Д.ЖАВХЛАН

Үзэл бодлоороо хоёр хуваагдаад буй сагсан бөмбөгийн холбоод сүүлийн үед хэвлэлээр маргаан дэгдээж байгаа. Уг маргааны гол сэдэв болох Монголын сагсан бөмбөгийн холбооны 17 жил зохиосоор ирсэн дээд лигийн энэ жилийн тэмцээнийг Үндэсний сагсан бөмбөгийн холбоо авсан явдал юм. Энэ талаар тодруулахаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдоржтой уулзлаа.

-50 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбө­гийн холбоо дээд лигийн 17 тэмцээнийг амжилт­тай зохион явуулсаар ир­сэн. Харин 18 дахь лигийг шинээр бүртүүлээд буй Үндэсний сагсан бөмбөгийн холбоо явуулахаар бол­жээ. Шалтгааныг тайлбарлахгүй юу?

-50 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо хэмээх төрийн бус байгууллага маань өнгөрсөн хугацаанд хүүхэд залуучуудын хамгийн ихээр сонирхдог спортын нэг байсаар ирсэн, цаашид ч байна. Манай холбооны анхны дээд лигийн тэмцээнийг 1994 онд тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал санаачилж байсан. Нэг удаа завсардаж байсныг эс тооцвол өнөөдрийг хүртэл лигээ зохион байгуулсаар ирлээ. Харин энэ жил холбооны үйл ажилла­гаанд хөндлөнгөөс янз бүрийн байгууллага орол­цож, заал танхимаар хүр­тэл боох боллоо. Төрийн байгууллагын зарим дарга, сайд нар баг та­мирч­дын гэрээ болон ба­гийн бүрэлдэхүүнд ч да­рамт үзүүлж эхэллээ. Энэ мэт гадны нөлөөнөөс бо­лоод дээд лиг хэвийн явах бо­ломжгүй болчихоод байна.

-Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг үйл ажил­лагаанд хоёр холбооны аль нь төлөөлж оролцох ёстой вэ?

-Монгол Улсад сагсан бөмбөгийн хэдэн ч холбоо байж болно. Гагцхүү Азийн болон Дэлхийн саг­сан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй Монголын саг­сан бөмбөгийн холбоо шиг­шээ багаа байгуулж, тэмцээн уралдаануудад оролцох бүрэн эрх нь нээлт­тэй гэдгийг анхааруулъя.  

-Өнгөрсөн баасан гаригийн хэвлэлийн бага хурлын үеэр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга танай холбоог ивээн тэтгэгчгүй учир дээд лигийг зохион явуулах боломжгүй болсон гэж ярьсан. Энэ үнэн үү?

-Монголын сагсан бөм­­бөгийн холбоо Хүүх­дийн, Оюутны, Хөгж­лийн, Дээд гэсэн дөр­вөн лигийг зохион явуул­даг. Эдгээр тэмцээнийг ивээн тэтгэгч  компаниудын гэ­рээ одоо хүртэл хэвээрээ байна.

-Гэтэл өсвөрийн болон залуучуудын УАШТ-ийг тасалдуулсан хэмээн шүүмжлээд байгаа?

-Өөр холбооны хүмүүс манай холбооны дотоод ажлыг дүгнэх нь сонин санагдаж байна. Тэд улсын аварга шалгаруулах тэмцээн явуулах ямар ч статусгүй хэр нь 2012 оны Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг найз нөхдийн хүрээгээ ашиглан явуулсан. Тэмцээний үеэр спортын мастер цолыг тараасан байна лээ. Хууль зөрчсөн энэхүү үйлдийг хариуцсан яам, тамгын газарт нь албан бичиг хүргүүлсэн боловч одоогоор ямар ч хариуцлага тооцоогүй л байна .  

-Та хэд хоногийн өмнө хэвлэлийн хурал зарласан. Тэр хурлын үеэр тэмцээн зохион явуулах заал танхимыг танил талаараа авсан гэсэн. Хэрэв Спортын төв ордон танай талд шийдэгдсэн бол лигээ явуулах байсан уу?

-Монголын сагсан бөм­бөгийн холбоонд ха­мааралтай хувиарт тэм­цээ­нүүдийн 90 гаруй хувь нь Спортын төв ордонд болдог байсан. Манай холбоо 2013 онд болох тэм­цээн уралдааныхаа урьдчилсан графикийг Спорт бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатарт өнгөрсөн аравдугаар сарын 15-нд өгсөн. Гэвч арваннэгдүгээр сарын 19-нд Б.Наранбаатар даргаас “Спортын төв ордны “А” зааланд тэмцээн уралдаан явуулах боломжгүй” гэсэн албан тоотыг ирүүлсэн.

Учрыг тодруулахад саяхан байгуулагдсан Үндэсний сагсан бөмбө­гийн холбоонд долоо хоно­гийн таван өдөр тэмцээн явуулах зөвшөөрөл өгөөд гэрээ байгуулсан байв. Тэгэхээр бидэнд амрал­тын хоёр өдөр л үлдэж байгаа юм. Тиймээс олд­сон дээр нь гээд амралтын өдрүүдэд тэмцээнээ явуу­лах гэрээ байгуулахаар төлбөр тооцоогоо хийсэн боловч гэрээнд гарын үсэг зураагүй өдий хүрсэн. Эндээс хэн, ямар ажил хийгээд яваа нь харагдах байх.

-Яагаад заавал Спор­тын төв ордонд цаг авах гээд улайраад байгаа юм бэ?

-”Буянт-Ухаа” спорт цогцолборын нэг өдрийн төлбөр нь 1.5 сая төгрөг юм билээ. Харин спортын ордны “А” заалны төлбөр 300 мянган төгрөг. Б.Наранбаатар дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд түрээслүүлсэн заалны үнийг 50 хувь чөлөөлж, зарим өдрийн төлбөрийг тооцоогүй байна лээ. Энэ мэтчилэн эрх мэдлээ ашиглан тэгш бус хандаж байгаад харамсаж байна.

-Хоёр холбоо байснаар өрсөлдөөн гарах сайн талтай юм биш үү?

-С.Тулгын явуулдаг “Спрайт лиг” нь олон улсын сагсан бөмбөгийн холбооны дүрмийн дагуу явагддаггүй. Харин Аме­ри­кийн сургалтын зарч­мыг тэмцээн уралдаандаа ашиглаад байгаа юм.

-Та тэгээд дүрмийн бус зүйлийг хараад дуугүй өнгөрдөг хэрэг үү?      

-Бид энэ талаарх санал бодлоо лигийн ивээн тэтгэгч “МСS” компа­нийн удирдлагуудад хэлж байсан. Ер нь өөрсдийн дур зоргоор дүрэм оруулж, тэмцээн явуулж болохгүй биз дээ.

-Үндэсний сагсан бөмбөгийн холбоо албан ёсоор бүртгүүлсэн үү?

-Энэ холбоог албан ёсоор бүртгэхэд дургүйцэх зүйл алга. Хамгийн гол нь хоёр холбоонд адил тэгш хандах хэрэгтэй. Үндэс­ний сагсан бөмбөгийн холбоог бүртгэх хурлын дараа тэдний албан тоотод сайд гарын үсэг зурсан байна лээ. Тэр албан тоот нь нэг талыг хэт дөвийл­гөсөн шинжтэй байсан.

Шинээр холбоо гарч байгаад Монголын сагсан бөмбөгийн холбоо эмзэг­лэхгүй байна. Тэд их, бага хэмжээгээр сагсан бөм­бөгийн хөгжилд нэмэр болно. Хамгийн гол нь холбоодууд нэгнийхээ до­тоод үйл ажиллагаанд орол­цохгүй байх ёстой. Манай холбоог олон жил хэвлэл мэдээллээр муул­сан. Бид тэр болгоны араас гүйдэггүй. Хэн нэгэн дарга сайд, худалдагдсан сэтгүүл­чийн үгээр нэгнийгээ муу хэлдгээ больё гэж хэлмээр байна.

-Танай холбоо хийсэн ажлынхаа тайланг гаргадаг уу. “Бөртэ чоно 2012” наадмын оны шилдэг холбоогоор шалгарсан нь зүгээр ч нэг шагнал биш байх?

-Би 2010 онд Монго­лын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ирсэн. Энэ хугацаанд спортын шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно” наадмын шилдэг холбоогоор хоёр ч удаа шалгарсан. Жилийн тайлангаа Б.Наранбаатар даргад гаргаж өгдөг ч бидний тайланг яам руу явуулаагүй байсан. Тиймээс өөрсдөө яам руу тайлангаа  явуулсан. Ийм л маягаар ажил хэрэг явагдаж байна даа. 

-С.Тулга таныг мэтгэлцээнд урьж байсан. Та зөвшөөрсөн үү?

-С.Тулга өөрийгөө сагсан бөмбөгийн дэлхийн хэмжээний мэдлэгтэй гэж ярьдаг. Түүнийгээ л ярих биз. Хамгийн гол нь хийсэн ажлаараа өрсөлдөх ёстой. Монголын сагсан бөмбөгийн спортыг шинэ шатанд аваачихын тулд таван жилийн стратеги төлөвлөгөөг бид гаргаад байна. Энэ төлөвлөгөөгөө бүх гишүүдийн хурлаар батлуулаад удахгүй ажилдаа орно. Манай холбооны ажил хэвийн явсаар ирсэн. Цаашид ч үргэлжилсээр байх болно.