Ч.Гантулга

Хөлбөмбөг бол дэлхийн номер нэг спорт. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрд энэ спортоор хичээллэж, дэлхийд алдартай хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг мянга мянган хүүхэд, залуус бий. Харин тэдний хүсэл мөрөөдлийн гүүр болж, зорилгоо биелүүлэхэд нь тусалж, итгэл найдвар төрүүлдэг хөлбөмбөгийн шилдэг академи бол “Barca” юм. Дэлхийн 30 гаруй улсад төвтэй, ирээдүйн тамирчдыг бэлтгэдэг энэхүү академийн багш, дасгалжуулагч нар Монголд анх удаа ирж, зуны сургалт хийхээр болсныг дуулгахад таатай байна. Тодруулбал, ирэх сарын 10-14-ний өдрүүдэд “Barca academy”-аас  дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, “Дэрэн” клбуийн болон орон нутгаас бүртгүүлсэн хүүхдүүдэд сургалт хийх нь ээ. Дэлхийн шилдэг академийг эх орондоо авчирснаар монгол хүүхдүүдийн ур чадвар нэмэгдэж, дэлхийн түвшний тоглогч болох эхлэл, суурь тавигдахаас гадна цаашлаад Монголын хөлбөмбөгийн хөгжлийг дэлхийд таниулах, монгол тамирчдыг сурталчлах, олон улсад гаргах гүүр болно гэдэгт сургалт зохион байгуулагчдын зүгээс итгэлтэй буйгаа онцолж байна. Тус академи нь хөлбөмбөгөөр дамжуулан хүмүүсийг сургах,  хүүхдүүдийг тамирчин болон бие хүн болгон төлөвшүүлэх зорилготой, цогц сургалтыг санал болгодог. Хамгийн чухал нь “Barca” арга зүйд суурилсан “FC Barcelona”-ийн албан ёсны академигэдгээрээ чанар болоод нэр хүнд нь яригддаг ажээ.Түүнчлэн тус академийг 16-18 насны охид, хөвгүүдэд зориулсан “FC Barcelona” клубийн дасгалжуулагчдын боловсруулсан тоглолтын загвар болох “Барса стил”-ийг дагаж мөрддөг, спортын сургууль гэж ойлгож болно. Тэдний олон улсад хэрэгжүүлж буй энэхүү загвар нь “Barca” брэндийг өргөжүүлэх, клубийнфилософи, үнэт зүйлсийг дэлхийн бусад улс орнуудад таниулах зорилготой юм.“Barca Academy”-ийн салбар бүр нь өөрийн өвөрмөц загвартай арга зүйд тулгуурладаг бөгөөд идэвхтэй, хамтын, бүтээлч тоглолтын хэв маягтай, хүндэтгэл, даруу байдал, хичээл зүтгэл, багийн ажиллагаа, хүсэл тэмүүлэл зэрэг үнэт зүйлст тулгуурлан ажилладаг билээ.

 

Messi-г бэлтгэсэн академи

 

“Barca Academy” нь жил бүр дэлхийн 40 гаруйорнуудаар явж, зуны сургалтыг зохион байгуулдаг бөгөөд “Дэрэн” клуб хоёр жил гаруй хугацаанд санал тавьж, хөөцөлдсөний эцэст ийнхүү ирэх сард манай улсад ирж, монгол хүүхдүүдтэй ажиллахаар болжээ. Энэ удаагийн сургалтад 80 гаруй хүүхэд бүртгүүлснээс 72 нь сургалтад хамрагдахаар болсон байна. Эдгээр хүүхдүүдийн дунд зөвхөн “Дэрэн” клубийн тамирчдаас гадна орон нутгийн хүүхдүүд ч байгаа юм. Тодруулбал, Орхон, Дорнод, Төв аймгаас хүүхдүүд бүртгүүлжээ. Сургалт өдөрт гурван цаг үргэлжлэх бөгөөд богино хугацаанд мэдлэг, ур чадвар түгээхээрээ давуу талтай гэж “Дэрэн” клубийн ерөнхийлөгч Г.Мөнхчулуун онцолж байлаа. “Дэрэн” нь 2008 онд байгуулагдсан Монголын анхны хүүхдийн хөлбөмбөгийн клуб юм. Тус клубд анх элссэн хүүхдүүдийн ихэнх нь өдгөө Монголын шигшээ багт тоглож байна.  16 жилийн түүхтэй тус клуб нь энэ хугацаанд олон өсвөрийн тамирчдыг бэлтгэснээс гадна улс болон олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцсоор ирсэн. Тус клубийнхэн энэ жил Төв аймагт бэлтгэлийн бааз барьж байгаа аж. Энэхүү бааз нь ашиглалтад орсноор хүүхдүүд зундаа төрөлжсөн бааздаа бэлтгэл хийж, зуслан, кемп маягаар ашиглаж, бэлтгэлдээ улам шамдах боломж бүрдэнэ гэж “Дэрэн” клубийн ерөнхийлөгч Г.Мөнхчулуун ярилаа.  “Barca Academy”-аар бэлтгэгдэж, дэлхийн хэмжээний тамирчин болсон оддоос монголчуудын хувьд Messi, Iniesta, Gavi зэрэг хөлбөмбөгчдийг сайн танина. Эдгээр тамирчид өдгөө дэлхийн хамгийн өндөр зэрэглэлээр цалинжихаас гадна “Barca”-ийн үнэт зүйлүүдийг дэлхийд таниулж, төрөлх академиа сурталчилж явна. Тиймээс монгол хүүхдүүд энэхүү сургалтыг авснаар дэлхийн өнцөг булан бүрд “Barca Academy”-ийн кемпэд суралцаж буй 40.000 гаруй хүүхэд шиг хүсэл мөрөөдлийнхөө төлөөх хамгийн анхны алхамаа хийх юм. Тус академийн сургалт зөвхөн тамирчин гэхээс илүү хувь хүний чадварт голлодог онцлогтой. Тиймээс ирээдүйд хөлбөмбөгчинболох чин хүсэлтэй, ур чадвар, авьяастай хүүхэд бүхэнд нээлттэй юм. Кэмпэд ажиллаж буй “Barca”-ийн бүх дасгалжуулагч акаэдемийн салшгүй гишүүд аж. Тэд эдгээр сургалтыг явуулахын тулд маш нарийн сонгогдож, өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг. Тэдний дээд түвшний ур чадвар, клубийн өвөрмөц хэв маяг нь залуучуудын хөгжилд олон улсын жишиг болох боломжийг олгодог ажээ.Академийн гол зорилго нь тоглогчдоо спортын болон хувийн хүрээнд сургах явдал. Тиймээс спортоор дамжуулан эв нэгдэл, багаар ажиллах, эрх тэгш байдал зэрэг үнэт зүйлсийг төлөвшүүлэхийн зэрэгцээ тэдний нийгэмшил, харилцааны ур чадварыг дээшлүүлэхийг зорьдог юм байна.

“Barca Academy”-ийн уриа нь “Тоглож байгаад хөгжье”. Тиймээс онолын хичээлээс илүү практик дээр тулгуурлах аж. Үүнээс гадна зөвхөн хүүхдүүд бус багш, дасгалжуулагч нарт зориулсан сургалт хийх юм. “Barca Academy”-ийн үнэт зүйл бол “Хүндлэл”, “Хүчин чармайлт”, “Хүсэл тэмүүлэл”, “Багийн ажиллагаа”, “Даруу байдал” юм. Академийн төгсөгчид яг л энэ үнэт зүйлийг ойлгож, тамирчныхаа замналд хэрэгжүүлж, насан туршдаа дагаж, мөрдөж явдаг ажээ. 

 

Академи хариуцсан хамгийн том көүч Монголд ирнэ

 

Академийн суралцагчид Messi, Iniesta, Gavi зэрэг дээд түвшний олон тоглогчдыг хөгжүүлж, үр дүнтэй нь батлагдсан Barca-ийн аргачлалын дагуу бэлтгэл сургуулилтаа хийдэг ажээ. Академийн онцлох зорилгын нэг нь тоглогчдоо спортын болон хувь хүний чадваруудад сургах. Үүний үр дүнд спортоор дамжуулан эв нэгдэл, багаар ажиллах, эрх тэгш байдал зэрэг үнэт зүйлсийг сурталчлах, нийгмийн болон харилцааны ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Дэлхийн 40 орчим оронд “Barca Academy”-ийн кемпүүд долоо хоногийн турш тамирчдын чадварыг сайжруулахад чиглэгддэг. Мөн ур чадварын түвшнээс үл хамааран бүх оролцогчдод техникийн, тактикийн болон бие бялдрын бүрэнболомжоо нээхэд нь туслахыг эрхэмлэдэг гэнэ. Академийн зүгээс хүүхдүүдийг өөрсдийн давуу талаа сайжруулахын төлөө ажиллаж, сул талаа олж илрүүлэх, арилгахад нь урамшуулан дэмждэг юм байна. Энэ удаагийн Монгол Улсад ирэх зуны сургалтын баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй гэдгийн бид дуулгасан. Тэгвэл тус багийг академи хариуцсан хамгийн том көүч нь хариуцаж ирэхээр болжээ. Сургагч багш нарын заримаас нь танилцуулахад Roger Serra Ortonobas. Тэрээр тус академийн хамгийн туршлагатай багш нарын нэг бөгөөд дэлхийн олон оронд очиж, ирээдүйн хөлбөмбөгчдийг бэлтгэжээ. Үүнээс онцолбол Хятад, Япон, Исланд зэрэг багийн көүчээр ажиллаж байсан байна. Харин Cristian Alejandro Toncheff Ferberovich көүчийн хувьд ихэвчлэн иог, финесс зэрэг бие бялдрын хөгжлийн хичээлүүдийг түлхүү заадаг онцлогтой аж. Ийнхүү дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр сургагч багш нар манай улсад ирж, монгол хүүхдүүдтэй ажиллахад хэдхэн хоног үлдлээ. 

Эх сурвалж: www.zms.mn