УИХ-ын сонгуулийн баруун бүсийн тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Баярсайхан Ховд аймгийн иргэд сонгогчидтой хийх уулзалтаа Дарви сумаас эхлүүлсэн. Тэгвэл өчигдөр Монгол Алтайн нуруунаас эх аван урсах үзэсгэлэнт Буянт голын хөндийдөө суурьших Жаргалант сум буюу Ховд аймгийн төвд иргэд сонсогчидтойгоо хийх уулзалтаа үргэлжлүүлжээ.  Тэрээр "Баруун Монголын олон ястны өлгий Ховд аймаг Баруун бүсийн хөгжлийн эрчим хүч, эко үйлдвэрлэл, ХАА, хөнгөн үйлдвэр, боомт, тээвэр, логистикийн гол тулгуур бөгөөд ирэх жилүүдэд дээрх чиглэлийн хүрээнд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн бүтээн байгуулалт өрнөх юм.

Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн 90 МВТ-ын усан цахилгаан станц, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн чиглэлийн 220 кВ-ын 468.3 км цахилгаан дулаан дамжуулах агаарын шугам, Ховд аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөж, хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ, Мянгад Хонгиогийн гүүр хүртэлх 32 км автозам, Ховд-Улаангом чиглэлийн 70 км автозам зэрэг бүтээн байгуулалт хийгдэнэ. Түүнчлэн дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их сургуулийн хотхоныг Ховд аймагт байгуулна" гэжээ. 

Эх сурвалж: www.polit.mn