"Их Монгол гүрнийн түүхийн гадаад эх сурвалжийн чуулган" номын нээлтийг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбараас зохион байгууллаа. Тус номыг шинжлэх ухааны доктор /Sc/, МУИС-ийн эмерит профессор, гавьяат багш Э.Равдан орс хэлнээс хариуцан орчуулж, эрхлэн эмхэтгэсэн байна. Тэрээр энэ номон дээр 20 жил ажиллажээ. Э.Равдан "Энэ ном гадаад улс орнуудад Их Монгол гүрнийн түүхийн эх сурвалж бичгүүдийг санаатайгаар гуйвуулж, хэдэн түмээр хэвлэгдэн гарч байгаа түүхийг түүхийрүүлсэн ном зохиолд өгөх зүй ёсны хариулт болно хэмээн бид найдаж байна. Түүхийн эх сурвалжуудын орчуулгад ерөнхий зарчмын үүднээс 800 гаруй жилийн өмнө үйлдсэн их, бага сурвалжуудад бид хүндэтгэлтэй хандаж, эхийг аль болохоор хадгалахыг хичээсэн. Бичгийн энэ сурвалжууд нь уран зохиол огт биш тул тэдгээрийг баримт бичигтэй дүйлгэн үзвэл илүү зохистой мэт санагдана. Тиймээс бид тэдгээрийг аль болох утгачлахгүй, үгчилж буулгахын сацуу, үгийг дагалдах өндөр, доромж гэсэн үнэлгээний өнгө аясыг нь хүртэл аль болохоор орхигдуулахгүйг хичээсэн болно. Харин энэ сурвалжуудын агуулгын чанар чансаа, үнэн худлын талыг нь орчуулагч биш, мэргэжлийн судлаач төдийгүй, жирийн уншигч шүүх тул түүнд оролцох нь орчуулагч бидний хэрэг биш. Гэхдээ эхээс үүдэлтэй хазайсан хэд хэдэн гажилт буйг дэлгэе. Эзэн богд Чингисээсээ эхлэн түүний алтан ургийнхан, хаад, ноёд, жанждын нэрийг сурвалж бичгийг үйлдсэн олон үндэстэн бичээч, түүхчид, жуулчид, бусад хүн өөрийнхөө эх хэлнийхээ авиа зүйн бүтцийн үүднээс галигласан эсвэл бусдаас сонссоноороо буулгасан нь өнөөгийн монгол хэлтэн ямар ч хүнд ойлгомжгүй. Хэнийг хэлж байгаа нь мэдэгдэхгүй тул тэдгээрийг бид боломжтой бүх тохиолдолд маш болгоомжлон монголоороо буулгав. Боломжгүй, бидний мэдлэгээс хальсан тохиолдолд байсан хэвээр нь үлдээсэн нь нэн харамсалтай тул засаж залруулж ухаарахыг уншигч олноосоо хүсье.
Энэ гажилт нь хөг аялгаар утга илэрхийлдэг хятад хэлээр үйлдсэн эх сурвалжууд төдийгүй араб, сири, перс, кавказын олон хэл аялгуу, Европын олон хэлэнд хамаатай. Энэ олон хэлээс орос хэлнээ хөрвүүлсэн олон сурвалж бичгээс бид хөрвүүлсэн нь оросоор бичсэн хүн болоод биетэд оноосон бусад нэрийг монголчилж буулгав. Өөр нэг гажилт нь сурвалж бичгүүдийг бид бүрэн эхээр нь биш, зөвхөн Монголын түүхтэй шууд холбогдолтой хэсгийг нь түүвэрлэн буулгасан тул тодорхой түүхэн үйл явдал 2-3 сурвалжид аль нэг байдлаар давтагдах тохиолдол гарсан. Мөн хөрвүүлгийн явцад хаан-хан, ван-гүнтэй ижил түүхт хүмүүсийн цол хэргэм, олон шашинт хүмүүсийн зэрэг дэв, зан үйлийн оноосон нэр нь монгол хэлнийхтэй огт дүйхгүй тул гүжирдсэн явдал цөөнгүй гарсныг нуулгүй өчье. Залруулж ухаараасай" хэмээн нээлтийн үеэр хэлж байсан юм.
Шинжлэх ухааны доктор /Sc/, МУИС-ийн эмерит профессор, гавьяат багш Э.Равдан.
ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор /Sc.D/ Ц.Цэрэндорж номын нээлтэд үг хэллээ.
Эх сурвалж www.zms.mn