Б.Нямсүрэн

Урин дулааны цагт хүмүүс эрүүл мэнддээ анхаарах нь бий. Та амралт, сувилал сонгохоор төлөвлөсөн бол анхаарлаа нааш түр хандуулаарай. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын жагсаалтыг танилцуулж байна. 2019 оноос хойш ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд ЭМДЕГ-тай гэрээ бүхий 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн хэрэгцээтэй тусламж, үйлчилгээ авах боломжтой.

1.“Богд уул” сувилал

“Богд уул” сувилал нь Богдхан уулын өвөрт Зайсангийн аманд байрладаг. Хэрэв та уламжлалт эмчилгээ, үйлчилгээ сонирхож байгаа бол тус сувиллыг сонгож болно. Улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны сувилгаа, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна. Уламжлалт засал эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, хөдөлгөөн заслаас гадна уламжлалт засал эмчилгээний кабинетуудад зүү төөнүүр, хануур самнуур, бариа засал, бумба, алт, мөнгөн түрэм, шавар, парафин үйлчилгээ үзүүлнэ. Мөн сэргээн засах эмчилгээний кабинетуудад цахилгаан эмчилгээ, дулаан эмчилгээг орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар бэлтгэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчилж байгаа аж.

Утас: 99161367, 77181065

2.“Интенсивекаре ХХК”-ний сувиллын газар

Тус сувиллын газар нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14-р хорооны Өлзийт  тосгонд байрладаг. Энэхүү сувиллын газар нь эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг бөгөөд нөхөн сэргээх эмчилгээ, сувиллын үйлчилгээ үзүүлдэг. Биеийн тамирын дасгал, физик эмчилгээ, массаж зэрэг үйлчилгээг багтаасан. Мөн амралт, сувиллын орчинд амрах, сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой. Эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийж, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөө өгдөг. Эрүүл хооллолтын талаар зөвлөгөө өгч, тусгай хоолны дэглэмээр үйлчилж байна.

Утас: 99115038

3.“Төгөл” сувилал

Анх 2004 онд найман орон тоотой, 40 ортойгоор “Төгөл” ахмадын сувилал нэртэйгээр байгуулагджээ. Тус сувилал нь сэргээн засах тусламж үйлчилгээний 90 ортой. Уламжлалт эмчилгээ, физик эмчилгээ, хөдөлгөөн засал эмчилгээ, усан эмчилгээ, алжаал тайлах, парафин эмчилгээ хийдэг.

Утас: 91143838, 77161188

Цахим холбоос: Home (tugulsanatorium.com)

4.“Оргил” рашаан сувилал

“Оргил” рашаан сувилал нь төрийн өмчит хувьцаат компани билээ.  Бүтэн биеийн болон хэсэгчилсэн бариа засал эмчилгээг хийж байна. Бие махбодь, сэтгэл санааг тайвшруулж, мэдрэл булчингийн үйл ажиллагааг сэргээх, нойр, цус тунгалгийн эргэлтийг сайжруулах, бүх биеийг чийрэгжүүлэх бариа засал хийдэг.

Утас: 77101144, 70101133

5.“Арга билэг” сувилал

“Арга билэг” амралт сувилал нь 1999 оноос уламжлалт эмнэлэг, эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 2007 оноос Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Мянганы зам дагуу Улаанбаатар хотоос 50 км-т нөхөн сэргээх эмчилгээ бүхий Амралт сувиллын цогцолбор байгуулан ажиллаж байна.

Утас:70173918

6.Цагдаагийн алба хаагчдын “Сүүж уул” сэргээн засах сувилал

Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилал нь байгалийн үзэсгэлэнт газар байрлах бөгөөд цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, тэдний гэр бүл болон ахмад ажилтнуудад хөнгөлөлттэй үнээр сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлдэг юм. Уламжлалт аргаар эмчилгээ, үйлчилгээ явуулдаг. Эмчилгээний давуу тал нь хоргүй, эмийн бус зөөлөн аргаар эмчилж, эд эсийг сэргээж бодисын солилцоог эрчимжүүлж, биеийн дархлааг сайжруулж бие махбодыг нөхөн сэргээж, эмчлэн эдгээдэг. Эмчилгээний үр дүнд нөлөөлдөг чухал эмчилгээ нь хоол юм. Тус сувилал нь мэргэшсэн дөрвөн тогоочтой. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн лаборатори шинжлүүлсэн амт чанартай, илчлэг, уураг, нүүрс усны агууламжийн чанар хангагдсан 28 нэр төрлийн хоолоор үйлчилдэг.

Утас: 94942255, 80252233

7.“Хужирт” рашаан сувилал ХХК-ний сувилал

Тус сувилал нь нийслэл хотоос 390 км, Өвөрхангай аймгаас 90 км-т  оршдог. Төрийн өмчийн хорооны шийдвэрээр 2008 онд хувьчлагдсан. Цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэр болох төвийн эрчим хүчний системд холбогдсон байна. “Хужирт”  рашаан сувилал нь захиргаа, эмчилгээ, санхүү, хоол үйлдвэрлэл гэсэн үндсэн бүтэцтэй. Зуны улиралд 800-1200, өвлийн улиралд 300 амрагч зэрэг хүлээн авах хүчин чадалтай.  21 аймаг төдийгүй гадаад орны сувилуулагчдыг хүлээн авч эмчлэн сувилж байна. Нийт сувилуулагчдын таван байртай. Үйлчлүүлэгч амрах 300 ортой гурван давхар хоёр корпус нь хоорондоо холбогдсон бөгөөд 3-5 ор бүхий 20 гэртэй /зуны улиралд/ сувилуулагчдын саналыг харгалзан люкс, хагас люкс, энгийн зэрэглэлээр өрөөний үйлчилгээ үзүүлнэ. Соёл амралт, үзвэр үйлчилгээ, мэдээлэл сургалт явуулах 100 суудал бүхий соёлын танхимтай.

Утас: 99093324

8.“Натурмед” сэргээн засах төв

“Шинэ Хужирт” ХХК-ийн Натур мед” сэргээн засах төв нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, Найрамдал Улаанбаатар хотоос 24 км, Олон Улсын “Найрамдал” цогцолбороос 400 метрийн зайтай, байгалийн үзэсгэлэнт Баянголын аманд байрладаг.  Эмчилгээ, хоол,  ядаргаа тайлна.   Байгалийн сайхан, орчин үеийн өрөө үйлчилгээ, тав тухтай ресторан, чадварлаг эмч, сувилахуйн баг бүрджээ. Ой модны хаяанд, цэвэр агаарт, бүх дэд бүтцэд холбогдсон, тав тух бүхий өрөөнүүдтэй, орчин үеийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уламжлалт, сэргээн засахын төв таныг хүлээж байна.

Утас: 96919191, 99040186

Цахим холбоос: Nature Med reha center /Натур Мед сэргээн засах төв үйлчлүүлэгчдийн грүпп/ | Facebook

Эх сурвалж: www.zms.mn