Б.ТУУЛ

    Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор монгол бичгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласан билээ.

Энэ ажлын хүрээнд бид саяхан “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгвэл энэ удаа  “Бичиг соёл-2024” монгол уран бичлэгийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үүдээ нээгээд байна. Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын урчуудын эвлэл, “Бичиг соёл төв”, “SRP rising group зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа ажээ. “Бичиг соёл-2024” үзэсгэлэн нь үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах зорилготой, 15 дахь жилдээ үзэгчдэд хүрч байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд анх удаа багш, сурагчид, оюутан залуус хамтран бүтээлээ дэлгэснээрээ онцлог болжээ. Үзэсгэлэнгийн танхимыг залуу үеийн уран бүтээлчдийн орчин үеийн шийдэл бүхий уран бүтээл, бие даасан бүтээл хэмээн хоёр ангилан толилуулж байна. Үзэсгэлэн зургадугаар сарын 11-ныг хүртэл үргэлжилнэ гэв.

Эх сурвалж: www.zms.mn