Б.ТУУЛ
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос УИХ-ын сонгууль явагдаж буй энэ өдрүүдэд "Үндэсний мэдээллийн төв"-д цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь, тус холбооныхон намуудын мөрийн хөтөлбөрт судалгаа хийж үзээд, шатахууны нөөц бүрдүүлэлтийн талаар дорвитой санал санаачлага гаргаагүй учраас энэ талаарх мэдээллийг хийж байна гэсэн юм.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр хэлэхдээ “2015 онд хийсэн Шатахууны нөөц бүрдүүлэх савын гэрээ өнөөдөр 2024 он болж байхад, тодорхой шийдэлд хүрсэнгүй, өнөөдөр есөн жилийн нүүрийг үзэж байна. Монгол Улсын нийт шатахууны жилийн хэрэглээ 2.400 мянган тонн байдаг. Бид сар бүр татан авалт хийдэг. Нийт шатахуун татан авалтын 91 хувийг хувийн байгууллагууд буюу ченжүүд хийдэг.
Монгол Улсын заавал байх шатахууны нөөц нь 150 мянган тонн. Засгийн газрын шатахуун хадгалдаг нөөц 11.500 мянган тонн байдаг. Хэрвээ хувийн компаниуд шатахуун татан авалтаа зогсоовол Монгол Улсын шатахуун импортлох ажил тэг зогсолтод орно. Үүнээс үүдэн бүх юмны хомсдолд орно. Гэтэл намууд мөрийн хөтөлбөртөө шатахууны агуулах, нөөц бүрдүүлэх сав барих тухай дорвитой санал санаачлага тусгаагүй байна. Намууд нефтийн үйлдвэр барина гэж ярьдаг хэрнээ өнөөдөр нүдэнд үзэгдэж гарт баригдах бодит ажил байхгүй, цонхны цаанаас мөс долоолгосон хэвээрээ байна.
2020-2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт нефтийн үйлдвэр барина гэж тусгагдсан ч өнөөдөр энэ ажил ямар явцтай, хэдэн хувьтай урагшилж байгааг бид харж байна. Тиймээс одоо нефтийн үйлдвэр барих гэхээс илүү нөөц бүрдүүлэлтээ сайн хийх хэрэгтэй байна” гэлээ. Мөн “Манай улс шатахууны нөөц бүрдүүлэлтээ хангалттай хийхийн тулд Монгол Улсын Засгийн газар 2015 онд “Нэйшнл Трейдинг Энд Транспорт Групп” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээг цуцлах хэрэгтэй. Мөн энэ компанийн ард хэн байна, үйл ажиллагаа нь ямар шатандаа явж байгааг олон нийтэд ил тод мэдээлэх цаг нь болсон. Энэ компанийн үйл ажиллагаа элдэв шалтаг тоочиж сунжраад, 2023 онд энэ концессийн гэрээг дахин хоёр жилээр сунгасан. Гэсэн ч ажил нь урагшлахгүй хэвээрээ байна. Тиймээс одоо энэ гэрээг цуцлах хэрэгтэй. Монгол Улсад шатахуун импортлох асуудал эцэстээ Монгол Улсын Засгийн газрын асуудал бус зөвхөн шатахуун импортлогчдын асуудал болж хувираад байна.
Тиймээс УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй намуудын мөрийн хөтөлбөрт судалгаа хийж үзлээ. Энэ удаагийн сонгуульд нийт 19 нам, хоёр эвсэл сонгуульд оролцож байна. Эдгээрээс ердөө ганцхан нам шатахууны нөөц бүрдүүлэлтэд анхаарал хандуулж, санал тусгажээ. Зөвхөн Иргэний зориг ногоон нам энэ ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Иймд нийт жолооч нар, шатахуун импортлогчдод хандаж хэлэхэд шатахууны нөөц бүрдүүлэлтийн хуулийг батлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай зохицуулалтыг тусгасан Иргэний зориг ногоон намыг дэмжээд өгөөсэй гэсэн хүсэлтийг уламжилж байна гэв.
Эх сурвалж: www.zms.mn