Б.ТУУЛ

Өнөөдөр Чингис хааны музейд “Азийн инновац, соёлын форум-2024” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, Хятад, Япон, Монгол Улсын цахим хөгжлийн асуудал, орчин үеийн цахим технологи, системийн хөгжил, хэрэглээ, цаашдын чиг хандлага зэрэг сэдвийг өргөн хүрээтэйгээр хэлэлцлээ. 

Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг форумыг нээж хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийн жишгийн дагуу цахимжиж байна. Мөн соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ баталсан. Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоолын Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэгд нь дижитал контент, цахим тоглоомыг хөгжүүлэхээр тусгасан” гэв.

Форумд Монгол, Хятад, Японы технологи, соёлын компаниудын мэргэжилтнүүд соёлын үнэт зүйлсийг орчин үеийн технологиор сурталчлан таниулах арга туршлагаасаа хуваалцаж, илтгэл тавилаа.

 

Эх сурвалж: www.zms.mn