Б.ТУУЛ
Жил бүрийн зургадугаар сарын 6-нд дэлхий дахинаа “Олон улсын орос хэлний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. НҮБ-аас соёл болон хэл шинжлэлийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үүднээс жил бүрийн энэ өдрийг “Олон улсын орос хэлний өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг 2010 оны хоёрдугаар сард гаргасан байдаг. НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг болох орос хэлээр дэлхийн 260 сая хүн ярьдаг гэсэн судалгаа байдаг ажээ.
ОХУ-д энэ өдрийг аугаа их нэрт яруу найрагч А.С Пушкины мэндэлсний 225 жилийн ой, “Орос хэлний өдөр”-ийг хамтатган тэмдэглэж байна. Учир нь, Орос орны хэл шинжлэлийн мэргэжилтнүүд Оросын нэрт яруу найрагч Александр Сергеевич Пушкиныг орчин үеийн утга зохиолын хэлийг үндэслэгч гэж үздэг учраас энэ өдрийг онцгойлон сонгожээ.
Энэхүү баярт өдрийг тус улсад ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 2011 оноос хойш ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Мөн Орос орон төдийгүй олон улсын харилцаанд голлох байр суурь эзэлдэг орос хэлийг хайрлаж хүндэтгэдэг улс орон, ард түмэн, цөөнгүй улс оронд “Орос хэлний өдөр”-ийг олон сонирхолтой арга хэмжээтэй онцлох өдөр болгон тэмдэглэдэг юм байна.
Энэ өдөр Улаанбаатар хотноо “Россотрудничество агентлаг”-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар "Русский Дом” буюу Оросын соёл шинжлэх ухааны төвд Оросын нэрт яруу найрагч Александр Сергеевич Пушкины мэндэлсэн өдөр уламжлал болгон зохион байгуулдаг “Орос хэлний өдөр”-ийг өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиков, Улаанбаатар хот дахь “Русский Дом”-ын захирал Валерия Кильпякова, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй Орос хэлний сургалтын төвийн багш нар, ОХУ-д мэргэжил мэдлэг, эзэмшсэн эрдэмтэн доктор, профессорууд оролцож, сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Өдөрлөгийн эхэнд нэгэн онцлох үйл явдал болсон нь “Русский Дом”, Улан-Баторе-ийн эртний түнш, Эрхүүгийн улсын их сургуулийн төгсөгч, ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны дэд тэргүүн хатагтай Д.Цогзолмааг ОХУ-ын дээд боловсрол, шинжлэх ухааны яамнаас эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, “Оросын Холбооны Улсын боловсрол шинжлэх ухааны Монгол Улс дахь элч” хэмээх хүндэт цолыг хүртээж байгаагаа мэдэгдсэн юм.
Мөн ОХУ-ын ЭСЯ, “Россотрудничество агентлаг”-аас манай улсад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Ж.Эрдэнэтуяа, Н.Оюунцэцэг зэрэг эрдэмтэн судлаачид, оюутан залуусыг талархлын бичгээр урамшуулан шагнав.
Орос хэл бол дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй хэлний нэг бөгөөд энэ хэлээр ярьдаг хүмүүсийн тоогоор англи, хятад, хинди, спани, арабын дараа зургадугаарт ордог аж. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр ЮНЕСКО-гийн Бүс нутаг судлал, угсаатын соёлын боловсрол хариуцсан судлаач, ОХУ-ын Москвагийн Багшийн улсын их сургуулийн түүхийн шинжлэх ухааны доктор Е.А.Омельченко, ОХУ-ын А.С.Пушины нэрэмжит төрийн шагналт Евгений Анатольевич Богатырев, МАПРЯЛ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Таталья Владимировна Брунова, Философийн доктор профессор, ахлах судлаач Дырхеева, Ч.С.Цыбенова, Монгол судлалын хүрээлэн, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн нийгмийн ухааны доктор Д.Д.Бадараев зэрэг багш судлаачид цахимаар мэндчилж, “Орос хэлний өдөр”-т хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
“Русский Дом”-ын захирал Валерия Кильпякова хэлэхдээ "Орос хэлний өдөр бол Монголд ажиллаж байгаа орос хэлний багш нарын хувьд ямагт том баяр байдаг. Чухамхүү энэ л багш сурган хүмүүжүүлэгчдийн нөр их хөдөлмөр, өргөн мэдлэг, авъяас ур чадвараар монгол хүүхдүүд, Монголын оюутан залуус орос хэл, Оросын сонгодог уран зохиолын өв түүний хамгийн тод жишээ болох Александр Сергеевич Пушкины бүтээлүүдийг сонирхох сонирхлыг буй болгодог билээ” гээд өдөрлөгт оролцсон багш сурагчид, зочид төлөөлөгчдөд бас талархлаа илэрхийлсэн юм.
Мөн өдөрлөгт оролцсон эрдэмтэн судлаачид Орос оронд боловсрол мэдлэг эзэмшсэн сонирхолтой түүх, орос хэл сурсан туршлага, цаашид орос хэлийг түгээн дэлгэрүүлэхэд тулгамдсан асуудал, анхаарах зүйлс гээд өөрсдийн сонирхолтой санаа шийдэл, зөвлөмж зөвлөгөөг өгч илтгэл тавьсан юм.
Тухайлбал, Монгол Улсын Гавъяат багш, ШУ-ны доктор, профессор Ц.Саранцацрал “Монгол дахь орос хэлний хэрэглээ” орос хэлний үүрэг, ач холбогдлын талаар ярьж, гадаад хэлний тэнхимүүд, орос хэлний багш нар орос хэл, Оросын соёл шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэхэд цаашид хоёр орны бизнес, эдийн засаг, урлаг соёл, утга зохиол зэрэг салбар хоорондын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрчимжүүлэх нь манай улс дахь орос хэлний хэрэглээнд том ахиц дэвшлийг авчрах болно гэдгийг дурдсан юм.
Түүнчлэн доктор Ц.Саранцацрал илтгэлийнхээ ард “Орос хэлийг сурахад танд юу саад бэрхшээл болдог вэ? Яагаад?” гэсэн сонирхолтой асуулт хариултыг сонжоо хэлбэрээр оролцогчдын дунд өрнүүлсэн нь өдөрлөгт оролцогч оюутан залуус, багш судлаачдыг идэвхжүүлсэн сонирхолтой арга хэмжээ болов.
РЦНК дахь “Орос хэлний өдөр”-ийг зохион байгуулагчид нь А.СПушкины шүлгээр “гоёсон” нь Орос хэлний багш нар болон Монголд суралцаж буй орос сургуулийн сурагчид, оюутан залуус, мөн хуучнаар ЗХУ-д суралцаж төгссөн эрдэмтэн судлаачдад онцгой сэтгэгдлийг төрүүлж байв.
Улаанбаатар хот дахь “Русский Дом” Оросын нэрт яруу найрагч Александр Сергеевич Пушкины уран бүтээлээр “амьсгалсан” нь Оросын хэл соёлд хайртай хүмүүст сонирхолтой үдшийг бэлэглэв.
Эх сурвалж: www.zms.mn