Б.ТУУЛ

Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан дээрх чиглэлийн автозамыг 2-3 хэсэгт хэсэгчлэн хаажээ. Өөрөөр хэлбэл, автозамын хэсэгчлэн хаасан хэсэгт  иргэд түр зохицуулалт хийсэн шороон замаар зорчиж байна. Бусад хэсэгт үндсэн замаар автозамын хөдөлгөөнд оролцож байна. Хэдийгээр энэ хэсэгт автозамын засварын ажил бүрэн дуусаагүй байгаа ч УБ-Дархан орох зам нэгэн үе чих халууцуулдаг байсан автомашины эвдрэл гэмтэл, жолооч нарын болон зорчигчдын амь насанд халтай, аюултай зам гэгддэг байсан үе ард хоцорчээ. Шинэчлэгдсэн замын бүтээн байгуулалтад одоо жолооч, зорчигчдын олонх нь ам сайтай байна.

Өнгө үзэмж, хаалт хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээний хувьд ч харьцангуй сайжирчээ. Харин жолооч нарын хувьд, анхаарах нэг зүйл нь, түр зохицуулалт хийсэн шороон замд өдрийн цагт шороо их боссоноос үүдэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, шөнийн цагт гэрэлтүүлэггүй учраас автомашины эвдрэл гэмтэлийг сайн шалгаж замд гарах, аваар осол гаргахгүй байх үүднээс хурдаа тохируулах зэрэг хувийн бэлтгэлээ хангаж, анхаарал болгоомжтой явах хэрэгтэйг жолооч нар сануулж байлаа.  

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ чиглэлд замд гарахад Орос-Монгол хооронд худалдаа наймаа хийх, аялж зугаалах хүмүүсийн урсгал идэвхтэй нэмэгдсэн нь анзаарагдаж байлаа. Тухайлбал, том оврын тэрэг техник, ачаа ихтэй автомашин шороон замд өгсөхдөө элсэнд суух,  хий эргэх, хүч алдах тохиолдол элбэг байна. Ялангуяа өгсүүр замд том оврын тэрэг элсэнд суух үед 30 минутын дотор УБ-ын түгжрэл хөдөөд үүсэж байгааг харж болохоор байлаа.

Түгжрэлд зогсох жолооч нарын зарим нь эсрэг урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцох, замгүй хэвгий өсгүүр газраар давхих зэрэг үйлдэл гаргаж байлаа. Иймд  орон нутгийн чиглэлд буюу Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд, жолооч нар бороо шороотой үед болон ажил, амралтын өдрүүдэд холын замд гарахдаа элс ухах хүрз, элс шаварт суухад дугуйн дор ивэх хэрэгсэл авч явахад илүүдэхгүй. Мөн анхаарал болгоомжтой зорчиж, хурдаа тохируулан, аюулгүй байдлаа хангаж явахыг зарим жолооч нарын зүгээс зөвлөж байна.    

Эх сурвалж: www.zms.mn