Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Улаанбаатар хотод хоёр өдөр дараалсан усархаг бороо орлоо. Цаг агаарын урьдчилсан төлвийг харахад өнөөдрөөс эхлэн дахин хоёр өдөр бороо үргэлжлэх ажээ. Тодруулбал, маргааш баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас болгоомжилж, сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулжээ. Ялангуяа Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт аялал зугаалга хийхээр төлөвлөж байгаа иргэдэд хандаж зургаадугаар сарын 21, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй учир усархаг борооны улмаас голуудын усны түвшин богино хугацаанд эрс нэмэгдэж үерлэх, зам даваанд гулгаа үүсэх, агаарын температур өмнөх хоногуудаас 10 гаруй хэмээр сэрүүсэх төлөвтэй байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ. Харин өнгөрсөн хоёр өдөр дараалж орсон борооны улмаас зарим газар нөхцөл байдал хүндэрсэн. Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар Завхан, Сэлэнгэ аймаг болон Тэрэлжид үерийн эрсдэл үүсжээ. Энэ тухай Завхан аймгийн ОБЕГ-аас тодруулахад “Одоогоор төвийн Жинст багийн дөрвөн гудамж, 26 хашаа, 10 гэр, найман байшин усанд автаад байна. Аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг аврах, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Айлуудыг нүүлгэн шилжүүлж, шинээр үерийн даланг сэргээх ажлыг хийж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Харин Улаанбаатар хот орчимд орсон борооны дараах нөхцөл байдлын тухай Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр их хэмжээний бороо орж, Эмээлт, 361-ийн гарам орчмоор нэг цаг үргэлжилсэн. Энэ үеэр онцгой байдлын байгууллагад 20 удаагийн дуудлага ирлээ. Тэдний дийлэнх нь хашаа, гэрт нь ус орсон, зам дээр тогтсон усанд машин боогдсон гэсэн дуудлага байсан. Үүнээс хоёр дуудлагын дагуу ус соруулах ажлыг зохион байгуулсан. Үерийн нөхцөл байдал үүсээгүй” гэв. Харин цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Улаанбаатар хотод үргэлжилсэн, аадар бороо орох бөгөөд энэ шөнө үерийн болзошгүй аюулаас сэргийлэхийг зөвлөжээ. Тиймээс орон сууцны хорооллын СӨХ, контор иргэдтэй хамтарч аюулгүйн арга хэмжээ авч, эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.

Зургаадугаар сарын 21, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 122 (7366)