Т.САЙХАН
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилсан байна. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн ийнхүү баривчилсан аж. Ц.Гарамжав нь Монполимет Группийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд 2016-2020 онд УИХ-д сонгогдон ажиллаж байв. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Өчигдөр АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын орон гэр, бусад объектэд нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнтэй холбоотойгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу түүнийг 48 цагийн хугацаатай баривчлаад буй. Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, гадаадад оффшор данс үүсгэсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөн эзэмшиж буй лицензүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn