Б.БАЯР

 

УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсан. Үүнээс хойш “…Монгол Улсын стратегийн ордууд хаана, хэнд байна вэ” гэсэн эрэл сурал болцгоож байна.

Уг нь УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай 27 дугаар тогтоол гэж бий. Түүнд “…Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн УИХ-аас тогтоох нь,

1.Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсугай.

2.Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс-молибдений орд, Монгол Улсын Засгийн газраас бусад хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа Төмөртэйн овооны цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй.

3.Тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан ашигт малтмалын ордын болон энэ тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.

4.Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай” гээд хавсралтад 15 ордыг бичиж, тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж гарын үсэг зурсан.

Гэвч тэдгээр ордын нэг болох Цагаан суваргын зэс, молибденийн орд 2014 онд “хувьчлагдсан” байдаг.

Тодруулбал, УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний УИХ-ын дарга З.Энхболд гарын үсэг зурсан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоол гарсан. Түүнд  “…Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг үндэслэн УИХ-аас тогтоох нь,

1."Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй” гэсэн байдаг. Түүнээс хойш яг 10 жил өнгөрсөн. Энэ тогтоолын ард олон нууц нуугдаж байгаа тухай ярьсаар ирсэн. Гэхдээ хэн ч тодорхой зүйл хэлдэггүй. Харин УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хэд хоногийн өмнө UBN.MN сайтад ярилцлага өгөхдөө “...Цагаан суварга гэж юу юм бэ, ер нь. Овоолттой алт зэс байдаг гэж бодоод байдаг юм уу.  Ээ чааваас тийм юм байхгүй шүү дээ, наадах чинь. Цагаан суваргын үйлдвэр ч гэж хэлэхэд хэцүү. Бүтээн байгуулалт өрнөж байгаад сүүлийн арван хэдэн жил энэ улстөржилтөөс болоод зогсчихсон ийм л нэг хашаа бүхий дутуу орхичихсон байшин барилгууд л байгаа, тэнд. Хуулиаараа төр 34 хувь эзэмшээд хөрөнгө оруулалт хийгээд тухайн аж ахуйн нэгжтэйгээ хамтраад явдаг. Үнэхээр төр хамтраад дэм болооч ээ гэж хүссэн. Яагаадгэхээр хөрөнгөгүй зогсчихсон. Одоо ч тийм байгаа шүү дээ. Харуул хамгаалалтын албанаас өөр юу ч байхгүй, тэнд. Арван хэдэн жил болж байна. Хөрөнгө оруулалтаа шийдэх боломжгүй байгаад байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 112 (7356)