Т.САЙХАН

Нийслэлийн онцгой байдлын газраас өнөө, маргааш бороо үргэлжлэн орж үер бууж болзошгүйг анхаарууллаа. Тодруулбал, Улаанбаатарт өчигдөр /05.23/ 23:00 цагаас эхэлж орсон бороо өнөөдөр үд хүртэл, маргааш үргэлжлэн орж, зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорийн давхрын хамгаалалтыг бэхжүүлж аюулгүй байдлаа хангаж ажиллахыг анхааруулж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүүгийн хэлснээр, үер болсон жилийн дараа онд аюул давтагдах эрсдэлтэй.

Энэ жил олон байршилд сэргээн засах ажлуудыг хийж байгаа аж. Сүүлийн 50, 60 жилийн хугацаанд хуучин далангуудад урсгал засвар маш бага хийж байсан. Тиймээс энэ жилээс тус далангуудыг сэргээх ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, өнгөрсөн 1-3 дугаар сард мөс зөөх ажлыг хийсэн. Мөн үүнээс гадна үерийн эрсдэлтэй бүс дэх обьект, байгууламжуудыг нүүлгэн шилжүүлж, буулгажээ.

Үерээс сэргийлэх ажлын хүрээнд эхний ээлжид есөн тэрбум төгрөгийг тавьсан байна. Гэхдээ үерийн далан, шугам хоолой, инженерийн ажил, урсгал засварт их хэмжээний төсөв шаардлагатай байна. 

Эх сурвалж:www.polit.mn