Б.ТУУЛ
Жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдөр ОХУ Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдрөө тунхаглан баталсан өдөр тохиодог. Тиймээс 1992 оноос хойш энэ өдрийг ОХУ-ын төр засгийн гол баяр хэмээн тэмдэглэсээр ирсэн. Харин 2002 оноос хойш уг баярыг “Оросын өдөр” болгон өөрчилсөн байдаг. Учир нь, “Тусгаар тогтнолын өдөр” нь дэлхийн олон улс орнууд тусгаар улсаа үүсгэн байгуулсан, бусад улс орнуудаас салан тусгаарласан эсвэл бусад улсын түрэмгийллээс чөлөөлөгдсөнөө тохиолдуулан тэмдэглэдэг үндэсний баяруудын нэг учраас “Оросын өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.
Тэгвэл энэ өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков болон тус улсын Улаанбаатар дахь ЭСЯ-ны хамт олон Оросын тусгаар тогтнолын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан юм. Уг ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, хууль зүйн байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан болон манай улсын төр нийгмийн зүтгэлтнүүд, ОХУ-ын их сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүн нар, боловсрол шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэн мэргэд, түүхч судлаачид, хэвлэл мэдээллийн салбарынхан хүрэлцэн ирсэн байлаа.
Энэ өдөр ОХУ-ын олон хот, мужид баярын арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. “Оросын өдөр”-т зориулсан ёслолын жагсаал, үндэсний наадам, спорт, соёл урлагийн тэмцээн уралдаан, эх орончдын жагсаал, экологийн арга хэмжээг олон хотод зохион байгуулдаг ажээ. Мөн зарим бүс нутгийн удирдлагууд насанд хүрсэн шинэ иргэдэд паспортыг нь хүндэтгэлтэйгээр олгодог юм байна. Өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-нд "Оросын өдөр"-т зориулан олон улсын гар зургийн уралдаанд оролцсон “Үндэсний хувцастай ээж ба хүүхдүүд” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байлаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд ОХУ-ын Элчин сайд Алексей Николаевич Евсиков, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн юм. Мөн Орос, Монгол хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, ёслолын арга хэмжээг эхлүүлсэн юм.
Эх сурвалж: www.zms.mn