндөр түвшний айлчлалыг амжилттай хэрэгжүүлэх, ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, харилцааны түвшинг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх бэлтгэлийг хангах чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар П.Ариунтуяа, Ж.Долгоржав, Г.Дөлгөөн, Б.Мөнхзаяа, А.Энхбаяр нарт эхийн алдар одонг нь гардууллаа.  Ерөнхий консул Б.Мөнхбаатар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээж нартаа Монгол төр гүн хүндэтгэл үзүүлж, “Эхийн алдар” одонгоор шагнаж буйг дурдаад одонгоо гардан авсан ээжүүд болон үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 127 (7371)