Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаад Венецийн Биеннальд Монгол Улсын павильоны куратороор ажилласан, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” ТББ-ын үүсгэн байгуулагч, ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч, “Монголын сайхан бүсгүй-1994” наадмын алтан титмийн эзэн, “Гоёл 97”-гийн шилдэг загвар өмсөгч О.Оюунтуяаг урилаа. Нэгэн үе загварын тайзнаа алхаж, од болон гялалзаж явсан тэрээр өдгөө Герман улсад ажиллаж, амьдардаг ажээ.
ҮНДСЭН ҮЗЭСГЭЛЭНГИЙН СЭДЭВ НЬ "ХАРИЙНХАН ХАА САЙГҮЙ"
-60 дахь удаагийн Венецийн Биенналийн нээлтийн ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Дүрслэх урлагийн салбарын олимп гэгддэг энэхүү наадам энэ жил ямар онцлогтой болж, хэрхэн цар хүрээгээ тэлсэн талаар ярилцлагаа эхэлье?
- Дүрслэх урлагийн олимп хэмээх энэхүү Биенналь 130 жилийн түүхтэй. Анх дэлхийд орчин үеийн урлагийг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулж эхэлсэн гэдэг. Биенналь маань үндсэн үзэсгэлэнгээсээ гадна нэмэлт хоёр хэсгээс бүрддэг. Энэ жил түүхэндээ анх удаа Венецийн Биенналийн ерөнхий куратороор Европын бус Бразилийн куратор Адриано Педроса уригдан ажилласан нь тус наадмын бас нэгэн онцлог байлаа. Ийнхүү Европын бус куратор сонгогдсон нь томоохон, эмзэг сэдвийг хөндөж гаргахад түлхэц болсон. Хоёрдугаарт, энэ жилийн Биенналийн үндсэн үзэсгэлэнгийн сэдэв нь “Харийнхан хаа сайгүй” гэсэн санаанд зангилагдсан. Үндсэн үзэсгэлэндээ нийтдээ 331 уран бүтээлчийг хамруулжээ. Энэ дунд эмэгтэй уран бүтээлчид түлхүү орсон байх жишээтэй. Мөн энэ жилийн Венецийн наадмын өөр нэг онцлог бол өмнө нь оролцож байгаагүй шинэ уран бүтээлчдийг өргөнөөр урьсан явдал юм. Үүнээс гадна дэлхийн цөөнх гэж ярьдаг үндэстэн, ястнуудыг хамруулахыг эрмэлзсэн нь олзуурхууштай байлаа. Харин “Харийнхан хаа сайгүй” гэсэн сэдвийн онцлог нь хүн төрөлхтөн хэтэрхий даяаршиж, үймээн шуугиан, дайн дажин гарснаар эх дэлхий минь тогтвортой бус байна. Бид дэлхийн I, II дайныг үзсэн гашуун түүхтэй. Тухайн үеийн дайны дараах нөхцөл байдал, хүмүүний нүүдэл, дүрвэгсэд, цагаачид, цөллөгдөгсөд ямар янзтай аж төрж байлаа. Яг үүн шиг үйл явдал өнөөдөр бидний цаг үед давтагдаж байна. НҮБ-ын мэдээлснээр албадан нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 2022 онд хамгийн өндөр буюу 108.4 саяд хүрсэн ба 2023 онд хурдан өсөлттэйг тодорхойлсон. Үүнийг сануулах, анхааруулах үүднээс “Харийнхан хаа сайгүй” сэдвийг хөндөн анхаарлын төвд авчирсан болов уу. Энэ сэдэв нь Парист төрсөн, Палермо хотод ажиллаж, амьдарч буй Клэр Фонтейн коллективийн 2004 оноос хойш хийсэн цуврал неон баримлуудаас бүрдсэн бүтээлийн нэр болно. Клэр Фонтейнийн цуврал неон баримлуудад баруун болон барууны бус 53 хэл илэрхийлсэн байдаг. Тэдгээрийн дотор хэд хэдэн уугуул хэл, зарим нь устаж үгүй болсон хэлнүүд байдаг. Энэхүү бүтээлийг энэ жилийн Венецийн Биенналь өргөн хүрээнд толилуулж байгаа.
Түүнчлэн дэлхий нийтээр даяаршил, эдийн засаг, эрх мэдлийн шуналаас болоод зарим улс үндэстэн, соёл устаж, үгүй болж байна. Нөгөөтэйгүүр бид бие биеийнхээ гэр орон, амьдрах орчин, амгалан амьдрал, ирээдүй, боломж эрх чөлөөт орон зай, хүмүүний эрх, амийг хүртэл тонон довтлон хулгайлж байна. Яг энэ өнцгөөс харвал бид өөрсдийн төрөлх нутагтаа харийнхан болчихсон байх жишээтэй. Түүнчлэн мөн даяаршлын хүрээнд бид өөрсдийгөө дэлхийн иргэд гэж ярьдаг шүү дээ. Миний хувьд ХБНГУ-д 2000 оноос хойш ажиллаж, амьдарч байна. Би тус улсад нүүж очсон суугуул иргэн. Тэгэхээр германчууд намайг харийнхан л гэж харах үе бий. Харин би Монгол Улсдаа эргээд ирэхэд харийн оронд их олон жил ажиллаад, амьдарчихсан учир заримдаа ажлын арга барил, харилцаанаас эхлээд харь хүн шиг болчих нь бий. Тэгэхээр харийнхан гэж яг хэн юм бэ, хэн, ямар аргаар тодорхойлох вэ гэдгийг олон талаас нь нухацтайгаар авч үзснээрээ энэ жилийн Венецийн Биенналь өргөн цар хүрээтэй болж байна.
-Энэ жил манай улсыг төлөөлж уран барималч А.Очирболд оролцсон. Монголын павильон, монгол уран бүтээлчийн бүтээл энэхүү сэдэв, санаатай хэрхэн нийцэж байв?
-Венецийн Биенналийг бүрдүүлж буй үндсэн гурван хэсгийн хоёр дахь нь улс, орнууд өөрийн бие даасан павильоноо зохион байгуулж, өөрийн орны дүрслэх урлагийн хөгжлийг танилцуулдаг. Энэ жилийн 60 дахь удаагийн наадамд нийт 88 орон бие даасан павильоноороо оролцсоны нэг нь Монгол Улс байлаа. Монголчуудын хувьд энэ нь Венецийн Биеннальд оролцож буй тав дахь тохиолдол. Тав дахь удаагийн павильонд Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” гэсэн уран баримлын өрөг урлагийн төрлөөр оролцож байна. Бүтээлийн сэдэв, утга санааг тодорхойлбол, Буддын шашны догшин сахиус Дүртоддагва шүтээний дүрслэлээс санаа авч, нэг ёсондоо өрнийн соёл, уламжлалыг дорнын хэлээр буюу орчин цагийн урлагийн хэлэмжээр/гаргалгаагаар илэрхийлж чадснаараа нэг талаасаа онцлог. Венецийн Биенналь маань дөрөвдүгээр сарын 20-нд албан ёсны нээлтээ хийгээд арваннэгдүгээр сарын 24 хүртэл нийтдээ долоон сар үргэлжилнэ. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 16-19-ний хооронд зөвхөн олон улсын дүрслэх урлагийн 30 мянган мэргэжилтэн болоод 2600 хэвлэл мэдээллийн төлөөлөлд зориулсан урьдчилсан нээлтийн ажиллагаа болсон. Энд нийтдээ дэлхийн өнцөг булан бүрээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн, куратор, судлаач, шүүмжлэгч, уран бүтээлчид, музейн захирлууд ирж, дэлхийн дүрслэх урлагийн хөгжил хаана, ямар шатанд явж буй тухай ярилцаж, мэдээлэл солилцсон. Энэ үед харж байхад Монгол Улсын павильонын концепт болоод А.Очирболдын бүтээл Венецийн Биенналийн үндсэн сэдэв болох “Харийнхан хаа сайгүй” гэсэн санаатай олон өнцгөөс төгс нийцэж байгааг онцолж байлаа.
-А.Очирболд уран барималчийн бүтээлийг хараад урлаг судлаачид болон шүүмжлэгчид хэрхэн хүлээж авч, юу хэлж байсан бол?
-Монголын павильон руу ороход өөд өөдөөсөө харсан эрэгтэй, эмэгтэй хоёр араг яс хоорондоо бүжиглэж буй мэтээр дүрслэгдсэн. Ер нь Дүртоддагва сахиус нь хүмүүн төрөлхтнийг, байгалийг тогтвортой байлгах, аливаа дээрэм тонуулаас хамгаалах увдистай. Тэгэхээр түүхийн талаас нь бодоод үзсэн ч манай уран бүтээлчийн бүтээл анхаарал татахуйц, онцгой байсныг хэлж байлаа. Мөн А.Очирболд уран барималч өөрөө 2012 оноос эхлээд бүтээлдээ хүний дотоод ухамсрын талаар илүү сэдэвчилж, тууштай тусгасаар ирсэн туршлагатай уран бүтээлч. Барималд дүрслэгдсэн энэхүү сахиус гурван мэлмийтэй. Харин хоёр нүдтэй гавлын яс нь хүмүүн төрөлхтнийг илэрхийлдэг бол нэг нүдтэй нь зөвхөн тамын орныг дүрслэх жишээтэй. Мэдээж үзэгчид эхлээд харахад ялангуяа, өрнийнхөн гавлын ясыг үхэл гэж харах нь бий. Тэгэхээр айдастай ч юм шиг мэдрэмж төрж магад. Гэхдээ бүтээлийг удаан тогтоод харахаар маш их философилог, гүн ухааны утга агуулгатай бүтээл байна гэдгийг ирсэн урлаг судлаач, шүүмжлэгчид хэлж байсан. Мөн нөгөөтэйгүүр нэг хөл дээрээ бүжиглэж буй хоёр сахиус маань байгаль дэлхий, хүн төрөлхтний тэнцвэр болоод аливаа бүхэн мөнх бус ямархан хэврэг вэ гэдгийг болоод хүн, байгаль дэлхийн харилцааг илэрхийлснээрээ давуу талтай. Бидний амьдарч буй энэхүү ороо бусгай цаг үед хүн бүхэн ирээдүйгээ сайн, сайхан байгаасай гэж төсөөлдөг. Гэтэл бид үнэхээр өөрсдийн гүн ухамсар руугаа орж, эргэн тойрноо ажиглаж, үйлдэл, ухамсраа харах юм бол бидний хийж байгаа үйлдэл хоорондын харилцаа болоод байгаль эхтэйгээ харилцаж байгаа үйлдэл бүхэн жаргалтай гэрэлт ирээдүйн суурь болж чадах уу гэсэн их том асуулт гарч ирнэ. Тэгэхээр манай уран бүтээлч энэ бүгдийг бүтээлээрээ гаргаж өгч чадсан. “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” бүтээл одоо, орчин, ирээдүй цаг гэж орчуулагдаж, ухамсар болоод сүнслэг байдлаараа дамжаад илүү гэгээрэл рүү хэрхэн очиж, ухаарлыг олох вэ. Бид өөрсдийгөө сонсож, сайн сайханд тэмүүлэхгүй бол бидний ирээдүй их хэврэг байна шүү гэсэн гүн санааг илэрхийлсэн. Өрөг бүтээлийн нэг баримал нь 300 жижиг хэсгээс бүрдэж байгаа. Тэгэхээр ямар их хөдөлмөр, сэтгэл орсон байна вэ. Уран бүтээлийн продакшн ажлыг Очироогийн “Өнгө Яс”-ын туслах залуучууд чадварлаг гүйцэтгэсэн. А.Очирболдын туурвисан энэхүү бүтээл үзэгчдийн анхаарлын төвд орж, Венецийн Биенналийн улс орны павильонуудаас онцлох бүтээлийн нэг байсан гэдгийг бахархалтайгаар хэлж болно.
-Энгийн уншигч, үзэгчид Венецийн Биенналийн тухай төдийлэн мэдлэг дутмаг. Монгол Улсын хувьд тав дахь удаагаа оролцсон нь мэдээж нэр төрийн хэрэг. Гэхдээ энэ наадамд оролцох уран бүтээлчийг хэрхэн сонгодог талаар мэдээлэл өгөөч?
-Миний хувьд Соёлын яам, Павильоны комиссарын зүгээс энэ оны нэгдүгээр сард Монголын павильоны куратороор ажиллаач гэсэн санал тавин урьж, албан ёсоор томилогдсон. Үүнээс өмнө уран бүтээлч маань сонгогдчихсон гэсэн үг. Сонгон шалгаруулалтын хувьд 2023 оны есдүгээр сараас хойш Монголын урчуудын эвлэл, Урлагийн зөвлөл, Соёлын яам гээд Монгол Улсад дүрслэх урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагын төлөөлөл мөн өмнөх Монголын павильоныг зохион байгуулж байсан байгууллагын удирдлага оролцсон 15 хүний шүүгчийн бүрэлдэхүүний саналаар эцэслэн шийдвэрлэгдсэн мэдээллийг надад өгсөн. Ингэхдээ Монгол Улсыг төлөөлж чадахуйц авьяас билэгтэй уран бүтээлч болоод бүтээлийн утга санаа, агуулгыг голлож үздэг. Энэ жилийн хувьд сүүлийн шатанд дөрвөн уран бүтээлч үлдсэнээс шүүгчдийн дийлэнхийн саналаар уран барималч А.Очирболдын концепц сонгогдсон нь энэ.
-Кураторын хувьд та уран барималч А.Очирболдын дотоод ертөнц болоод арга барилыг хэрхэн харсан бэ. Та хоёрыг их олон жилийн уран бүтээлийн хамтрагч гэж сонссон?
-Миний хувьд Соёлын яамнаас тавьсан саналыг хүлээж аваад, их богино хугацаанд хамтраад баг болоод ажиллая гэсэн нь нэгдүгээрт Монгол Улсыг төлөөлөн оролцож буй уран барималч А.Очирболдтой би 2013 оноос хойш ажиллаж буй. Түүний хувьд анх 2015 оны Норд-Арт үзэсгэлэнд оролцож, үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байлаа. Мөн 2019 онд “Дэгэрэ” бүтээлээрээ гранпри шагналыг авсан түүхтэй. 2012 оноос А.Очирболдтой танилцаж, уран бүтээлчийнхээ хувьд авьяастай, хүсэл эрмэлзэлтэй юм байна. Зорилгынхоо төлөө тууштай тэмцэж, хөдөлмөрлөж чаддаг гэдгийг нь ойлгож, уран бүтээлчийг дэмжин мэргэжлийн хүрээнд хамтрагчид болсон. Бидний дунд 10 гаруй жилийн хамтын ажиллагаа болоод бие биеэ сайн мэддэг учир Венецийн Биенналийн үеэр хамтарч ажиллахад ямар ч бэрхшээл тулгараагүй. Би кураторынхоо хувьд уран бүтээлчийнхээ сэтгэлгээ, онцлогийг аль талаас нь хэрхэн гаргаж илэрхийлэх тал дээр түлхүү ажилласан.
-Таниас гадна ко-куратороор ХБНГУ-ын “Күнстхалле Дюссельдорф” музейн захирал Др.Грегор Янзэн ажилласан байсан. Түүний хувьд Монголын уран бүтээлчид, павильонд ямар зөвлөгөө, зааварчилгаа өгсөн бэ?
-Грегор Янзэн захирал бидэнтэй 2019 оноос хойш хамтран ажиллаж байна. Түүний хувьд монгол уран бүтээлүүдийг сайн мэдэрдэг, манай уран бүтээлчдийг их үнэлдэг. Ялангуяа, А.Очирболдыг. Тэрээр Монголын павильоны ко-куратороор ажиллахдаа эхлээд гайхаж байсан. Хэтэрхий их дүрслэл, агууламжтай байна гэж хэлсэн. Түүний хувьд дэлхийн чухалд тооцогдох, нэр хүндтэй түүхэн музейн захирал. Олон орны уран бүтээлчидтэй хамтарч ажилласан туршлагатай куратор, урлагийн менежер. Тиймээс илүү мэргэжлийн өндөр түвшний заавар, зөвлөгөө харилцан өгч, туурвил дэглэлтийн хувьд Европын үзэгчдэд үзүүлэхэд аль зүгээр вэ гэдэг тал руу илүү чиглүүлж байлаа. Ялангуяа, барууны үзэгчдэд ямар агуулгыг үзүүлбэл илүү хүлээж авах, уран бүтээлчийнхээ ямар онцлогийг дөвийлгөх зэргээр үндсэн агуулгаа хоорондоо ярилцаж, зөвлөлдсөний эцэст гаргасан учраас бид бие биеэ их сайн нөхөж ажилласан.
МОНГОЛЫН ПАВИЛЬОНЫГ ӨДӨРТ 1500 ГАРУЙ ХҮН ҮЗЭЖ БАЙНА
-Мэдээж уран бүтээлч болоод кураторууд нэг нэгнээ ойлгож, мэдэрч байж Монголын павильон сүндэрлэсэн байх. Ямар хугацаанд та бүхэн энэ ажлын ард гарсан бэ?
-Уг нь Венецийн Биенналийн хувьд бэлтгэл ажил нь хоёр жил явагддаг уламжлалтай, ядахдаа жилийн өмнө. Харин бидний хувьд монгол аргаараа гэх юм уу, хоёр сарын дотор л машиндчихлаа. Их богино хугацаанд цутгасан юм шиг нэг баг болж, боломжгүй зүйлийг ч болгож, амжуулж чадсан. Мэдээж санхүүгийн асуудал хүнд байсан. Харин 2022 оноос Монгол Улсын 73 дугаар тогтоол гэж батлагдсан. Тус тогтоолд Венецийн Биенналь, Канн гэсэн дэлхийн хэмжээний томоохон наадмуудыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж оролцоно гэж заасан байдаг. Энэ тогтоолын хүрээнд ийнхүү хоёр дахь удаагаа Соёлын яам, Засгийн газрын гишүүн Соёлын сайд Ч.Номин павильоны комиссараар, Итали улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олон маань дэмжиж хамтран ажилласан. Харин кураторуудын хувьд их богино хугацаанд ажилласан ч дэлхийн дүрслэх урлагийн салбарын хамгийн том наадамд оролцож байгаа учир мэргэжлийн баг бүрдүүлэх ёстой гэсэн шаардлагад нийцүүлж ажилласан. Куратор гэдэг агуулга, дэглэлтээс гадна уран бүтээлчийн туурвилыг нь дэмжиж ажиллах ёстой. Үүнээс гадна үзэсгэлэнгийн менежмент, сан босголт, маркетинг, хэвлэл мэдээлэл гээд салбар салбарын багийг бүрдүүлэх шаардлага гарсан. Гэтэл Монголын багийн хувьд 2024 оны нэгдүгээр сар гэхэд эдгээрийн нэг нь ч байгаагүй. Тиймээс миний хувьд куратороор томилогдон ажиллах саналыг хүлээж авахдаа “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” ТББ-ын /AMPMC NGO/ мэргэжлийн багийг павильоны зохион байгуулалт дээр санал болгосон. Мөн менежмент дээр Итали түншүүдтэйгээ хамтарч ажиллалаа. Үүнээс гадна хэвлэл мэдээлэл маань илүү гадагшаа чиглэсэн байх ёстой учир Монгол, Итали, Герман гээд олон улсын хэвлэл мэдээллийн баг бүрдүүлж чадсан. Харин сан босголтыг “Sound of Mongolia”-ийн проюдссер, Соёлын элч Х.Дамдинсүрэн маань хариуцан маш богино хугацаанд бүх хүчээ дайчлан чадварлаг ажилласан байх жишээтэй. Ард санхүүгийн нэгдэл маш чухал үед дэмжин хувь нэмрээ оруулсан. Энэ мэт их олон хүний хүч хөдөлмөр болоод төр болон хувийн хэвшлийн олон байгууллагын хамтын ажиллагааны үндсэн дээр Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн Биеннальд амжилттай оролцож байна.
-Өнгөрсөн жилүүдийн Биенналийг харахад павильоны хувьд баригдмал, жижигхэн талбайтай байдаг байсан. Харин энэ жилийнх эсрэгээрээ том харагдсан. Павильон сонголтыг хэрхэн хийсэн бэ?
-Венецийн Биеннальд оролцож буй орнууд өөрсдөө павильоноо сонгох эрхтэй байдаг. Бидний хувьд дөнгөж нэгдүгээр сараас бэлтгэл ажилдаа орсон тул павильоноо оройтож сонгох болсон. Тиймээс “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” ТББ-тай 10 гаруй жил хамтран ажиллаж буй Италийн түншүүддээ хандсан. Хандахдаа хамгийн чухал нь байршил шүү гэж захисан. Хамтрагчид маань ч “Туяа, AMPMC орж байгаа юм бол бид Монголын багийг дэмжиж ажиллая” гээд бидэнд итгэл хүлээлгэсэн. Ингээд 3-5 өдрийн дотор Монголын багт хамгийн байршил сайтай буюу Венецийн Биенналийн Арзенал дахь үзэсгэлэнгийн төв хаалганаас 20 метрийн зайтай, эсрэг талд байх павильоныг санал болгосон. Хэмжээний хувь100 мкв шахуу. Манай павильон дээр ажиллаж байгаа соёлын менежерийн өдөр бүр бидэнд өгч буй статистик мэдээллээр манай павильоныг өдөрт багадаа 700 хүн, хүн ихтэй үедээ 1200 гаруй хүн үзэж сонирхож байна гэсэн таатай мэдээтэй. Нээлтийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд Венецийн Биенналийг 8600 хүн үзсэн гэсэн тоо гарсан. Тэгэхээр энэ 8600 хүний 1300 нь манай павильон дээр тухайн өдөр ирчихсэн байх жишээтэй. Харин урьдчилсан нээлтийн дөрвөн өдөрт бид 5000 мэргэжлийн үзэгчтэй байсан. Үзэгчийн тоо яг энэ хэвээр цааш үргэлжилбэл бид Биенналийн төгсгөл гэхэд 150-200 мянган үзэгчийг хүлээж авах боломжтой дүр зураг харагдаж байгаа.
-Энэ удаагийн Биеннальд оролцсон бусад орны павильон, уран бүтээлчдээс кураторын хувьд таны сонирхлыг татсан бүтээл байв уу?
-Венецийн Биенналийн гурав дахь хэсэгт 30 орчим бие даасан том музей, сангууд маань өөрсдийн үзэсгэлэнгээ дэлгэсэн. Харин “Харийнхан хаа сайгүй” гэсэн үндсэн үзэсгэлэн дээр миний сонирхлыг татсан нэг зүйл нь маш их үндэсний гар урлалын бүтээлүүдийг тавьж өгсөн байсан. Тэгэхээр үүнээс үндэстэн бүхэн өөрийн онцлогийг шингээсэн гар урлалын бүтээлүүдийн хөгжил хэрхэн урагшилж байгааг харж болохоор. Энэ нь цаашлаад орчин үеийн гар урлалын техник технологи руу хувирсан юм болов уу гэхээр үгүй. Харин ч уламжлалт арга барил, техник нь хэвээр байгаа нь сайшаалтай. Харин манай павильоны дэглэлтийн хувьд бид уран бүтээлчийн цуглуулгын сангаас Дүртоддагва сахиусын түүхэн зурмал хэлбэрийг аваачиж тавьсан. Тэгэхээр манай Монгол Улсын павильоны дэглэлт нь орчин үеийн байхаас гадна үндэснийхээ уламжлалт соёлыг танилцуулж, эртний соёлоосоо бид санаа авч, өрнийн соёлыг орчин үеийн буюу дорнын соёлын аргаар үзэгчдэд хүргэж байгаа нь сайшаалтай байна гэсэн урмын үгийг бид урлаг шүүмжлэгчид болоод соёл, урлагийн мэргэшсэн сэтгүүлчдээс сонссон. Энэ үнэлгээг авах хамгийн том түлхэц нь бид богино хугацаанд мэргэжлийн баг бүрдүүлж чадсанд оршиж байгаа юм. Хүн бүр хуваарилагдсан ажлаа чадварлаг гүйцэтгэн Монгол Улсынхаа нэрийн төлөө багаараа ажиллаж чадсан. Мөн бидний хийсэн нэг том ажил нь павильоны албан ёсны нээлтээс гадна Монголын павильоны хэвлэлийн бага хурлыг Биенналийн албан хөтөлбөрт оруулж чадсан. Манай хэвлэлийн бага хурлыг нийт 50 гаруй олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөл ирж сурвалжилсан.
-Венецийн Биеннальд оролцоно гэдэг зөвхөн хувь уран бүтээлчийн амбицын асуудал биш. Цаана нь Монгол Улс, манай улсын соёл урлагийн хөгжил яригдах, том арга хэмжээ. Монгол уран бүтээлчид 60 дахь удаагийн Биеннальд оролцсоны үр шим, өгөөжийг та хэрхэн харж байгаа вэ?
-Венецийн Биеннальд оролцсоноороо бид Монгол Улсын дүрслэх урлагийн салбар хаана явж байна вэ, уран бүтээлчийн чадвар ямар байгааг олон улсад харуулж байгаа юм. Үүнээс гадна төр, засаг нь соёл, урлагийн салбараа хэрхэн анхааралдаа авч, дэмжин ажиллаж байна вэ гэдгийг ил тодоор олон улсын тавцанд тайлагналаа гэсэн үг. Мөн олон улс, хамтын ажиллагааны чанартай суурийг тавьж байна гэж харж болно. Уран бүтээлчийн хувьд энэ Биеннальд оролцсоноор олон улсад өөрийн байр сууриа баталгаажуулан улам төгөлдөржүүлэх боломж нээгдэж байна гэсэн үг. Манай А.Очирболдын хувьд одоогоор дэлхийн 2-3 музейтэй хамтарч ажиллахаар яригдаж байна. Тэгэхээр Венецийн Биенналь гэдэг хувь хүний төлөөлдөг, хувь байгууллагын хийдэг ажил биш. Монгол Улсын ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьсан, мэргэжлийн багийн хийх ёстой, хариуцлагатай ажил юм. Ард нь ганцхан миний биш Монгол Улсын нэр хүнд яригдах учир бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Харин ч Засгийн газрын 73 дугаар тогтоол гарснаар 2022 оноос Монголын соёл, урлаг эдийн засгийн эргэлтэд орж эхэлж байна. Ялангуяа, бүтээлч үйлдвэрлэлийн салбарт кино болон дүрслэх урлагийн салбар маань тэргүүлэх чиглэлд явж байна. Хууль нь ч батлагдлаа. Эдгээр салбарыг цааш нь хөгжүүлэхэд олон улсын нэр бүхий Биенналь, наадмуудад монгол уран бүтээлчдийг оролцуулж, бүтээлч сэтгэлгээг нь олон улсад таниулахаас гадна хөгжүүлэх шаардлагатай. Энэ ажлыг улс нь дэмжиж оролцоно гэдэг цаашлаад хоёр орны хамтын ажиллагаанд тун чухал. Энэ цаг үед аливаа салбар дангаараа хөгжинө гэсэн ойлголт байхгүй болж байна. Салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа байж л урагшилдаг үе ирээд байна. Соёл, урлаг өнөөдөр шинжлэх ухаан, эдийн засаг, нийгэм, улс төр, боловсролтой салшгүй холбоотой.
ГЕРМАН УЛС НАМАЙГ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД СОРЬЖ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН
-Дэлхийн соёл, урлагийн салбарт куратор бол их чухал. Харин Монголд энэ салбар хэрхэн хөгжиж байгаа бол. Таниас өөр олон улсад ажиллаж байгаа куратор байгаа болов уу?
-Монгол Улсын хувьд боловсон хүчин байгаа юу гэвэл бий. Харамсалтай нь куратор болоод урлаг шүүмжлэгч, урлагийн түүхч гэсэн нарийн мэргэжлүүдийг уран бүтээлчид нь өөрсдөө үнэлэх, хүлээн зөвшөөрөх нь их бага байх шиг ажиглагддаг. Аливаа урлагийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд багийн ажиллагаа хамгийн чухал. Гэтэл Монголд уран бүтээлч нь өөрөө дэглэлтээ хийж, сангаа босгож, менежментээ хийх нь хэвийн үзэгдэл болжээ. Харин олон улсад уран бүтээлч нь бүтээлдээ л анхаарах ёстой. Бусдыг нь кураторын болон менежмнетийн баг хийгээд гүйцэтгэчихдэг байх жишээний. Мөн манай гарч ирж буй шинэ кураторууд болон шүүмжлэгчид маань алдаа хийхээс айгаад байдаг санагдсан. Энэ бол зөвхөн миний хувийн бодол. Би тэдэнд хандаж “Алдаа хийхээс битгий айгаарай” гэж захимаар байна. Учир нь хүн алдаж, унаж байж суралцдаг. Алдаагаа засах тусмаа өөрийн ажиллах арга барилаа олж авах нь бий. Тиймээс болж өгвөл туршиж үз. Манай зураачдын хувьд хэдэн зураг дэлгэж тавьчихаад би үзэсгэлэнгээ дэлгэсэн гэж ярихыг олон удаа сонслоо. Гэтэл тэр үзэсгэлэнд чинь концепт, дизайн, архетиктур гэж гарах ёстой. Олон улсад үзэсгэлэнгийн концепцээс шалтгаалаад зургуудыг хэрхэн, хаана байрлуулах, ямар бичвэр бичих нь хүртэл шийдэгддэг их нарийн ажил. Тухайн үзэсгэлэнг би хэнд зориулсан, зорилтот групп маань ямар хүрээг хамрах билээ. Хүүхдүүд ирж үзэх бил үү эсвэл том хүнд үү гээд нэг зургийг байрлуулах хүртэл утга учиртай байдаг. Концепт агуулгаа дагаад олон нийтийг хамрах боловсролын хөтөлбөрийн төрөл, ангилал, түгээлт ямар байх уу гээд л. Энэ бүгдийг кураторын баг хийх ёстой.
-Таны хувьд загварын тайзан дээр алхаж явсан хүн. Харин соёл, урлагийн менежмент тэр дундаа куратор болох замнал тань хэзээнээс эхтэй юм бэ?
-2014 онд Герман, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 40 жилийн ой тохиосон. Энэ үед Норд-Арттай хамтрах анхны алхмаа хийж байлаа. Ингээд 2015 онд онцлох орноор оролцохдоо Монгол Улсын хувьд куратор их хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Залуучууд байгаа ч тэд мэргэжлээрээ ажилладаггүй. Ажиллая гэсэн ч орон зай нь хумигдмал байсан. Тухайн үед Жигжидсүрэн гуайн хүү, урлагийн түүхч, менежер Ж.Бодьбаатартайгаа хамтраад анх кураторын баг болоод ажиллаж байсан юм. Үүнээс өмнө би 2013 онд дэлхийд нэрд гарсан уран бүтээлчдийн 24 график бүтээлийг хувийн цуглуулгаас Монголд авчирч, залуучуудад соён гэгээрүүлэх гэдэг үүднээс орчин цагийн урлагийн шинэ урсгалуудын тухай тайлбар, үзэсгэлэн хийж байсан удаатай.
-Та 1990-ээд оны Монголын цуутай, сайхан бүсгүйчүүдийн нэг. Харин ид загварын карьер хөөх насан дээрээ Германыг зорьсон гэх юм билээ. Тус улсад очих гол зорилго юу байсан юм бол?
-Анх 2000 оны эхээр загвар өмсөгчийнхөө ажлын хүрээнд харь орныг зорьж байлаа. Тэр үед надад Парис болон Германаас ажлын санал ирсэн юм. Харин хамгийн түрүүнд Германы тал албан ёсны ажиллах эрх өгсөн болохоор тухайн улсыг сонгосон. Тэнд очоод ажиллаж байх хугацаандаа герман хэл сурчихвал өөрийгөө хөгжүүлэх, боловсрох, мэргэжлээрээ ажиллах боломж байгааг олж харсан. Ингээд Германд Европын хэвлэл мэдээлэл зүйн судлаач, урлаг судлаач, ахисан түвшинд Соёл урлаг, хэвлэл мэдээлийн удирдлага зүйч, менежмент чиглэлээр сурч төгссөн. Герман улс намайг, мэргэжлийн хувьд сорьж, урам зориг өгсөн орон. Эх орондоо, эх хэлээрээ яриад ажиллах шал өөр шүү дээ. Харин харийн оронд ажиллаж, амьдарна гэдэг асар том зориг байдаг юм билээ. Ингээд би тухайн улсад өнөөдрийг хүртэл амьдрахдаа хоёр улсын хоорондын дипломат харилцааны хүрээнд соёл, урлаг, шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн салбарын их олон төсөл дээр ажилласан байна. Энэ хугацаанд миний сурсан гол зүйл бол зөв менежмент хийхээс гадна салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах. Манай улсын хувьд салбар дотроо байгууллагууд нь хамтарч ажилладаггүй сул тал харагдаад байдаг. Гэтэл Германд салбар хоорондын хамтын ажиллагааг чухалчилдаг. Тэр дундаа салбар дотроо байгууллагуудын хамтын тогтвортой ажиллагааг эрэлхийлдэг. Энэ нь нэг төсөл дээр ажиллаад орхих бус 2-3 жил цаашлаад 10 жилийн турш тасралтгүй хамтарч, уялдаа холбоотой ажилласнаар үр дүн гарна гэж хардаг. Ялангуяа, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны салбар хүний оюун ухаанд нөлөөлдөг зөөлөн зэмсэг шүү дээ. Герман улсын хувьд түүхэндээ их гашуун туршлагатай улс. Дэлхийн II дайн яагаад гарсан юм бэ. Яагаад еврейчүүд сая саяар амь эрсэдсэн юм бэ гэхээр дээрх гурван салбараар дамжуулаад иргэдэд тархи угаалт хийчихсэн. Хүн нэг худал зүйлийг гурван удаа сонсчихоор үнэн гээд итгэчихдэг. Тиймээс дэлхийн II дайнаас хойш германчууд эдгээр салбарт аливаа хувь хүн, байгууллага, улс төрийн намын дарангуйллаас хараат бус байлгахаар хуульдаа заасан. Үүний тулд суурь санхүүжилтийг тавьж өгдөг тогтолцоотой болгосон. Германы соёл урлаг, мэдээллийн салбар 2024 онд 2.3 тэрбум евро суурь санхүүжилтийн төсөвтэй. Тэгэхээр соёл, урлагийн салбар хангалттай санхүүжилттэй болсон учир ямар ч хүчинд авталгүйгээр цэвэр уран бүтээлээ туурвих боломж бүрдсэн. Ямар нам гарсан хэзээ ч хэвлэл мэдээлэл, соёл урлагийн салбарын агуулгад халдаж чаддаггүй. Энэ мэт урлаг, хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдгийг үндсэн хуульдаа хэд хэдэн заалтаар хамгаалаад өгчихсөн. Мөн соёл, урлагийн бүх байгууллага төрөөс санхүүжиж байгаа учир гол эрхэм зорилго нь иргэдээ соён гэгээрүүлэх. Гэтэл манайд эсрэгээрээ байх тохиолдол олширлоо. Улсаас татварын мөнгөөр санхүүжиж буй урлагийнхан маань эхлээд мөнгө олох ёстой болчихоод байдаг. Харин өөрийгөө санхүүжүүлэгч бүтээлч үйлдвэрийн салбарт багтаж байвал өөр хэрэг л дээ.
-Манайд одоо л хувийн галерей, театрууд хүчээ авч байна. Мэдээж тэд хөл дээрээ босохын тулд мөнгө олох шаардлагатай. Тиймээс соён гэгээрүүлэх үүргээ умартаад байгаа тал ажиглагддаг?
-Хувийн театр, галерей, урлагийн байгууллагуудын хувьд зах зээл нь адилхан шүү дээ. Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт ороод эдийн засагжуулах хүрээнд байгуулагдсан зорилго нь ашиг олох бол мэдээж тэд эхлээд мөнгө олох ёстой. Санхүүгийн суурь нь бүрдэж байж үйл ажиллагаа нь тогтворжино. Тэгээд соёл гэгээрүүлэх зорилго нь хоёрт байгаад ирээдүйн үзэгчдээ бэлтгээд явна гэсэн үг.
Харин улсаас санхүүжиж байгаа соёл, урлагийн байгууллагуудын хувьд үндсэн үүрэг, мөн чанараа гээж болохгүй. Эрхэм зорилго нь нэгдүгээрт тавигдах ёстой. Тэгэхээр хэн нь ямар үүрэгтэй билээ гэсэн тогтолцоогоо ялгаж, салгаж сурмаар байна.
-Манай соёл, урлагийн салбар нэг үеэ бодвол бие даасан яамтай болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Хуучин бол бусад яамны халаасанд хавчуулагдаад л явдаг байлаа шүү дээ?
-Аливаа яам, салбар бат бэх оршин тогтноход зөв тогтолцоо хэрэгтэй. Бие даасан Соёлын яамтай байна гэдэг чинь бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд хамгийн чухал. Энэ салбар чинь хүний гоо зүйн төлөвшлийг бий болгож, соён гэгээрүүлэх үндсэн үүрэгтэй. Дээрээс нь урлаг гэхээр тайзан дээр гараад зүгээр л дуулж, бүжиглэх төдийхнөөр ойлгож болохгүй. Агуулгынх нь хувьд нийгэмд үйлчлэх чухал салбар гэж харах хэрэгтэй. Олон салбарыг хамарсан, зөв чиглүүлэхэд эдийн засгийн эргэлт өндөртэй, мөн монгол хэл, язгуурын соёлыг хамгаалан хөгжүүлэх чухал салбар. Мөн урлаг үзэгчгүйгээр хэзээ ч оршин тогтнохгүй. Тэгэхээр бид үзэгчдээ давхар бэлдэж явах нь чухал. Үүнийг боловсролын салбартай уяж, хамтарч ажиллавал үр дүнд хүрнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 107 (7351)