Насантуяагийн ЖАРГАЛМАА
Олон улсын улаан загалмайн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зүүн өмнөд, зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэлэлцүүлэг, сургалт энэ сарын 1-нээс 5-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагааг Олон улсын Улаан загалмайн хорооноос олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд зохион байгуулдаг томоохон үйл ажиллагааны нэг юм. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагааг богино хугацаанд цахим арга хэмжээтэй хослуулан явуулсан байна. Ийнхүү энэ жилээс эргэн хэвийн үйл ажиллагаанд шилжиж, нийт 10 гаруй орны зочид төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирж сургалт, арга хэмжээнд хамрагджээ.
Тус үйл ажиллагааны тухай Олон улсын улаан загалмайн хорооны Бангкок дахь төлөөлөгчийн газрын Бүс нутаг хариуцсан хуулийн зөвлөх Маргарита Д’Аскано “Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүйн ахисан түвшний сургалт бол Олон улсын улаан загалмайн хорооны 10 гаруй жилийн турш уламжлал болгон зохион байгуулж буй томоохон арга хэмжээний нэг юм. Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад идэвх санаачлагатай хамтран ажиллаж байгаа Монголын улаан загалмайн нийгэмлэгт талархаж буйгаа илэрхийлье. Түүнчлэн Монгол Улс нь бүс нутгийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахад тохиромжтой орнуудын нэг. Бидний санаачлан хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж буй нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Сургалтад Зүүн өмнөд, зүүн хойд Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны төлөөлөгчид оролцож байна. Сургалтаар олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тухай мэдээлэл, тодорхой нөхцөл байдалд дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээнүүдийн талаарх мэдлэг ойлголтыг өгөхийг зорьж ажилладаг. Мөн хөтөлбөрт хамрагдаж буй төлөөлөгчид сургалтын үеэр нэг нэгэнтэйгээ танилцах, үзэл бодлоо солилцох зэрэг давуу талтай. Нэг талаар Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй гэдэг зөвхөн зэвсэгт мөргөлдөөн, хямралын үеийн нөхцөл байдлыг шийдвэрлэдгээрээ иргэд, олон нийтэд харьцангуй хол санагддаг байж болох юм. Яалангуяа хямрал мөргөлдөөнгүй энхтайван улсын иргэд төдийлэн мэдэхгүй байх хандлагатай. Гэвч дэлхийн аль нэг оронд зэвсэгт мөргөлдөөн, хямрал нүүрлэх нь зөвхөн нэг улсын асуудал байдаггүй. Тухайн бүс нутгийн улс орнууд болон дэлхий нийтэд тодорой хэмжээнд нөлөөлж байдаг. Мэдээж асуудлыг илүү нарийвчлан үзэх шаардлагатай ч ерөнхийдөө эдгээр асуудлууд нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн зарчмуудаар зохицуулдаг. Мөн тайван цагт авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгаж өгсөн хэд хэдэн заалт бий” гэлээ. Үргэлжлүүлэн сургалт хөтөлбөрт хамрагдсан ороцлогчдын сэтгэгдлээс сонирхлоо. Малайз улсын гадаад харилцааны яамны Хүний эрх, хүмүүнлэгийн хэлтсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Неермал Шүнмүгам “Юуны түрүүнд Олон улсын улаан загалмайн болон Монголын улаан загалмайн нийгэмлэгт энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд анх удаа Монгол Улсад ирж байна. Гайхалтай сайхан үзэсгэлэнтэй орон юм.
Сургалтын тухайд гэвэл надад маш чухал үр нөлөөтэй гэж харж байна. Учир нь миний бие Малайзын Гадаад харилцааны яаманд ажилладаг. Тэр ч утгаараа олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн талаар илүү нарийн мэдлэг олж авлаа. Ирээдүйд их хэрэг болно гэж бодож байна” гэсэн бол Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хойд армийн Хуулийн зөвлөх, хошууч Хироюүки Сакай “Миний хувьд Япон улсаас энэхүү сургалтад оролцож байна. Сургалтын тухайд гэвэл үр өгөөжтэй санагдаж байна. Учир нь миний ажил хэрэгтэй холбогдож байгаа. Япон орны хувьд мэдээж арлын улс учраас олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд хамаарх далай, тэнгис мөргөлдөөнийг явуулах дүрмүүдийг сайтар судлах шаардлагатай.
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тухай хангалттай мэдлэг мэдээлэл олж авч чадлаа. Энд сурсан зүйлээ эргэн нутагтаа очоод хамтран ажиллагсадтайгаа хуваалцахдаа баяртай байх болно” гэлээ. Ийнхүү таван өдрийн турш зохион байгуулсан олон улсын хамтарсан сургалт өндөрлөж, хөтөлбөрийн оролцогчид, улс орны төлөөллүүд сэтгэгдэл өндөр байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 112 (7356)