Б.ТУУЛ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээ хөл хөдөлгөөн ихтэй, нижгэр боллоо. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Хүүхдийн баяр”-ын нээлтийн арга хэмжээнд Монголын хүүхдийн ордны сурагчид оролцож, урлагийн тоглолтуудаа сонирхуулсан юм. Үзэгч хүүхдүүдийн олонх нь гэр бүлээрээ хотын төвд болж буй баярын үйл ажиллагааг гэр бүлийнхээ хамт зорин ирсэн байлаа. Мөн баярын нээлтэд 650 гаруй хүүхэд оролцсон баярын жагсаал болж, үлгэрийн баатруудын дүрд хувирсан хүүхдүүд бөмбөрийн хөг эгшигтэй хөл нийлүүлэн “Шангри-ла” худалдааны төвөөс, Сүхбаатарын талбай хүртэл алхсан юм. 

 

“Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүүхэд багачуудад хүргэв. Тэрбээр мөн “Монгол Улсын хойч үе, гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд бүхэн өдөр бүр хүүхдийн баяр шиг инээд цалгисан, баяр жаргалтай, сэтгэл дүүрэн гэр бүлд өсөж торних эрхтэй. Нөгөөтээгүүр хүүхдийнхээ эрхийг хангахын төлөө хамтдаа хичээн зүтгэхийг ээж, аавууддаа уриалж байна гэв.

 Эх сурвалж: www.zms.mn