Доржийн ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор ээжийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж явсан Монголын төмөр зам ТӨХК-ийн төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалыг урилаа.
“ТУГАЛ ХАМААТАН” ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛАВ
Жил бүрийн зургаадугаар сарын 1-нийг “Эх үрсийн баяр” хэмээн монголчууд тэмдэглэж ирсэн. Угтаа бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр л дөө. Нийслэлийн төв хэсэгт машин байтугай хүн хөл тавих ч зайгүй болтлоо түм түжигнэж, хүүхдүүд бужигнаж байлаа. Т.Сайнжаргалын ээж Б.Эрдэнэцэцэг тавдугаар сарын 30-нд төржээ. Ээжийнхээ төрсөн өдрийн хадам аав, ээж бас эмээтэйгээ хамтдаа зугаатай өнгөрүүлэх “төлөвлөгөө” зохиосон хүү Соёл амралтын хүрээлэнгээр явж байхтай таарсан юм.
“Хүү минь нээлттэй, нүүрэмгий хүүхэд байсан. Оюутны амралтаар гэртээ ирэх зуураа хүмүүстэй замын турш л яриад явдаг бололтой байгаа юм. Хэрэв Булганы хүнтэй таарвал ярьсаар байгаад л аавынхаа хамаатныг олчихдог. Би ч ханийгаа өнгөрснөөс хойш ах дүүтэй нь төдийлөн холбоотой байгаагүй. Харин одоо Сайнаа минь л холбож, биднийг уулзуулж байна даа” гэж суугаа эмэгтэй хүүгээрээ бахархдаг тухайгаа бидэнд ярилаа.
Багаасаа идэвхтэй, өөрийн гэсэн бодолтой, хэлсэн амандаа хүрдэг, зорилготой, тэмүүлэлтэй хүүхэд юм шүү дээ гэж хүүгээ тодотгосон тэрээр 15 хүүхэдтэй айлын отгон охин. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын унаган хүүхэд ажээ. Хоёр эгч, гурван дүүтэй айлын ууган хүү эцгийнхээ гал голомтыг авч явах учиртай хэмээн хүүгээ хатжуулж бас чиглүүлж ирсэн нь амьдралдаа хийсэн зөв шийдвэрүүдийнх нь нэг байсан аж. “Ээжээ би сургуулиасаа гарч ажил хийж та нарыгаа тэжээе” гэсээр оюутныхаа амралтаар ирсэн хүүдээ “Миний хүү нутагтаа ирээд ямар ажил хийх вэ. Энд модонд явахаас өөр ажил алга л байна” гээд ээж, хүү хоёр их л нухацтай ярьжээ. Айлын ууган хүү учраас эгч, дүүсээ манлайлах учиртай хэмээн ятгасан гэдэг.
Зах зээлийн нийгэмд шилжсэн хатуу цагт өрх толгойлсон эмэгтэй зургаан хүүхдээ авч явах амар байгаагүй хэдий ч “Ээжээ хүүгээ 25 нас хүртэл тэсэж байгаарай” гэдэг үг Б.Эрдэнэцэцэгт бүсээ чангалж, эрэмгий байх хүчийг өгсөн тухай хуучиллаа. Элэг бүтэн амьдрал хатуу үг сонссон ч халирч, гомдолгүй урагшлах хүчтэй байдаг. Харин аавгүй цаг хугацааг туулах амар биш гэдгийг Т.Сайнжаргалын ээж биеэрээ мэдэрч хүүхдүүдээ ширүүлж байгаагүй гэнэ лээ. Зургаан хүүхдээ дураар нь өсгөсөн ч охин хүүхэд амьдралд алдаж болохгүйг, эрэгтэй хүүхэд аливаад түшиг тулгуур, ноён нуруутай байх ухаанд сургаж ирсэн нь өдгөө “Түмэнбаярын хүүхдүүд сайн явна” хэмээн сайшаагдаж байна.
Оюутан Сайнжаргал ээжээсээ “300 мянган төгрөг явуулаач” гэж гуйсан байдаг. Тэжээгчээ алдсаны тэтгэмжээ аваад хүүдээ явуулахаар вагоны машнистаар дамжуулжээ. Гэтэл айлын хүний “Ээдээ, ийм их мөнгө явуулж болж байгаа юм уу. Хүүхдүүд хамаагүй үрж дуусгаад, сургууль, соёл ч үгүй үлддэг юм билээ шүү” гэх үгийг сонссон Б.Эрдэнэцэцэг “Хүн надад муу санаж хэлээгүй нь тодорхой л доо. Тэр үед би “миний хүү ээжийнхээ, эгч, дүүгийнхээ итгэлийг алдахгүй сайн хүү байгаа юм” гэж хэлээд явуулж билээ” хэмээн тэр цагийн дурсамжийг хуваалцав.
Тэр жил Б.Эрдэнэцэцэгийн үнээ өнгөрч тугал нь өнчирч хоцорсон гэдэг. Амьтны нялх төлийг харангатуулчихгүйн тулд нутгийнхаа айлын үнээнд "авхуулжээ". Тэгтэл Т.Сайнжаргал нэг удаа тугалаа авхуулсан айлд очоод “Сайн байна уу. Танайх манайхтай тугал хамаатан шүү дээ” гээд зогсож байсан гэнэ лээ. Түүнээс хойш Сайнааг сураглахдаа “Манай тугал хамаатан хаагуур явна” гэж асуудаг болжээ.
ААВДАА ИРСЭН “ХҮҮ”
Ууган охин нь найз залуугаа танилцуулах тэр үе одоо ч сэтгэлд нь тод гэрэлтдэг хэмээн ярьж суугаа Л.Буяннэмэхийнх гурван охинтой. Эелдэг атлаа марзан яриатай залуу хадмуутайгаа танилцжээ. Хүргэн болж байсан үе, хүргэнтэй танилцах хоёр их ялгаатай хэмээн инээх Л.Буяннэмэх багш мэргэжилтэй. “Хүүхдүүдтэй ажилладаг болохоор хүнийг харцнаас нь хараад л ерөнхий баримжаа авчихна даа” гэхдээ үр хүүхэд минь хань ижилтэй болж байгаад нь баярлаж хүлээж авсан даа гэв. Айлын сайхан хүү хүргэн минь болж орж ирэхэд сэтгэл минь их хөдөлсөн” хэмээн баярын нулимс унаган “Аавдаа ирсэн хүү минь юм шүү дээ” гэж суулаа.
Нүүрэмгий бас алиа шар залуу охинтой минь үерхээд гүйгээд байгааг мэдсэн болохоор “Хүргэнээ яаж тосох учиртай, бэр гуйхаар нь яах билээ гээд ах, дүүгээсээ асууж сурагланаа” хэмээн Т.Сайнжаргалын хадам ээж Н.Даваапунцаг ярив. Анх удаа хадам болох гэж байгаа хүн чинь учраа олохгүй ээ. Тэгтэл хүү минь хүнтэй дулаан, дотно харьцдаг болохоор хүн бүхнийг хайрыг татаж ирсэн юм шүү дээ. Тэр үед аав минь байсан юм. “Нүдэнд дулаахан, хөөрхөн хүү байна” гэж хэлсэн нь бидэнд “Зөвшөөр” гэсэн дохио л доо. Аав минь бидэнд “Хүний хүнд илүү сайн бай” гэж захидаг байлаа. Тийм болохоор хүргэчүүлдээ өөрийн хүүхдээс ч “илүүрхдэг” юм гэж ярих Н.Даваапунцагийн том хүргэн хааяахан ээждээ “хошуу зална”. Тэр бүрд л “Хүүд минь цай, хоолыг нь сайн идүүлж байгаарай. Та нарыг тэжээх, хайрлаж, хамгаалах хүн хүчтэй байх хэрэгтэй шүү” гэж охиндоо захидаг байна.
“ПАМБАГА НЬ БАЙНАА”
Оюутны ширээнээс улс төрийн ажил хийж эхэлсэн Т.Сайнжаргал нутгийнхаа намын даргын сунгаанд үзжээ. “Намайг Түмэнбаярын Сайнжаргал гэдэг” гээд л өөрийгөө танилцуулж, хийх ажлынхаа талаар ярилцана. Төрсөн нутгийнх нь хөгшчүүл нэг л таньж өгөхгүй бололтой байж. Тэгээд ээждээ “Сонин юмаа. Хөгшчүүл намайг нэг л таньж өгөхгүй юм” гэж. Харин ээж нь хүүдээ “Миний хүү Памбага нь байнаа гээд багынхаа хочийг хэл. Багаас чинь тэд чамайг “Памбагаа” гэж дууддаг байсан болохоор Сайнжаргал гэдэг нэр, насанд хүрсэн төрх чинь тэдний сэтгэлд буухгүй байгаа юм гэж зөвлөсөн гэдэг. Нээрээ ч “Памбага нь байнаа” гэхээр “Өө их том залуу болжээ гээд, үнэрлэх, хайрлах, хүндлэх ахмадууд бишгүй таарсан ажээ.
Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрж, өссөн. Т.Сайнжаргал төмөр замчин аавынхаа мэргэжлийг өвлөхийг хүсдэг байж. Хүссэн хуваарь дээр нь 150 хүүхэд өрсөлдөж хувиараа авч чадаагүй ч өдгөө Улаанбаатар төмөр замын харьяа Төмөр замын дээд сургуульд ашиглалтын чиглэлээр суралцаж байна. “Миний аавыг Жийжээдоржийн Түмэнбаяр гэдэг. Аав минь Булган аймгийн Хангал суманд төрсөн. Санхүүгийн техниккумын оюутан байсан ч Төмөр замын коллежид ашиглалтын инженерээр сурч төгссөн. Аавыг минь оюуны потенциал өндөртэй гэж үеийнхэн нь магтдаг” хэмээн ааваараа бахархаж суугаа залуу 15 насандаа аавыгаа алдаж өрхийн тэргүүний “үүрэг гүйцэтгэх”-ээр болсон юм.
“Намайг наймдугаар анги төгссөн жил аав минь зуурдаар таалал төгссөн юм. Тэр жил дунд эгч маань аравдугаар ангиа төгсөж байсан. Тиймээс эгчийгээ сургуульд явуулж би айлын ууган хүү учраас ээждээ нэмэр болж ажил хийх ёстой гэж бодсон” гэдэг. Түүнийг ийн бодоход нагац ахынх нь “Хорвоогийн үнэнтэй эвлэрч амьдрах хэрэгтэй. Айлын том хүү учраас ээждээ нэмэр болж хариуцлага үүрэх учиртай” гэж хэлсэн үг ажил хийгээрэй гэж хэлэх шиг л санагдсан байна.
Амьдрал хаашаа ч эргэж болох эгзэгтэй цаг хугацааг туулсан Б.Эрдэнэцэцэг Засгийн газрын тэтгэмжээр хүүгээ сургасан нь алсыг харж, холыг бодож хийсэн шийдвэр байжээ. Ээжийнхээ, эгч, дүү нарынхаа итгэлийг алдаж болохгүй учраас одоо хүртэл хичээсээр яваа Т.Сайнжаргал “Ээждээ өгсөн амлалт болоод ээжийн өгсөн даалгаврыг нэр төртэй биелүүлсэн гэж боддог” гэсэн юм.
“БАЯРТАЙ, САЙН СУУЖ БАЙГААРАЙ”
Т.Сайнжаргалыг Зүүнхараагийн намын дэд дарга байх үед Засаг дарга Б.Цээпилдорж гэдэг хүн байж. Анх удаа орон нутаг улсын төсөв харалгүй өөрсдийн боломжид тулгуурлан 500 хүний суудалтай чуулга баригдаж ашиглалтад оруулжээ. Нээлтийн ёслолд Цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцож хоёр өдрийн турш уран бүтээлээ толилуулсан байна. Түүний эхнэрийг Б.Мягмарсүрэн гэдэг. Тоглолтын үеэр алаг нүдтэй залуу жигтэйхэн дэмжээд л байж. Засварлагаанаар хоол идэх санаатай олон хүмүүсийн дундуур явж байтал урд нь хөндөлсөж зогссон залуу “Уучлаарай, би өөрийг чинь таньдаг бил үү” гэж асуусан гэдэг. Товлосон тоглолт дуусаж буцах болоход Мандал сумын намын хурал дундуур дахиж тоглох болжээ. “Тайз руу дөхөөрэй” гэхтэй зэрэгцэж араар нь яваад очтол өмнө нь хөндөлсөөд байсан залуу тайзан дээр сууж байхтай таарав. “Хамт яваа эгч нартаа “Нөгөө залуу тэр байна” гээд “Дарга юм байна” гэж хоорондоо ярилцаж билээ” хэмээн анх танилцах үеийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцсан юм.
Хурал сунжрах тийшээ хандаж, тоглолтынхон хийцгүйрч эхлэхтэй зэрэгцэн Б.Мягмарсүрэн зааланд суун “хурлын сонсогч” болж байхдаа ханийнхаа нэрийг өөр хүний нэрээр андуураад цээжилсэн байж. Урьсан зочдоо үдэж өгч “Баяртай” гээд гар барин салсан Т.Сайнжаргалын нүдэнд хөгжимчин бүсгүй тусаад байсан ч танилцаж амжаагүй тэрээр улаан өмдтэй охинд нэрийн хуудсаа найзаараа дамжуулан үлдээхээ мартсангүй. “Нэрийн хуудсыг нь харсан чинь Сайнжаргал гэсэн байсан. Тэгснээ палмастераар 9199-тэй утасны дугаар бичсэн харагдахаар нь “баяртай, сайн сууж байгаарай” гэж зурвас үлдээсэн” хэмээн ярихдаа инээмсэглэсээр суугаа бүсгүй таван хүүхэд төрүүлсэн “Одонтой ээж”. “Хань минь ямар ч их ажилтай байгаад, ядарч ирсэн ч хүүхдүүдтэйгээ тоглоно, тэд бас аавыгаа байнга л ноолно. Тэглээ гээд хэзээ ч төвөгшөөдөггүй. Хүүхэд, хөгшдөд их элгэмсүү хүн шүү дээ” гэж нөхрийгөө тодорхойлсон юм.
Т.Сайнжаргал өрх гэр толгойлж, амьдралаа авч явах хариуцлагатай үүрэг хүлээсэн өрхийн тэргүүн болов. Нутгаасаа ирээд нийслэлийн 23 дугаар сургуульд нийгмийн ажилтан хийж байлаа. Түүний дараа жил Нийслэлийн боловсролын газарт багшийн хөгжил хариуцсан ажлын хэсэг ахалж ажилласан. Ингэх зуураа олон нийтийн ажлаа хийсээр л явснаа ярьж байв. “Анх аав болсон тухайгаа ярихаар одоо эхнэр шоолоод байдаг юм. Би чинь хоёр хүү, гурван охинтой шүү дээ. Эхнэр анхны хүүгээ төрүүлэх гээд өвдөж байхад нь би гадаа камераар бичлэг хийнэ гээд өвлийн хүйтэнд нэгдүгээр төрөхийн хашаан дээр авираад л явж байлаа шүү дээ” гэхдээ сахилгагүй жаал шиг байсан болов уу гэмээр жуумалзаж байв. Хамгийн хачирхалтай нь анх эхнэртэйгээ сууж аав болохоос өмнө 60 гаруй кг жинтэй байлаа. Харин одоо бол хүүхдүүдийнхээ үлдээсэн хоолыг идсээр байтал яалт ч үгүй л жин нэмж байна. Хошин яриа байдаг биз дээ “Аавдаа өг. Идэхгүй бол нохойд өг” гэж. Амьдрал дээр ч айл болгонд л энэ явдал тохиолддог байх. Ялангуяа олон хүүхэдтэй айлын аавуудад бүр ч элбэг тохиолддог болов уу гэж санадаг даа гэж хошигнох нийтлэлийн баатар маань “Хөгжимчин бүсгүйтэй танилцах ажлын далим гаргаж үерхэж явсан тэр жилүүд саяхан мэт санагддаг” тухай ярив.
Ээжийнхээ төрсөн өдрийг эх үрсийн баяртай хослуулан ээж, аав, эхнэр, эмээгээ баярлуулахаар зохиосон түүний “төлөвлөгөө” амжилттай хэрэгжив. Аав, хоёр ээж, эмээ, эхнэрээ дагуулан алиалж бас цаашлуулаад л, инээлдэж алхах нь аз жаргалтай харагдана. Амьдрал олон өнгөтэй гэлцдэг. Т.Сайнжаргалынх илүү тод өнгөөр гялалзана. Хорвоогийн шаргал өдрүүд үргэлжилж ээжийн бүүвэйтэй хорвоо амгалан оршиг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 109 (7353)