Б.ТУУЛ
2014 оноос ОХУ-руу харилцан визгүй зорчдог болсонтой холбогдуулан Буриад улсын Улан-Үд хотноо тэтгэлгээр болон хувийн зардлаар суралцах монгол оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болжээ. Тиймээс Улан-Үд хотноо хэд хоног ажиллаж, амрахын далимд ОХУ-ын Буриад улсын тэрүүлэх их сургуулиудаар зочилж, сургуулийн орчин нөхцөл, сургалтын үйл ажиллагаатай танилцах боломж олдсныг энд дурдах хэрэгтэй болов уу. Ингээд Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургуулийн сургалтын орчин нөхцөл, сургуулийн дэргэдэх түүхийн музейгээр зочиллоо.
Мөн тус сургуулийн дэргэдэх судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэлгэсэн танхимаар зочилж, багш оюутнуудын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй танилцсан нь сонирхолтой аялал болов.
Буриад улсын хамгийн том сургууль гэгддэг ВСГУТУ буюу Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургуулийн намтар түүхийг товчхон сонирхвол тус сургууль нь 1962 онд Буриадын Хөдөө аж ахуйн их сургуулиас салбарлан гарсан түүхтэй аж. Одоогоор 60 мянга гаруй мэргэжилтэнг салбар бүрт бэлтгэж өгсөн арвин туршлагатай, түүх нь зузаан сургууль юм байна.
Улан Үд хотын хамгийн том сургуулийн нэгд тооцогдох нь ч аргаггүй аж. Бүтэц зохион байгуулалтын хувьд тус сургууль нь 25 хичээлийн байртай, физик-химийн судалгаа, плазм-эрчим хүчний технологи, геоэкологийн төвүүд, 13 эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн төв, есөн иновацийн бага оврын үйлдвэртэй. Багш оюутнуудынхаа тоо, доктор профессорын тоогоор ч тэргүүлэгч сургууль юм байна.
Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургууль нь одоо 110 мэргэжлээр 15 000 оюутан суралцдаг гэж байв. Ингээд тус сургуулийн дэргэдэх түүх өгүүлсэн музейгээр хамтдаа зочильё. Тус сургуулийн хамгийн анхны захирал, багш удирдлагууд, анхны оюутнууд болон үе үеийн оюутнуудын гэрэл зургийн цомог, амжилт бүтээлийг илтгэсэн өргөмжлөл шагнал, сургалтад хэрэглэж байсан хуучны радио телевиз, хэвлэх үйлдвэрийн сонирхолтой тоног төхөөрөмжүүд, багш нарын сургалтын лекц, судалгааны бүтээлүүд гараар бичсэн зүйлс бүгд архивлагдан түүх болон үлддэг ажээ. Гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, оюутнууд сонирхсон хэн бүхэнд тус музейн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг гэдгийг музейн тайлбарлагч хэлж байв.
Эх сурвалж: www.zms.mn