Т.САЙХАН

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Израйл Арабын хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох, гэрээний хэрэгжилтийг нь хангах зорилготойгоор анхны энхийг сахиулах ажиллагааг 1948 оны тавдугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн түүхтэй бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн энэ өдрийг “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба "Монгол Улс энхийг эрхэмлэсэн төрийн гадаад бодлогыг тууштай баримтлан, эх орныхоо тусгаар тогтнолыг улс төр-дипломатын аргаар хангах хүрээнд даян дэлхийн энхийн төлөө 2002 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны цэргийн ажиглагч офицерыг, 2003 онд Бүгд Найрамдах Ирак Улсад явагдсан “Иракийн эрх чөлөө”, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багаа илгээснээс хойш эдүгээ 22000 гаруй энхийг сахиулагч цэргийн алба хаагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж, Монгол цэргийн суу алдрыг мандуулсаар байна" хэмээжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 900 орчим цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Ливан Улс, Бүгд Найрамдах Кипр зэрэг улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Эх сурвалж:www.polit.mn