Үндэсний номын сангийн шинэ барилга үүдээ нээлээ. Нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, Соёлын сайд Ч.Номин, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлууд, эрдэмтэн мэргэд, зохиолч, уншигч, олон нийтийн төлөөлөл оролцлоо. Үндэсний номын сан нь 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалттай барилга ашиглалтад орж байсан бол 73 жилийн дараа шинэ барилгаа ийн ашиглалтад хүлээн авлаа. 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний номын сангийн шинэ иж бүрэн барилга, байгууламжийг барих зарлиг гарснаар анхны шавыг тавьж, 2014 онд барилыг ажлыг эхлүүлж, 2024 онд ашиглалтад хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ шинэ барилга лнь орчин үеийн дэд бүтэц, техник технологитой 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай ажээ. Мөн 530 хүнд нэг зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухыг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга юм. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний номын сангийн шинэ байрын нээлтээд үг хэллээ.

Үндэсний номын сангаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид кофе шопоор үйлчлүүлэнгээ ном худалдан авах боломжтой юм байна. Энд 300-гаад төрлийн номыг худалдах төлөвлөгөөтэй байгаа талаар Кофе шопын ажилтан Г.Буянхишиг ярьж байлаа.

Каталогийн өрөө. Үндэсний номын сан шинэ Салбар номын сангаараа олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн ном, хэвлэлийг бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлж үйлчилгээнийхээ хүрээг тэлж байна. Түүнчлэн хамтын ажиллагаа, инновацыг хөгжүүлэхэд чиглэсэн хурал, зөвлөгөөн болон үзэсгэлэнгийн танхим, дуу, дүрс бичлэгийн студи, ауди, видео, цахим уншлагын танхим, багаар ажиллах өрөө, бүтээлч танхимтайгаар шийджээ. Үндэсний номын сан нь сан хөмрөгтөө байгаа ном, хэвлэлийн 534 мянгыг нь шинээр нээж буй Салбар номын сандаа шилжүүлж, үлдсэн гурван сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэгдэхүүн, ном, хэвлэлээр хуучин байрандаа эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулах юм байна.

Эх сурвалж www.polit.mn