Баатарын НЯМСҮРЭН

 

Хуудсыг сөхөх бүрд шинэ бодол, хүсэл тэмүүлэл, зорилгод хөтөлдөг ертөнц бол ном. Зохиогчийн оюун санаа, цаг хугацаа, хөдөлмөрийн үрээр бүтсэн ном бүр үнэ цэнтэй. “Зууны мэдээ сонин “Би номынхоо тухай” буландаа “Андгай” номын зохиогч, ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзоригийг урилаа.

 

12 бүлэгтэй “Андгай” тууж мэндэлсэн түүх

-Миний хувьд 2007 оноос  хил, хилчдийн тухай дуу, шүлэг бичиж эхэлсэн. Тухайн үеэс хилчдийн тухай сайхан кино хийчих юм сан гэж бодож явсан. Хилчдийн амьдралыг мэддэг учраас “Андгай” туужаа бичсэн гэж ойлгож болно. Ингэхдээ 12 бүлэгт хувааж, уншигчдад ойлгомжтой байлгахыг хичээлээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө нэг найзтайгаа хилчдийн ажил, амьдралыг өгүүлсэн кино хийх талаар ярилцсан. Найз маань надад кино зохиолыг нь бичих санал тавьж билээ. Би өмнө нь кино зохиол, үргэлжилсэн үгийн төрлөөр бичиж үзээгүй гэдгээ хэлсэн. Гэтэл удалгүй надад киноны зохиол жишээ үзүүлэхэд уншаад кино зохиолоо эхлүүлж байлаа. Удалгүй цар тахал гарсан учраас энэ ажил хэсэг хугацаанд зогссон. 2022 оны өвөл нөгөө зохиолоо ном болгож бичихээр шийдсэн.

 

Гурван найзаар төлөөлүүлж гол санаагаа илэрхийлсэн нь уншигчдад таалагджээ

 

Хугацаат цэргийн албыг хил дээр хааж, гэрээт хилчний албанд орсон гурван найзаар төлөөлүүлж гол санаагаа илэрхийлсэн. Тэд найман жилийн дараа нэг хэрэг дээр гурван өөр өнцгөөр уулзаж байгаагаар зохиол эхэлдэг. Зохиолдоо эр хүний ноён нуруу, үнэнч нөхөрлөлийн тухай өгүүлэхийг хичээлээ. Мөн үндэсний аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн эрчүүд өргөсөн тангарагтаа үнэнч байдгийг харуулахыг зорилоо. Зохиолд зөвхөн хилийн цэргийн тухай өгүүлдэггүй. Цагдаа, тагнуул, цэрэг дайчдын дүр гарна. Эдгээр хүмүүс ямар ч тохиолдолд эх орныхоо төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг. Тухайлбал, цагдаагийн офицер Чингис.  Энэ дүрээс монгол эр хүний ноён нуруу, ёс зүй, хүний төлөө гэсэн сэтгэлийг харах боломжтой. Учир нь энэ дүр бодит дүр гэж хэлж болно. Уншигчдаас сэтгэгдэл их ирж байна. Тэдний 70 орчим хувь нь нэг дор уншиж дуусгасан гэж хэлсэн. Мөн эсрэг дүрээ сайн гаргаагүй гэдгийг хэлэх хүмүүс бий. Магадгүй би энэ амьдралд муу хүмүүстэй таараагүй болохоор эсрэг дүрийг хурцалж гаргаагүй байх. Одоогоор хамгийн залуу нь зургаан настай уншигч байна. Уншаад ойлгохгүй зүйлээ ойр тойрны хүмүүсээсээ асуусан нь эгдүүтэй санагдсан. Миний хувьд бүх насныхан уншихад тохиромжтой ном гэж боддог. Ахлах ангийн сурагчид уншвал ихийг ойлгоно. Туужийн хамгийн сүүлийн хэсэг, дээр нь “Адал явдал дуусдаггүй” гэж төгсгөсөн нь цааш үргэлжлэл байгаа гэсэн санааг илэрхийлээд байж мэднэ. Уг нь номоо бичиж дуусаад үргэлжлэл болгож дахин бичнэ гэж бодоогүй. Харин олон уншигчид дараагийн ном хэзээ гарах вэ гэж асуусан нь үргэлжлүүлж бичих сэдэл, урам өгсөн. Дараагийн номын үйл явдал мэдээж сонирхолтой өрнөнө. Одоогоор зохиолоо  бодож, төлөвлөөд л явж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 126 (7370)