Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилуулах тухай Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцэн дэмжлээ. Нууц санал хураалт явуулахад гишүүдийн 62.5 хувь нь дэмжив.

О.Машбат нь 1981 онд Дорноговь аймагт төрсөн. 43 настай, ам бүл 5. 1998 онд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж, 2002 онд Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд “Их засаг” их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. 2005 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар, 2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж эрүүгийн эрх зүйд суурилсан шинжлэх ухааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

О.Машбат нь 2003-2005 онд УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаар, 2008-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар, 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор, 2017-2019 онд Нийслэлийн Прокурорын газарт хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2020-2024 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Шадар сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байжээ. 2024 оны нэгдүгээр сараас Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ахлах прокуророор ажиллаж байгаа юм байна. Тэрбээр 2004 онд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээ авчээ.

Хуульч мэргэжлээр 20 жил ажиллаж байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn