Б.ТУУЛ

   Монгол Улс уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагтай орон болох хэтийн зорилго тавьсан. Энэ зорилгын хүрээнд боловсролын салбартаа нэгэн том шинэчлэл хийж, их сургуулиудыг судалгааны байгууллага болгох, эрдэмтэн багш нар,  оюутан залуусынхаа судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажил руу ханцуй шамлан орсон. Мөн хууль эрхзүйн зохицуулалтын хүрээнд Инновацийн тухай хууль, “Гарааны компани” байгуулах журам зэргийг батлан хэрэгжүүлж эхлээд багаггүй хугацааг үдэж байгаа билээ. Үүний үр дүнд манай улс салбар бүртээ мэдлэгийн нөөцөө ухдаг, судалгааны үр дүн ярьдаг, инновацийн хөгжил, өрсөлдөөн ярьдаг болсон байна.  

Энэ ажлын хүрээнд өнөөдөр МУИС мэдлэгийн нөөцөө ашиглах, хөгжүүлэх “ажил”-д идэвхи санаачлага гаргаж, залуу эрдэмтэн судлаачид, багш оюутнуудынхаа судалгааны ажлыг дэмжих “Багш оюутны стартап-2024” буюу “NUM Startup” хөтөлбөрийнхөө албан ёсны нээлтийг хийлээ. Хөтөлбөрийг нээж, МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Баяртогтох, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн 3Улаанбаатар Парк"-ийн захирал О.Мөнхбат, “Рио Тинто Монгол” компанийн түншлэл хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Даваасүрэн нар мэндчилгээ дэвшүүлж, залуу эрдэмтэн судлаач багш нарт болон шинэ санаа шийдлээ өрсөлдүүлж буй оюутан залууст амжилт хүссэн юм. 

БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох “Өнөөдөр дэлхийн ихэнх улс орнууд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, инновацийг бүтээх замаар эдийн засгаа тэлэх бодлогыг баримталж байна. Манай улсын хувьд инновацийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлуудыг олон шатанд амжилттай хийж гүйцэтгэж байгаа ч өдийг хүртэл нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Тиймээс гарааны бизнесийн эко орчныг бүрдүүлэх, инноваци, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар БШУЯ-наас хууль эрхзүйн орчныг цаашид улам боловсронгуй болгоход, хуулийн төсөл боловсруулж анхаарч ажиллаж байна” гэв.

 “Startup” хөтөлбөрт 70 гаруй багш оюутнуудын бүтээл шалгарчээ

МУИС уг хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил найм дахь удаагаа зохион байгуулахаар нээлтээ хийж байгаа аж. Энэ хөтөлбөр нь МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойг албаныхан онцолж байлаа. Мөн энэ жилийн хөтөлбөрт нэгэн том ахиц дэвшил гарсан нь хими, физик, биологи, нанотехнологи, хүрээлэн буй орчны инженерчлэл, хэл шинжлэл, мэдээллийн технологи зэрэг салбаруудад технологийн хөгжүүлэлт хийх, гарааны компанийн төсөл боловсруулах зорилгоор нийт 18 багийн 70 гаруй багш, оюутан хамтран ажиллахаар бүтээлээ ирүүлж, ажлаа эхлээд явж байгааг  албаныхан хэлж байлаа.

“NUM Startup” хөтөлбөр, багш оюутнуудынхаа судалгааны бүтээлийн ачаар МУИС дэргэдээ хатуу, шингэн, тосон гэсэн суурь бүтэцтэй үйлдвэрлэлийн гурван цех шугам байгуулан ажиллаж байгааг МУИС-ийн Шинжлэх ухаан-технологийн “Улаанбаатар” паркийн захирал О.Мөнхбат хэлж байв. Мөн хөтөлбөрийн хүрээнд багш, оюутнуудын хоёр ч бүтээгдэхүүн зөвшөөрөгдөн гарчээ.

Одоогоор ханын дулаалгын материал, байгаль орчин, экологийн чиглэлээр, мөн хүнсний үйлдвэрлэл эмийн болон гоо сайхны нэмэлт бүтээгдэхүүн хийж байгаа. Цаашид "Улаанбаатар парк"-аа түшиглэн олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэл гэхээр бид эсгий үйлдвэрлэл, эсгий гутал зэргээр төсөөлдөг байсан бол өнөөдөр бид салбарын яам, их сургуулиуд, салбар хоорондын хамтын ажиллагааны үр дүнд стартап хөтөлбөр, гарааны компанийг арай өөр түвшинд харж хүлээж авдаг болсон байна. Энэ бол бас стартап хөтөлбөрийн том ахиц дэвшил, том дэмжлэг гэж харж байна гэв.  

Инновацийн хөгжлийг дэмжиж, 300 сая төгрөгийн санхүүжилт хийжээ

     Судалгааны бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж буй багш нар, оюутан залуусын хувьд,  “Багш оюутны стартап-2024” хөтөлбөрийг  2020 оноос эхлэн “Рио Тинто Монгол” компани дэмжин ажиллаж байгаад талархлаа илэрхийлж байлаа. Тухайлбал, “Рио Тинто Монгол” компаниас 2020-2022 онд нийт 90 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Мөн багш оюутнуудын мэдлэгийг үнэлэх, судалгааны ажлыг илүү өргөжүүлэн хөгжүүлэх үр дүнг хэлэлцээд, 2023 оноос эхлэн гурван жилийн хугацаанд санхүүжилтийн хэмжээг нийт 300 сая төгрөг болгож нэмэгдүүлжээ.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр тус байгууллагаас гарааны компани, стартап хөтөлбөрт хамрагдсан багуудын үйл ажиллагааг дэмжиж, төсөлд оролцсон баг тус бүрт нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг гардуулсан юм. Мэдлэгээ өрсөлдүүлж, судалгааны бүтээлээ ирүүлсэн оюутан залуусын хувьд “Олон улсын хэмжээнд их сургуулиудыг үнэлэхдээ сургалтын үйл ажиллагаанаас гадна судалгааных нь үр дүнгээр үнэлдэг болсон.Энэ жишгээр манай сургууль, багш оюутнуудынхаа судалгааны бүтээлийг дэмжиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаад баяртай байна. Оюутан залуус бидний хувьд, зүгээр уншсан, сонссон мэдлэгээр диплом гардаж сургууль төгсөх бус  түүнийгээ хэрэглэж, хувиргаж, цаашаа нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн болгож, үйлчилгээнд нэвтрүүлэхийн төлөө илүү ихийг сурч судлах, баг болж хамтран ажиллах, шинэ санаа шийдлээ уралдуулахын төлөө улам их хичээх болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

 “Багш, оюутны стартап-2024” хөтөлбөрт бүртгүүлж, төсөл хэрэгжүүлж байгаа багуудын ажлыг сонирхвол, нийгэмд хэрэгтэй, анхаарал татахуйц төслүүд цөөнгүй иржээ. Тухайлбал, “Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Дэд проф. С.Батхишиг удирдагчтай “Монгол Гэсэр” баг - Гэсэрийн туулийг хялбаршуулж комик ном, утасны тоглоом, анимэйшн болгон хөгжүүлэх төсөл”, “Физикийн тэнхимийн Дэд проф. Т.Бэгзсүрэн удирдагчтай “Physics Start-up” баг - Агаарын бохирдлыг судлан бууруулах арга замыг тодорхойлох төсөл”, “Биологийн тэнхимийн ахлах багш Г.Оюундэлгэр удирдагчтай “Mouthwood” баг - Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих хамгаалах бүтээгдэхүүний төсөл”, “Физикийн тэнхимийн Дэд проф. Т.Бэгзсүрэн удирдагчтай “Bionics” баг - Хар саримс ашиглан биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах технологийн төсөл”, “Хими биологийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Ж.Болдбаатар удирдагчтай “Squadron” баг - Хонины ноосноос кератин ялгаж түүнийгээ гелэн давхаргад суурилуулж шинэ төрлийн шархны наалт хөгжүүлэх төсөл” зэрэг нийгэм, эдийн засагт хэрэгтэй, хүн байгальд ээлтэй олон сонирхолтой төсөл шалгарч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ ажилд идэвхийлэн ороод байгаа аж.

Эх сурвалж: www.zms.mn