Р.ОЮУН

Монголын улаан загалмай нийгэмлэг 2023-2024 онд нийт нутгийг хамарсан зудын гамшиг, өвөлжилт, хаваржилтын хүндрэл, цасан болон шороон шуурганд өртсөн малчид, иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай хүргэж, хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Засгийн газар, Австралийн улаан загалмай, БНХАУ-ын Улаан загалмай, БНХАУ-ын Элчин сайдын яам, БНСУ-ын Засгийн газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, "Бадрах Энержи" компани, Европын холбоо, Серб улсын Засгийн газрын дэмжлэгээр 2023-2024 онд зудын хариу арга хэмжээний хүрээнд зудын гамшигт өртсөн 21 аймгийн 11350 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэст тэжээлийн багц, хүнс, ариун цэврийн багц нийт 7.6 тэрбум төгрөгийн тусламжийг үзүүлжээ. 

Монголын улаан загалмай нийгэмлэгээс хүмүүнлэгийн тусламжийг 400-гаас доош малтай, олон хүүхэдтэй өрх, жирэмсэн, хөхүүл ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, малын хорогдол ихтэй өрх гэсэн шалгур үзүүлэлтийн дагуу орон нутаг дахь, салбар хороод, сайн дурын идэвхтэнүүдээрээ дамжуулсан байна. Цаашид Монголын улаан загалмай нийгэмлэгээс малчдын амьжиргааг дэмжих, зудын хохирлыг барагдуулж, малчдыг хэвийн амьдралдаа шилжихэд туслах, нөхөн сэргээх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа хэмээн Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээлсэн юм.

Эх сурвалж www.zms.mn