Б.Алтангэрэл
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд Амгалан төрөх эмнэлгийн чанх урд 3050 айлын 29 блок, 16 давхар баригдаж буй "Офицер" хорооллын захиалагч нар мэдээлэл хийлээ. Тус хороолол 2021 оны нэгдүгээр улирлаас захиалга авч, 2022 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөсөн ч одоог хүртэл байрандаа орж чадахгүй байгаа талаар хохирогчид хэлэв. Тус хорооллоос эхний байраа ашиглалтад оруулсан боловч 120 айлын захиалагчтай байрыг нь улсын комисс хүлээж авахгүй байгаа аж.
Энэ талаар хохирогчдын төлөөлөл "Энэ хорооллыг "Таун констракшн" барьсан. Компани болон газар өмчлөгч иргэнийн маргаанаас болоод нэг хүний гарын үсэг дутуу учраас улсын комисс хүлээж авахгүй байна. Үүнээс болж 120 айл, өрх байрандаа орж чадалгүй таван сарын нүүр үзлээ. Аргаа бараад энэ асуудлаар иргэд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой уулзсан.
П.Сайнзориг дарга өнгөрсөн бямба гарагт нэг шийдэлд хүрэх үүрэг өгсөн ч арга хэмжээ аваагүй. Шаардлагатай бол "Нөхөрлөл" төрийн бус байгууллагыг татан буулгах талаар ч ярьсан. Уг нь бидний ойлгож буйгаар ямар ч маргаангүй газар орон сууц барих ёстой. Энэ байрнаас хэд хэдэн байр барихаар барилгын ажил нь явагдаж байгаа. Улсын комисс хүлээж авахгүй бол цаашлаад 1000 гаруй өрх хохирох эрсдэл бий. Барилга нь бэлэн болсон ч айлаа оруулахгүй байгаад гомдолтой байна " гэв.