Б.ТУУЛ

Өнөөдөр буюу 2024 оны зургадугаар сарын 25-нд “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д  11:30 цагаас Иргэний хөдөлгөөний намын дэд дарга А.Мөнхбат, Ж.Занаа тэргүүтэй гишүүд хэвлэлийн бага хурал хийлээ. Намын гишүүд энэ удаагийн хурлаар УИХ-ын сонгуулийн ард байгуулагдах УИХ, Засгийн газрын бүтцийн талаарх шийдвэрээ танилцууллаа. Өөрөөр хэлбэл,   2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 124 хүнийг дэвшүүлж, 160 мянган гишүүнээр хүрээгээ тэлж үндэсний хэмжээний нам болж, найман жилийн дараа сонгуульд оролцож байгаа Иргэний Хөдөлгөөний Нам сонгуулийн ялалтын ард байгуулагдах УИХ, Засгийн газрын бүтцийн талаарх шийдвэрээ гарган  дараах байдлаар тоймлон танилцуулсан юм.  

Тус намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр энэ удаа байгуулагдах ИХ-ыг Ардын Их Хурал гэж оноосон нэрийг өгсөн. АИХ Төрийн нэгдмэл эрх зүйт хөгжлийг хангана.  АИХ-ын үндсэн бүтэц 17 байнгын хороотой байна гээд байнгын хороодыг танилцуулж байна.

Тус намын төлөвлөснөөр 17 байнгын хороо нь:    

  1. Аюулгүй байдлын нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  2. Төрийн байгуулалтын нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  3. Хууль цаазын нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  4. Олон улсын нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  5. Төрийн мөнгөний нөөцийн нэгдмэл эрх зүйлт хөгжлийн байнгын хороо
  6. Хөрөнгө, санхүү, төсвийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  7. Иргэний нийгмийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  8. Байгал, экологийн тэнцвэрт нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  9. Соёл иргүншлийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  10. Хөдөө аж ахуй, эдийн засгийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  11. Хөдөлмөрийн нэгдмэл эрх зүйт хөгжлийг байнгын хороо
  12. Мэдээллийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  13. Шинжлэх ухаан, Гэгээрлийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  14. Боловсрол, эрүүл мэндийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  15. Үндэсний стандарт, мэргэжлийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  16. Даатгалын сангийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо
  17. Бүтээн байгуулалтын нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо байхаар тусгажээ.

Иргэний хөдөлгөөний намын мөрийн хөтөлбөрт “Нэгдмэл эрх зүйт Монгол хөгжил” гэсэн байгаа,  үүнийг хангах зорилготой аж. Мөн засаглалын нэгдмэл эрх зүйт хөгжлийг хангах Ардын Засгийн газар-аа зарлаж байна. Энэхүү Ардын Засгийн газар нь хоёр танхимтай байна. Сайд нарын танхим, Захирагч нарын танхимаас бүрдэнэ гэдгийг тодотгосон юм.

Намын улс төрийн шийдвэрээр Намын дарга Ө.Баяраа Ардын Засгийн газар -ын тэргүүн Ерөнхий сайдаар, намын дэд дарга А.Мөнхбат Ардын Их Хурал-ын даргаар ажиллахаар улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан. Сайд нарын танхим нь нийт есөн  яамтай байхаар төлөвлөжээ. Тухайлбал,

  1. Улсыг батлан хамгаалах цэргийн яам
  2. Улсын төрийн хэргийн харилцааны яам
  3. Улсын их засгийн хууль зүйн яам
  4. Улсын үндэсний соёл, гэгээрлийн яам
  5. Улсын боловсрол, эрүүл мэндийн яам
  6. Улсын нийхмийн хариуцлагын хөдөлмөрийн яам
  7. Улсын үндэсний эдийн засгийн хөгжил, санхүүгийн яам
  8. Улсын үндэсний эдийн засгийн эрчим хүчний яам
  9. Үндэсний эдийн засгийн улс ардын аж ахуйн яам байхаар тусгасан байна.

Харин энэхүү есөн яамны онцлог нь гурван үндсэн нэгдсэн хөгжлийн яам ажиллана. Яамдыг шадар сайд нар толгойлно. Захирагч нарын танхимыг Тэргүүн шадар сайд толгойлно. Дотор нь бүсийн захирагч нар шадар сайдаар орж ирнэ. Аймаг, дүүргийн засаг дарга нарыг Захирагч гэж нэрлээд, Монгол Улсын сайдын хэмжээнд танхимын буюу Засгийн газрын гишүүнээр анх удаа тавьж байна гэсэн юм.

   Сайд нарын танхим нь Ерөнхий сайд болон хоёр сайд, 15 гишүүнтэй. Захирагч нарын танхим 37 хүний бүрэлдэхүүнтэй, нийт үндсэн танхимын бүрэлдэхүүн 49 хүнтэй ажиллана. Хоёр танхимын тэргүүнийг намын ЕНБД Б.Бат-Уул, намын Дэд дарга А.Лхагвасүндэв нараар толгойлуулна. Есөн яамны сайд, 37 агентлагын асуудал дээр нам харгалзахгүй тухайн салбарт мэргэшсэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй улсыг Ардын танхимын саналд үндэслэн сонгож томилох юм байна.

“Ардын танхим” гэх цоо шинэ институцийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газартай эн тэнцүү иргэдийн төрийн үйл хэрэгт оролцох эрхийг баталгаажуулах юм байна. “Ардын танхим” нь чиг үүргийнхээ хүрээнд сайд нарын томилгоо, захирагч нарын томилгоо, төрийн алба хаагчдыг томилгооны үндсэн сонгон шалгаруулалтыг хийх юм байна. Мөн үндэсний нэгдмэл эрх зүйт хөгжлийг хангаж ажиллана гэв.  Үүнд:

А. Иргэний танхим

Б. Эдийн засаг, бизнесийн танхим

В. Шинжлэх ухааны академи

Г. Үйлдвэрчний танхим

Д. Нутгийн хөгжлийн танхим гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй байна.  

Энэхүү бүтэц нь төрийн бүхий л ажиллагаанд нийтээрээ эвлэн нэгдэж ажиллах бололцоог бүрдүүлж байгааг хуралд оролцсон тус намын төлөөллүүд онцолсон юм. Ингэснээр “улсын нэгдмэл хөгжил” бүрэн хангагдана гэж үзэж байгаа аж. Иргэний хөдөлгөөний намын бодлого цэвэр монгол онол дээр суурилсан гэлээ.  Ийнхүү Иргэний хөдөлгөөний намын “Монгол Сонголт” уриатай  Ардын их хурал, Ардын Засгийн гзар, Ардын танхим  энэ удаагийн хэвлэлийн бага хуралд улсын төлөвлөгөөг хэрэгжүүлэх бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулсан юм. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд мэдээлэл хязгаарлагдмал хүрэх учир Иргэний хөдөлгөөний намын УИХ, Засгийн газрын бүтцэд томилогдсон гишүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг мөн хүргүүлж байлаа.

Эх сурвалж: www.zms.mn