Б.Алтангэрэл

Сонгинохайрхан дүүрэгт дахин төлөвлөлтөд хамрагдах нэрийдлээр "Монтай бүрд" ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд байр захиалаад луйвардуулж, орон гэргүй болсон иргэд өлсгөлөн зарлаад 30 хонож байгаа талаар мэдээлэл хийлээ.

Орон сууц захиалсан иргэдийн төлөөлөл "Өлсгөлөн зарласан иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч эмнэлэгт хүргэгдэж эхэллээ. Бид Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд "Монтай бүрд" ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд 2022 онд захиалга өгсөн. Улмаар уг барилга 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно гэсэн гэрээний дагуу бид урьдчилгаа мөнгө төлсөн. Гэвч одоог хүртэл барилга ашиглалтад ороогүй байгаа бөгөөд захиалга өгсөн иргэд мөнгө буцааж авах хүсэлт тавьсан ч барилгын компани эзэд нь утсаа салгаж алга болсон. Иймд бид цагдаа, шүүхийн байгууллагад хандаж луйврын шинжтэй хэргийг шийдэж өгөхийг хүссэн. Гэтэл одоог хүртэл дорвитой шийдвэрт хүрээгүй байна. Иймд бид баригдаагүй барилгын буурин дээр 30 хоног өлсгөлөн зарлалаа. Энэ хугацаанд бидний үгийг хэн ч сонсохгүй, асуудлыг шийдэхийн төлөө анхаарал хандуулахгүй. Өнөөдөр Монгол Улсад барилгын компанийн луйвар савнаасаа халилаа. Үүнээс болж олон гэр бүл, иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Шүүх, цагдаагийн байгууллага уг асуудалтай хүчтэй тэмцэж чадахгүй байна. Бид өргөдөл гомдол өгөхөөр иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэнэ гээд таг гацаж байна"гэв. Одоогийн байдлаар тус байранд захиалга өгсөн 500 иргэн хохирчээ. Нэг иргэн хамгийн багадаа 20 сая төгрөгөөр хохироод байгаа юм. Байр захиалсан иргэд нийт 2.3 тэрбум төгрөгөөр хохирсныг иргэдийн төлөөлөл онцлов.