Т.САЙХАН

Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.06.17/ болно. "Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн тавдугаар сард /2024.05.20/ "Сүлд" чуулгын байранд болсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан юм.Урьдчилсан хэлэлцүүлгийг өмнө нь дөрөвдүгээр сард /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр бас хойшлуулж байв. Энэ хэргийг гурван сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн эсэхийг хэлэлцэх байв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг. Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон талаар өмнө нь мэдээлж байв. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгсөн байдаг.  

Эх сурвалж:www.polit.mn