Баатарын НЯМСҮРЭН

 

Жүжигчний мэргэжил ямар ч дүрийг амилуулж үзэгчдэд догдлол, баяр баясал, хөнгөн гуниг, ухаарал өгдөг шидтэй. Энэ амьдралд олон дүрд хувирч үзэх азтай хувь гагцхүү жүжигчин хүнд заяажээ. Бусад салбарын мэргэжилтэй харьцуулахад жүжигчний авьяас, үйлс бахархам бас амаргүй. Нийгмийн оюун санааг хөтөлдөг, цэнэглэдэг мэргэжил билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа дундаршгүй авьяас, хөдөлмөр зүтгэлээрээ түмэнд танигдсан гурван үеийн жүжигчдийг онцолж байна. Тэд бол гавьяат жүжигчин Ч.Сүхээ, Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ билээ. Эгэлгүй заяат гурван үеийн жүжигчдийн ажил, амьдралын гэгээн түүхийг сийрүүлэн бичсэнээ хүргэж байна.

 

Гавьяат жүжигчин өвөөгийн  дурсамж

БНМАУ-ын гавьяат жүжигчин Ч.Сүхээ нь Дундговь аймгийн Луус суманд төржээ. Авьяаслаг жүжигчин УБДС-ийн кино драмын ангийг төгсөж уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн түүхтэй. Тэрээр 1968 оноос эхлэн аймгийнхаа соёлын ордонд 26 жил урлаг, соёлыг түгээн дэлгэрүүлж, таниулж ажилласан гавьяатай уран бүтээлч. Хөгжимт жүжгийн театр болтол нь жүжигчин, найруулагч, уран сайхны удирдагч, даргаар нь ажилласан гэдэг. Аймгийнхаа театрын тайзнаа тоглож буй бүх жүжигт ажиллаж түүхэнд мөнхөрсөн хүн ажээ. Мөн “Хүний эрх”, “Үнэн мөнөөрөө” зэрэг 20 гаруй жүжиг, концертуудыг олонд толилуулсан байна. Түүний найруулж, олны хүртээл болгосон “Бүрээн дуунаар” жүжиг нь 1979 онд олон улсын хүүхдийн жилд зориулсан уран бүтээлийн улсын уралдаанд II байр эзэлсэн түүхтэй. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж явсан алтан үеийн жүжигчдийн тод өнгө билээ. Мэргэжлээ тултал эзэмшсэн, өөрийн гэсэн жүжиглэх арга барилтай, хийж бүтээх хүсэлд хөтлөгдсөн жүжигчин байсан гэдэг. Гавьяатын хань нь урлагийн мэргэжилтэй.

Ч.Сүхээгийн авьяас, жүжигчний ур чадварыг магтах хүн олон. Дүрээ гаргахаар нүүрээ хувиргаж, тайзны хувцсаа өмсөхдөө тэр дүрээ бүрэн  илэрхийлдэг байжээ. Түүнд хувирч үзээгүй дүр үгүй байх. Гавьяат мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах нь дараа дараагийн уран бүтээлчдэд үлгэр дууриал болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь уран бүтээлийн цомог болон дүрийн судалгааны дэвтэр хөтлөхөөс гадна жүжигчний уран чадварын онол, практикын бичвэрүүд, товхимлуудтай ажээ. Энэ үнэ цэнтэй, нандин их өв, мэргэжлийг нь хүү С.Ариунбямба нь хайрлан дээдэлж, уншиж, судалж дутуугаа дүүргэдэг гэнэ лээ.  

 

Соёлын тэргүүний ажилтан аавын хөрөг

Гэр бүлийнхээ авьяасыг өвлөж, үйл хэргийг  нь үргэлжлүүлж яваа ачлалт хүү бол Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Ариунбямба билээ. Тэрээр багаасаа л аавынхаа ажлаа хийж байгааг хажуугаас нь харж, жүжигчин хүний жаргал зовлонг багаасаа мэдэрсэн нэгэн. Ингэхдээ аавынхаа мэргэжлийг эзэмшиж жүжигчин болохоор шийджээ. Оюутан болохдоо СУИС-д Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Сугарын удирдлага дор суралцаж жүжигчин, найруулагч мэргэжлээр 2000 онд төгссөн байна. Ажлын гараагаа аавынхаа ажиллаж байсан Дундговь аймгийн  Төв халх дуулалт жүжгийн театраас эхэлжээ. Театрыг сонгож, уран бүтээлийн гараагаа эхлэхдээ "Худалч эхнэр” жүжгийн Уильям, “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Кочкарев, “Ялагдашгүй ганцаардал”, “Хүүхэн засуул” гээд дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжигт  гол, туслах дүрд ажилласан юм. Түүний театрт өнгөрүүлсэн цаг хугацаа үнэ цэнтэй, магадгүй тэр цаг хугацаа өнөөдрийн С.Ариунбямбыг бүтээсэн байж мэднэ. 

 Өдгөө түүнийг үзэгчид олон дүрээр нь андахгүй мэднэ. Тухайлбал, “Ану хатан” киноны Данжила баатар, “Тэгри чину” киноны Хадун соёо, “Ар хударга” киноны Канжо, “Содура” киноны Мажыр тэргүүтэй олон дүрд ажиллаж яваа хөдөлмөрч уран бүтээлч юм. Түүний ажилласан анхны дэлгэцийн уран бүтээл бол одоогоос 22 жилийн өмнө “Гашуун аялгуу” билээ.  Үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа Тайланд улсад зураг авалтаа хийсэн “Үхлийн тойрог” кинонд ажилласан зогсошгүй хөдөлмөрч, авьяасын ундаргатай жүжигчин. Мөн гадаадын уран бүтээлд ажиллаж мэргэжлийн ур чадвараа гайхуулж яваа энэ цагийн шилдэг уран бүтээлчдийн нэг. Мөн найруулагчийн мэргэжлээ ч орхиогүй. Хэд хэдэн бүтээлийг өөрийн арга барил, авьяас туршлагаараа найруулсан удаатай.  Ажилласан дүрээ чин сэтгэлээсээ гаргаж, чадварлагаар илэрхийлэх нь үзэгчдийн хайр, хүндлэлийг хүлээсэн байж мэднэ. Үзэгчид С.Ариунбямбыг эсрэг дүрээр төсөөлдөг ч тэрээр ямар ч дүрийг гаргаж чадах чансаатай нь бүтээлүүдээс нь харагддаг. Жүжигчин С.Ариунбямба уран бүтээлийн онцгой арга барилтай. Тэрээр анх дүрд ажилласан цагаасаа эхэлж өөрт буусан мэдрэмжээ зурж тэмдэглэдэг байсан нь өдгөө дадал болжээ. Дэвтэр бал бариад дүрээ дүрсэлдэг хэмээн хамтарч ажилласан уран бүтээлчид нь ярьдаг, үнэлдэг.

Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямбын мөн чанар нь ажиллаж буй уран бүтээлээсээ тэс өөр. Амьдрал дээрээ их тайван хүлээцтэй, тэвчээртэй сайн хань, аав гэдгийг нь түүний хайртай хүмүүс нь хэлдэг. Түүний гэр бүлийн хүнийг н.Амарсанаа гэдэг бөгөөд мөн л жүжигчин мэргэжилтэй. Тэд амьдралын утга учир болсон авьяас, мэргэжлийг нь үргэлжлүүлэх хоёр сайхан охиныг төрүүлж, өсгөсөн. Том охин А.Номин-Эрдэнэ жүжигчин мэргэжил эзэмшсэн, өдгөө дэлгэцийн уран бүтээл, театрт ажиллаж байгаа. Харин бага охин нь дунд сургуулийн сурагч. Ирээдүйд гэр бүлийнхээ мэргэжлийг өвлөхийг үгүйсгэх аргагүй.

 

Гэгээн хүслээр жигүүрлэсэн жүжигчин охин

 

Гурав дахь үеийн төлөөлөл залуу жүжигчин А.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та удмын авьяасаа өвлөжээ. Урлагийн гэр бүлд төрж өссөн учраас багаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байв уу?

-Би гэр бүлийнхнээсээ жүжигчин мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч өссөн. Багадаа театрт их очдог байлаа. Эргээд бодоход миний өссөн орчин урлагтай холбоотой учраас театрт хайртай болсон байх. Би багадаа жүжигчин болно гэж бодож байгаагүй. Гэхдээ хүмүүс “Чи жүжигчин болно” гэж их хэлдэг байсан. Би бүжигчин, балетчин болох хүсэлтэй. Ээж агаарын гимнастикч, уран сайхны гимнастикч, уран гулгалтын тамирчин, мисс болоорой гэж хэлнэ. Ухаантай, бүгдийг чаддаг, мисс болно гэж бодох үе цөөнгүй. Дунд сургуульд байхдаа Монгол Улсын Консерваторийн ардын бүжгийн ангид суралцсан. Суралцах үедээ жүжигчний ур чадварын хичээлдээ их дуртай. Тухайлбал, нэг кино үзэж, ном уншлаа гэхэд эргэцүүлж бодно. Харин хөлөө гэмтээгээд цаашид бүжгээр хичээллэж чадахгүйд хүрсэн. Тэгээд жүжигчин мэргэжлийг сонгосон минь амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр гэж боддог.

-Жүжигчин мэргэжлийг сонгож СУИС-д хөл тавихад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Би СУИС-д Ардын багш Л.Чаминчулуун, Соёлын тэргүүний ажилтан Б.Хишигзаяа багш нарынхаа удирдлага дор суралцаж төгссөн. Миний багш нар  мөрөөдөлдөө хүрэх гүүрийг минь барилцсан ачтай. Сайхан багш нараа үргэлж хайрлаж, талархаж явдаг даа. Оюутан байхдаа багш шавийн барилдлагатай байсан бол одоо миний дарга болсон. Учир нь би өнгөрсөн онд сургуулиа төгсөөд босго өндөртэй УДЭТ хэмээх их айлд театр студийн жүжигчнээр шалгалт өгч орсон.

Хүмүүс “Эмэгтэй хүнд жүжигчний мэргэжил тохирохгүй, хэцүү гэж аав ээж нь хэлдэг үү” гэж их асуудаг. Намайг гэр бүл минь болон хамаатны ах эгч, дүү нар тултал дэмждэг. Жүжигчин мэргэжлийг сонгосноо дуулгахад ихэд таатай хүлээж авсан. Би ахлах ангиа төгсөөд гадагшаа сургуульд явахаар хөөцөлдсөн ч бүтээгүй. Монголд сурахаар болоод СУИС-д шалгалт өгөх үед аав “Тэнцвэл сайн, тэнцэхгүй бол бүүр сайн” гэж билээ. Зорилгынхоо төлөө өөрөө шалгалтдаа бие дааж бэлдсэн. Шалгалтаас өмнө нэг удаа аав ээждээ шалгуулаад л зориглосон. Зорьсондоо хүрч шалгалтад хоёрт жагссан. Ингээд сургуульдаа элсэхэд аав “Сургуульдаа тэнцсэн нь сайн байна. Сайн сураад өөрийнхөө хичээл зүтгэлээр гарч ирээрэй. Жүжигчний мэргэжилд арын хаалга гэж байхгүй” гэж зөвлөсөн. Би аавдаа хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин болохыг л хүсдэг.

-Ингэхэд гавьяат жүжигчин өвөөтэйгөө өнгөрүүлсэн дурсамж бий юу?

-Би өвөөгөө сайн мэдэхгүй. Өвөөгийн маань дүр дээр ажилласан ажиллагааны “Ролийн дэвтэр” болон уран бүтээлийн зурагт цомог гээд зузаан баримт манайд бий. Өвөөгийн ажиллаж байсан дүрүүдээс хүмүүс “Ленин”, “Сүхбаатар”, “Үлэмжийн чанар” жүжгийн дүрийг нь их ярьдаг. Олны  ярианаас сонсоход өвөө чадварлаг жүжигчин, сайн хүн байсан юм билээ.

-Дэлгэцийн уран бүтээлийн дүрийг нь үзээд аав ээж нь юу гэж зөвлөдөг вэ?

-Тухайн кинонд сайн ажиллавал урам өгнө, дүрээ муу гаргасан байвал шүүмжилдэг.  Аав миний ажилласан уран бүтээлээс ганцхан “Сорил”-ыг үзсэн. Театрын бүтээлд ажиллах болон тэмцээнд ороход ирдэг. Мөн киноны дүрд зөвлөгөө өгч, алдаа оноог минь дүгнэх жишээтэй. Харин ээж миний ажилласан бүх киног үздэг.  Аав ээж минь сайн найзын орон зайг нөхөж, шилдэг зөвлөгч минь байсаар ирсэн. Шантарсан үедээ тэдэнтэйгээ ярилцахад гарцаагүй зөв гаргалгааг хэлдэг.  

-Эрхэм хүмүүсийнхээ авьяасыг өвлөж төрсөндөө бахархах сэтгэгдэл төрнө биз?

-Аав ээж маань их авьяаслаг хүмүүс. Аавыгаа хамгийн мундаг жүжигчин гэж боддог. Ээж театрт ажиллаж байхдаа тайзны яриандаа их сайн байсан юм билээ. Энэ авьяас нь одоо ч надад ажиглагддаг. Аав ээжийн авьяасын нийлбэр нь би юм даа. Сайхан гэр бүлд төрж өсөхдөө ёс зүйтэй, хариуцлагатай бие хүн болж төлөвшсөндөө талархдаг. Гэр бүлээрээ нэг кинонд хамт ажиллаж сайхан дурсамж бүтээх боломж олдоно гэдэгт итгэдэг. Аав ээж охины дүрд ажиллахыг мөрөөддөг.

-Та оюутан байхаасаа уран бүтээлийн гараагаа эхэлж өдгөө 10 гаруй кинонд ажилласан. “Сэр сэр салхи”кинонд ажиллах болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд “Сэр сэр салхи” кинонд ажиллахын тулд амьдралынхаа хоёр жилийг зарцуулсан. Учир нь тус киноны дүрийн сонгон шалгаруулалт нь их удаан үргэлжилсэн. Би 16 настай Маралаа гэдэг охины дүрд ажиллахын тулд өөрийгөө их дайчилсан. Ингэхдээ үсээ тайрч гадаад үзэмждээ ч өөрчлөлт хийсэн. Тус дүрд ажиллах болсноо сонсоод дүрээ дотроо төсөөлж эхэлсэн. Ер нь жүжигчин бүх зүйлийг хийж чаддаг байх ёстой юм билээ. Хэдэн сарын өмнө нэг бүтээлд ажиллахын тулд хөгжим тоглож сурсан. Өмнө нь огт мэддэггүй байсан хэлээр ярьж байна. Үүнээс гадна үндэсний бичгийн чадвараа нэмэгдүүлж байгаа. Энэ чадварууд миний ажиллаж байгаа дүрд шингэсэн учраас сурах хэрэгтэй. Уран бүтээл бүр жүжигчин болон бусад хүнд шинэ мэдлэг өгч, хөгжүүлдэг  гэдгийг ойлгож байна.

-Урлагийн замналыг сонгоод удаагүй байгаа залуу жүжигчний хувьд мэргэжлээ хэрхэн тодорхойлох бол. Хэр золиос гарч байна?

-Жүжигчин мэргэжлийг хүмүүс гаднаас нь өнгөцөөр дүгнэхдээ амархан гэж хардаг. Гэтэл их золиос шаарддаг. Би одоогоор дөнгөж эхэлж байгаа болохоор золиос гаргаагүй л байна. Ахмад үеийн уран бүтээлчид хэлэхдээ “Гэр бүлийн хайртай хүн нь өөд болж байхад тайзан дээрээ уран бүтээлдээ ажиллаж байдаг” гэдэг. Энэ нь үзэгчдээ хүндэлж байгаагийн илэрхийлэл болов уу. Хувийн амьдралд юу ч тохиолдсон уран бүтээлч хүн тайзнаа инээгээд л үзэгчдийн өмнө дүрээ гаргах ёстой. Энэ бүгдийг зарим үед эргэцүүлэхээр айдастай санагддаг. Миний хувьд нулимс ойр, сэтгэл хөдлөл өндөртэй, эмзэг төрлийн хүн.

-Ирээдүйгээ хэрхэн харж байна. Ажиллахыг хүсдэг дүрүүд бий юу?

-Киноны саналыг  алдаж болохгүй боломж гэж хардаг. Уран бүтээлч бүрд ажиллах хүсэлтэй дүр гэж байдаг. Миний хувьд дэлхийн сонгодог жүжгүүдийн дүрд ажиллах битүүхэн хүсэлтэй. Би мэргэжлийн бүжигчин учраас бүжигчний дүрд ажиллах бодолтой. Би 13 нас хүртлээ С.Сувд жүжигчнийг Мандухай сэцэн хатан гэж боддог байсан. Тиймээс би түүхэн хүний дүрд ажиллахыг хүсдэг. Хүмүүс намайг хараад А.Номин-Эрдэнэ гэж харахгүй дүрээр минь мэддэг болоосой гэж мөрөөддөг байсан минь биеллээ олсон гэж боддог.  Миний бодож, төлөвлөсөн хамгийн том хүсэл мэргэжлийнхээ оргилд нь хүрэх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 119 (7363)