Т.САЙХАН

ХЭҮК-оос УИХ-ын сонгуулийн явцад гарч болох хүний эрхийн зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа УИХ-ын сонгуулийн үеэр төрийн байгууллага болон үйл явцад идэвхтэй оролцох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигчид, олон нийтэд анхаарах Комиссын Зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрээр "Хүний эрхийн үндэсний комисс нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх, Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах асуудлаар төрийн холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих үндэсний байгууллагын хувьд дараах асуудлуудыг сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд мөрдлөг болгож ажиллахыг хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллага болон үйл явцад идэвхтэй оролцох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигчид, олон нийтэд анхааруулан,

  • Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
  • Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах, гадуурхахгүй байх
  • Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах
  • Үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх
  • Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах
  • Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэхийг зөвлөж байна" гэсэн юм. 

Түүнчлэн хяналтын тооллогыг ажиглагчид нээлттэй байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад хүртээмжтэй байдлаар санал авах байрыг тохижуулах шаардлагатай байгааг анхааруулав.

Тэрээр үргэлжлүүлэн "Сонгуулийн үеэр улстөрчид, намууд, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, тайван жагсаал явуулах нь ардчилсан улсын ердийн үйл явц. Тиймээс улстөрч, улс төрийн нам, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн хүнийг мөрдөн мөшгөх, ил далд хэлбэрээр сануулах, сүрдүүлэх, дарамтлахгүй байхыг анхааруулж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn